📅

С.Зориг агснаар улстөр хийхээ хэзээ болих вэ?

🕔 2017/11/23 12:19

-20 орчим жилийн өмнө тэрхүү аймшигтай хэрэг гарахтай зэрэгцэн Монголын төр, хууль хүчнийхэн асуудалд бодитой, ул суурьтай хандаагүй нь өнөөдөр С.Зориг агсны нэрээр улстөржилт хийх эхлэлийг тавьсан-

Монголчууд бурхан болоочийн ясыг өндөлзүүлж, араас нь элдвийн яриа гаргахыг ихэд цээрлэдэг. Гэвч одоо цаг өөрчлөгдөж, уламжлал ёс гээгдэж, монгол хүний мөн чанарт сэв суужээ.

Үүний нэг жишээ нь, Санжаасүрэнгийн Зориг агсны үхлийн нууц улстөржилтийн хамгийн том бай болдог явдал. 20 орчим жилийн өмнө болсон тэрхүү аймшигт хэргийг мөрдөн, шалгах ажиллагааг хууль хүчнийхэн тун нууц байдлаар хийсээр өнөөг хүрснээ мэдэгдсэн. Хэргийг гардан үйлдсэн гэх гурван этгээдэд ч хуулийн хариуцлага оногдуулаад байгаа.

Гэсэн ч захиалагч хөшигний ард байсаар. Харин Ц.Нямдоржийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн хариулт тодорхойгүй ч С.Зоригийн аллагын хэргийн нууц бага багаар тайлагдаж байх шиг. Хамгийн гол нь энэ хэргийг хэзээ задалж, захиалагчийг нь ил гаргах нь саяхныг болтол тодорхойгүй байсан ч улстөрчдийн хэрүүлээс олон нийт зах зухыг нь гадарлаад эхэллээ.

Тухайлбал, хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д суух Элчин сайдад нэр нь дэвшигдээд буй Б.Хурцтай холбогдуулан уг хэргийг сөхсөн ба тэрбээр "С.Зоригийн аллагатай холбоотой хэргийн захиалагч хоёр долоо хоногийн дараа ил болно. Энэ хэргийг мөрдөн шалгасан байгууллага, мөрдөн байцаагч нь ТЕГ-ынхан байсан. Энэ хэргийг ил болтол Элчин сайдаар томилохыг хойшлуулах саналтай байна” гэсэн юм.

Чухам эндээс л ар араасаа урган гарч ирж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ж.Батзандан маш ноцтой зүйл ярьж байна. Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол захиалагчийг зарлах хугацааг мэдэж байгаа юм байна. Зарлах хугацааг нь мэдэж байгаа юм чинь илүү нарийн ширийн зүйл мэдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хуралдааныг хаалттай явуулах горимын санал байна” гэлээ.

Ингээд хаа байсан Элчин сайд томилох тухай асуудал С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг рүү яаж ийгээд л яваад орчхож байгаа юм. Тэгэхээр улстөрчдийн хувьд олны анхаарлыг өөртөө чиглүүлэх, эсвэл асуудлыг мушгин төөрөгдүүлэхийн тулд л бурхан болоочийн нэрийг байн байн зарлаж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэлт тараах маягтай боллоо.

Хэн нь ч, хэзээ ч хамаагүй дургүйг нь хүргэсэн хүнийг шуудхан л "Энэ нөхөр С.Зоригийн хэрэгтэй хамаатай. Баримт нь бий" гэчихэд л болоод явчхаж байгаа юм. Түүнчлэн Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг яг таг мэднэ хэмээсээр өнөөг хүрсэн. УИХ-ын чуулган бүрээр, сонгууль болгоноор л энэ талаар ярьдаг. Эхэндээ олон нийт түүний яриаг хүлээдэг байсан ч сүүлдээ улиг болсон уу, энэ ингэж л байдаг гэсхийгээд өнгөрдөг болжээ.

Тэрбээр "Цаг нь болоогүй ээ” л гэдэг. Хэрвээ тийм л нууц юм бол ингэж байсхийгээд л нийтэд мэдээлэл хийж, санаа сэдэл өгөөд байгаа нь улстөрийн тоглолт гэхээс өөрөөр харагдахгүй байгаа тухайг ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж байв. Одоо бүр энэ асуудалд хутгалдаагүй улстөрч үлдсэнгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүртэл энэ хэргийг нууц материалуудтай танилцана гэчихсэн явж байсан. Мөн Ц.Оюунгэрэл, До.Ганболд гээд нэрсийг дурдвал нэлээн урт жагсаалт гарах байх.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын тухайд бүр ч ярилтгүй биз ээ. Энэ хоёрын бусдаасаа ялгаатай ч талийгаачийн нэрээр улстөржилт хийсэнгүй, харин хэрэгт шууд утгаар холбогдон сэжиглэгддэг. Зарим хүн дээрх хоёр эрхмийн нэрийг цохон тэмдэглэж байгаад энэ талаар ярьдаг гэхээр анхаарал татах нь ойлгомжтой.

Шуудхан өгүүлэхэд, 20 орчим жилийн өмнө тэрхүү аймшигтай хэрэг гарахтай зэрэгцэн Монголын төр, хууль хүчнийхэн асуудалд бодитой, ул суурьтай хандаагүй нь өнөөдөр С.Зориг агсны нэрээр улстөржилт хийх эхлэлийг тавьсан. Тодруулбал, С.Зоригийг амиа алдсаны маргаашаас л улстөрчид асуудлыг өөрсдөөсөө зайлуулах, хардлагыг тээх сонирхолгүй гэдгээ илэрхийлцгээж, сэжигтэй санагдсан бүхэн рүүгээ нээлттэй дайрч, гүтгэж, нэр холбосон ба үүнээс болж 1998 оноос өнөөг хүртэл энэ хэргийг гэмт хэргийн талаас нь бус улстөрийн өнцгөөс л харсан байх юм.

Ингээд л одоо талийгаач С.Зоригийн нэр эсрэг талаа гүтгэх, асуудалд хутгах улстөрийн шоу хийх том сэдэл, сэдэв болчихсон хэрэг. Өөрөөр хэлбэл, хэрэг ийм их ээдрээнд орооцолдож, илрэлгүй удсан, алуурчдыг нь барьж ялласан ч нийгэм үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн бурууг улстөрчид үүрэх ёстой.

Талийгаачийн ар гэрийнхэн улстөрийн агуулга бүхий энэхүү муухан тавилттай жүжигт итгэхгүй гэдгээ илэрхийлсэн. С.Зоригийг алсан хэмээн буруутгагдсан этгээдүүдийг шүүх хурлын үеэр талийгаачийн ар гэрийнхэн оролцоогүй. Олон нийт түүний дүү С.Оюуныг шүүх хуралдаанд оролцоно гэж хүлээж байсан. Гэвч тэр ирээгүй. "Шүүх хуралдааныг нээлттэй явуулаагүй учраас очоогүй" гэдэг тайлбарыг тэр хийсэн. Өөрөөр хэлбэл энэ шүүх хуралдаан, гэрчүүд, баримт нотолгоо, мэдүүлэг гээд бүгдэд нь эргэлзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Уг нь С.Зоригийн төрсөн ах, дүү хоёр Монголын улстөрд нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүс.Тэдэнд талийгаачийн нэрээр улстөр хийх боломж маш их байгаа. Гэсэн ч чимээгүй байсаар өнөөг хүрсэн. Ийм байхад бусад улстөрчийн зүгээс гаргаж буй С.Зоригтой холбоотой үг, үйлдлийг шоу, анхаарал татах хүсэл гэхээс өөр гэх вэ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?