Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ
-Армийн хошууч генерал О.Үржин хаус авчих санаатай давхиж явсан юмсанж-
2007 онд Ж.Цэрэндагва гэдэг нөхөр Зайсангийн аманд 3,3 га газар болоод авчээ. Яахав дээ тухайн үеийн Байгаль орчны сайдын зөвлөх ах Ж.Хатанбаатар нь дүүгийнхээ нэр 3,3 га газраа шилжүүлэхгүй юу. Ихэнх сайд дарга нар энд тэндээс авсан газрын гэрчилгээ, эд хөрөнгөө жолооч, туслах, хамаатан садныхаа нэр дээр байлгадаг байлаа шүү дээ. Зайсанд үнэ хүрэх газартай гэнэн нөхөр байгааг зартай луйварчин Ч.Бээжинхүү гэгч мэдсэн байгаа юм.
Ч.Бээжинхүү гэж хэн бэ гэж үү. Ерөнхийдөө бол Солонгос, Японы виз асуудалгүй, шонхор барих зөвшөөрөл олж өгч чадна, Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулчихна, гол нь мөнгө шүү гэдэг нөхдийн нэг. Арай Монгол Улсын Ерөнхийлөгч болгоно гэдэггүй байх. УИХ-ын гишүүний найз, одон медаль авч өгнө гэж бусдыг залилж явсан эмэгтэй. Залилангийн асуудлаар цагдаагийн газраар ороод гарсан эмэгтэй Тэр эмэгтэй Ж.Цэрэндагватай уулзаад "Ийм газрыг зүгээр хараад сууж болохгүй. Эдийн засгийн эргэлтэнд оруулья. Би танд 50 сая төгрөг өгье. Итгэмжлэх бичээд өгчих” гэжээ.
Газрын талаар тийм сайн ойлголтгүй байсан уу, асуудал орно гэж айсан уу Ж.Цэрэндагва арван сая төгрөгөөр итгэмжлэх хийгээд өгчээ. Байгаль орчны сайдууд Зайсангийн газраас мөнгө хийдэг, бас асуудал дагуулдаг үе л дээ. Ингээд итгэмжлэхтэй болсон Ч.Бээжинхүү хэд хэдэн бизнесменд өнөөх газраа үзүүлсэн байдаг. Бизнес хийе, бүтээн байгуулалт өрнүүлье гэсэн хүнд бол авах хүсэл төрөхөөр газар.
Ингээд Б.Лхагвасүрэн гэдэг хүнд 400 мянган ам.доллараар зарахаар болж гэрээнд гарын үсэг зуржээ. Тав арван сая төгрөгөөр одон медаль зарна гэж явсан Ч.Бээжинхүү гэнэт тэрбумтан болчих нь тэр. Арай гэж авсан арван саяын итгэмжлэх ийм хэмжээний мөнгө болно гэж хэн санах вэ дээ. Мэдээж мөнгөтэй болсон Ч.Бээжинхүү "Ланд криузер” машин хоёрын зэргийг авч ихэд тансагласан юм байх.
Б.Лхагвасүрэн "Газрын гэрчилгээгээ миний хүү Золбоогийн "Далайн Омбо” компани руу шилжүүлчих” гэтэл алга болжээ. Хэсэг хугацааны дараа Ховд аймгийн Дарви сумын харьяат , хошууч генерал О.Үржин давхин иржээ. Тэрээр "Миний дүү Ч.Бээжинхүү чамд 400 мянган ам.доллараар газар зарсан байна. Буцаагаад өгчих” гэжээ. Армийн хошууч генерал О.Үржин яахав "Эр хүн олзонд, эрвээхэй зуланд” гэдэгчлэн давхиж явсан юмсанж.
Ч.Бээжинхүү "Миний газрын аваад өгвөл танд хаус, найз Батдоржид чинь 20 мянган ам.доллар өгье” гэж л дээ. "Олз гэдэг чинь өлгийтэй байхад ороод ирэх юм” гэдэг шиг зальтай луйварчны арга хэрэгсэл болон яваагаа ч мэдээгүй бололтой. Б.Лхагвасүрэн "Газраа буцааж авч болно. Гурван сарын хугацаанд миний 400 мянган ам.долларыг өгөөд орхи” гэсэн зүй ёсны шаардлага тавьжээ. Армийн хошууч генерал О.Үржин тэргүүтэй нөхдүүд "Мөнгө төгрөгийг нь олж өгөх” гэсэн утга бүхий гэрээ байгуулаад салцгаасан байна.
Энэ хооронд Ч.Бээжинхүү зүгээр суусангүй. Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны ТХНУГ-ын дарга А.Намхай гэдэг нөхрөөр ахин нэг газрын гэрчилгээ өөрийн "Ихэрнева” компанийн нэр дээр хийлгээд авчээ. Та бүхэн анзаарсан бол У.Барсболд, Г.Шийлэгдамба нарын Зайсан дахь газрын наймааны мөрөөр орох болгонд А.Намхай гэдэг хүний нэр дуулддаг билээ. Ингээд шинэ гэрчилгээтэй болсон Ч.Бээжинхүү Б.Пүрэвтогтох гэдэг нөхөрт 0,5 га газрыг нь 100 мянган ам.доллараар үнэлээд 50 мянган ам.долларыг нь аваад идчихжээ.
Өөр хүн байсан бол Б.Лхагвасүрэнгийнхээ 400 мянган ам.долларын нэгээхэн хэсгийг ч болов төлөх байжээ.Б.Пүрэвтогтох гэдэг нөхөр газраа авна гээд хүрээд ирэнгүүт Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүг дуудан "Хууль зөрчин давхар гэрчилгээ гаргасан А.Намхайтай чинь цуг цагдаад өгнө” гэсэн байгаа юм. Мэдээж нэг газрыг хоёр хүнд зарж болохгүй биз дээ. Ингээд Ч.Бээжинхүүг цагдаад өгч орхитол түүний нөхөр Эрдэнэдалай хүрч иржээ.
Тэрээр "Та цагдаад өгсөн өргөдлөө татчих. Таны газрыг мөнгийг буцаан олгох ч юм уу, хамтран ажиллах бололцоо байна” гэжээ. Ингээд шинэ тохироонд хүрч Б.Лхагвасүрэн "Ихэрнева” компанийн 60 хувь, А.Намхайг найрч авсан газрын хууль бус гэрчилгээ авсан байна. Эндээс эхлэн дахиад шинэ зовлон үүссэн гэхэд болно. 0,5 га газар авна гээд 50 мянган ам.долларын урьдчилгаа өгсөн Б.Пүрэвтогтох зүгээр суусангүй. Нөгөө луйварчин Ч.Бээжинхүүг цагдаад сэргийлэхэд өгнө гээд дайрлаа. Хэлсэн ёсоороо цагдаад өгч Ч.Бээжинхүүг чихдэх дээрээ тулсан юм билээ.
Нэг бодлын хамтран зүтгэгч болчихсон Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн 89-66 УБӨ улсын дугаартай Ландкриузер маркийн машиныг барьцаанд авч 53 мянган ам.доллар Б.Пүрэвтогтоход өгчээ. Б.Пүрэвтогтох 3000 мянган ам.доллараар хашаа хатгасан юм билээ. Хэсэг хугацааны дараа Ч.Бээжинхүү "Унаа тэрэггүй, явган нүцгэн болохоор ажил бүтэхгүй байна” гэсээр машинаа буцаан авч унав. Дахиад нэг ирэхдээ "Нийслэлийн газрын албатай гэрээ хийе гэтэл 5,0 сая төгрөг нэхээд байна. Яах уу” гэжээ.
Монгол Улсад мөнгө төгрөг, авлигалгүйгээр ажил явдаггүй мэдэх учир таван сая төгрөг өгөөд явуулчихжээ. Газрын гэрээ ч байдаггүй, төд удалгүй шуугин ирэхдээ "Нийслэлийн төлөвлөгөөний газарт эскиз зураг батлуулья гэтэл 4,5 сая төгрөг нэхлээ” гэжээ. Бас л өгөөд явуулж. Хожим нь шалгаад үзэхнээ нэр бүхий газрын албаны албан хаагчдын нэр барин худлаа хэлэн Б.Лхагвасүрэнгээс мөнгө салгаж байжээ.
Хэлцэл ёсоор Ч.Бээжинхүүгийн "Ихэрнева” компани газрын холбогдолтой бүх бичиг баримтаа Л.Золбоогийн "Далайн Омбо” руу шилжүүлэх ёстой байв. Гэтэл Ч.Бээжинхүү зугтаагаад олдсонгүй. Нэг хоёр сар биш дөрвөн жил гээч. Б.Лхагвасүрэн гадны хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл хийж дуусаад Байгаль орчны Ногоон хөгжлийн яаманд хандлаа. "Би 400 мянган ам.доллараар худалдаж авсан газар дээрээ барилга барих гэсэн юм. Гэтэл бичиг баримт шилжүүлэх ёстой Ч.Бээжинхүү олдохгүй” байна гэж үнэн учраа хэлжээ.
Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам бичиг баримт, хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг үзээд "Шинээр газрын гэрчилгээ авчих” гэсэн байна. Ингээд газрын гэрчилгээ авч хөрөнгө бүтээн байгуулал эхэлжээ. 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж улс орны эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулсан хэмээн тун додигор байцгаасан байна. Барилга байшингийн эхний ээлж дуусч найман орон сууц ашиглалтанд орох гэж байтал Ч.Бээжинхүү сүнс сүүдэр гэнэт гараад иржээ.
Ерөнхийдөө сүнс сүүдэр этгээд л дээ. Тэрээр алга болсон дөрвөн жилд зүгээр суусангүй. Яг л ангаа хүлээсэн араатан шиг Б.Лхагвасүрэнг газрын гэрчилгээ гаргуултал, хөрөнгө оруулалтаа олтол, барилгаа барьж дуустал тэвчээртэй хүлээсэн байгаа юм. Тэр улам туршлагажиж Зайсан дахь барилгыг өөрийн хэмээн хууль хяналтынханд итгүүлж чадсан байв. Тэгээд эхний алхам болгож Байгалт орчин, Ногоон хөгжлийн яамыг шүүхэд өгчээ.
Тэгээд зогсохгүй Б.Лхагвасүрэнг цагдаад өгч хилийн хорио тогтоолгов. Үүгээр зогссонгүй хөрөнгө оруулагч нарын талаар элдэв матаас бичиж "Иргэний харьяатын газраас” элдүүлэн айлгаж ичээлээ. Хөрөнгө оруулагч нар намрын шувууд дэрхийн арилаад өгчээ. "Тунгалаг тамир” кино дээр Цахиур Төмөр "Морьтой хүнтэй хэлцэл хийснээс явган хүн үгэнд орох нь дээр болов уу” гэдэгчлэн Ч.Бээжинхүүгийн төгс луйвар бэлэн болжээ. Тэрээр хууль хяналтыг бүрэн атгандаа оруулчихоод давхин ирэхдээ "Лхагвасүрэн чи надтай аятайхан ярьвал ярь. Үгүй бол юу үгүй хоцорно гэж мэдээрэй. Найман байрныхаа хоёрыг надад өг” гэх нь тэр.
Үргэлжлэл бий.
Эх сур: "Ноцтой мэдээ" сонин