📅

Хятадад нүүрсний эрэлт өсөөгүй бол манай төсвийн орлого нэмэгдэхгүй

🕔 2017/10/13 11:57

-Маш олон гадаад шалтгааны улмаас Монгол Улсад нүүрс нийлүүлэлтийн томоохон боломж гарч ирж байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машины тэвшээр шийддэг тул асуудал бий. Тиймээс Хятад улсын дотоодын эрэлт түр өгссөн ахар хугацаанд бид боломжоо байдаг чадлаараа ашиглах ёстой гэсэн үг. Хятадын энэ байдал хэр удаан үргэлжлэх тухай шинжээч нарын дүгнэлтийг харьцуулахад, 2017 оныг дуустал гэсэн таамаг хамгийн үнэнд ойрхон ажээ-

Олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханш сэргэх хандлагатай болов. Ялангуяа Монголын төсвийн орлогыг бүрдүүлдэг нүүрс, зэсийн үнэ хурдацтай өсөж байгаа . Өөрөөр хэлбэл, манай улстөрийн нөхцөл байдал тогтвортой байж чадвал туйлын аятайхан боломжууд бидэнд үүд хаалгаа нээж байна гэсэн үг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан статистик мэдээнд үнийн өсөлтийг дараах байдлаар харуулжээ. 

Үүнд, 2017 оны есдүгээр сарын байдлаар олон улс дахь коксжих боловсруулаагүй нүүрс тонн тутамдаа 80-115 ам.доллараар үнэлэгдэж байж. Тэгвэл үүнээс сарын өмнө 77-106 ам.доллар байжээ. Коксжих нүүрсийг дотор нь хэд хэдэн байдлаар үнэлж буй нь коксжих чанартай холбоотой үзүүлэлт юм . Харин манай улс дээр дурдсан хугацаанд нийт 31.7 сая тонн нүүрс олборлож, 23.4 сая тонн нүүрсийг экспортолсон байна. Эндээс олсон орлого 1.5 тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж байгаа. Гэхдээ энэ нь дан коксжих нүүрсний хэмжээ биш. Үүнд коксжих, хүрэн, антрацит багтаж байгаа аж.

Харин үүнийг жилийн өмнөхтэй харьцуулан дүгнэхэд бараг тэрбум ам.доллараар илүү орлого олсон гэх тооцоо гарсан. Олборлолтын хэмжээ бол бараг 173 хувиар өссөн. Ингээд харахад энэ оны төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэний үндсэн шалтгаан нь олон улс дахь түүхий эдийн ханшийн эерэг үзүүлэлт гэж ойлгож болно. 

Тэгэхээр бид юу юугүй өөрсдөдөө бардах нь зохимжгүй. Чухам энэ эерэг дүн хаанаас гарав гэдэг нь ч тодорхой шалтгаантай. Нэгдүгээрт, яг одоо Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын хориг ид хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ тэднийхээс нүүрс авахаа бүрэн зогсоосон.

Гэтэл умардууд Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгч. Нийлүүлэлтийнх нь хэмжээг манайхтай харьцуулшгүй том. Тийм учраас түр ч болов хугацаанд Хятадад нүүрсний эрэлт өссөн нь манайд ийн нөлөөлөхөөр байгаа. 

Хоёрдугаарт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр Өвөр Монгол дахь нүүрсний хоёр том уурхайг хаасан. Эдгээр нь тус улсын хамгийн том олборлогчдын тоонд ордог байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын төрийн өмчийн "Шинхуа Энержи” групп Өвөр Монгол дахь Ha‘erwusu болон Baorixile-ийн уурхайнуудыг хаасан. Гэхдээ л нөөцийн хувьд манай Тавантолгойг хэд нугалахаар энэ хоёр орд 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл 3.6 тэрбум ам.долларын ашиг өгчээ. Гэхдээ тус бүсийн байгаль орчин, экологийн байдлыг тэнцвэржүүлэх үүднээс Төрийн зөвлөлөөс уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан нь бидний хувьд баярлууштай мэдээ.

Гуравдугаарт, Хятадын Засгийн газраас уул уурхайн салбар дахь бүхий л олборлолт, үйлдвэрлэлийн ажлын хоногийг эрс багасгасан. Үүнийгээ мөн л экологитой холбон тайлбарлаж байгаа ч эдийн засгийн зохицуулалт ч гэж харах шинжээч нар байгаа. Тус улсад уурхайн ажлын хоногийг 310-276 болсон. Мэдээж үүнийг дагаад олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан.

Нөгөөтээгүүр, Хятад руу нүүрс нийлүүлдэг улсууд ч олборлолтоо хумьж байгаа нь үүнд нөлөө үзүүлсэн. Тухайлбал, Энэтхэгийн худалдааны яамнаас мэдээлсэн статистикийн мэдээгээр, өнгөрсөн жилүүдэд Энэтхэгийн нүүрсний хэрэглээ тасралтгүй их хэмжээгээр нэмэгдэж байв. Энэтхэгийн дотоодын нүүрсний олборлолт ч мөн нэмэгдэж, тухайн санхүүгийн жилд 657 сая тонн болж, өнгөрсөн жилээс 2.9 хувиар өссөн. Гэхдээ тус улсад дотоодын хэрэглээ мөн эрчимтэй өсөж байгаа учраас экспортоо бууруулсан. Мэдээж энэ улс гигант хэмжээний нийлүүлэгч биш хэдий ч Хятадын дотоодод эрэлт бий болоход бага ч болов хувь нэмэр оруулжээ.

Америкийн эрчим хүчний мэдээллийн газраас гаргасан тус улсын тавдугаар сарын нүүрсний олборлолт 50 сая шорт тонн болж, 10 хувиар нэмэгдсэн ч, өнгөрсөн жилийн мөн үеэс 28 хувиар буурсан байна. 2016 онд жилийн нийт нүүрсний олборлолтын хэмжээ 155 сая шорт тонноор буюу 17 хувиар буурна гэж таамаглаж байна. Энэ нь 1949 оноос хойших тоо хэмжээний хувьд ч, эзлэх хувь хэмжээний хувьд ч хамгийн их бууралт юм байна.

Энэ мэтчилэн маш олон гадаад шалтгааны улмаас Монгол Улсад нүүрс нийлүүлэлтийн томоохон боломж гарч ирж байгаа. Гэхдээ нийлүүлэлтээ дан шороон замаар, ачааны машины тэвшээр шийддэг тул асуудал бий.

Тиймээс Хятад улсын дотоодын эрэлт түр өгссөн ахар хугацаанд бид боломжоо байдаг чадлаараа ашиглах ёстой гэсэн үг. Хятадын энэ байдал хэр удаан үргэлжлэх тухай шинжээч нарын дүгнэлтийг харьцуулахад, 2017 оныг дуустал гэсэн таамаг хамгийн үнэнд ойрхон ажээ.

Тухайлбал, коксжих нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Австралийн "BHP Billiton” тэргүүтэй томчуул Хятадын энэ байдалд тун тайвнаар хандаж байна. Учир нь тэд түрүү жилийн 80 ам.долларын таамгаа огт хөдөлгөөгүй.

Уг нь Хятадад эрэлт өсөхөд тэд юун түрүүнд хөдлөх учиртай ч энэ нөхцөлд ухаалаг, бодолтой хандахыг эрх баригчид нь илүүд үзэж байгаа. Нөгөөтээгүүр дээр дурдсан олон шалтгаанаас гадна БНХАУ-ын коксжих нүүрсний гол ордууд байрладаг Шаньси муж байгалийн гамшигт өртөж, үерт автсан. Энэ үеэр нүүрсний том агуулахууд ч усанд автсан бөгөөд үүнийг эрэлт нэмэгдэх шалтгааны нэг гэж үзэж болно. Тиймээс Хятадын дотоодын асуудал цаг зуурынх байх өндөр магадлалтай байх нь.

Харин манай төр засаг энэ зурвас хугацааг алт болгож чадах, эсэх нь анхаарал татаж байна.

Хятадад нүүрсний эрэлт өсөөгүй бол манай төсвийн орлого нэмэгдэхгүй Arslan.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?