📅

Тэмцэл, шунал хоёрын аль нь болохыг тэд өөрсдөө нотолно

🕔 2017/09/11 09:22

Тэмцэл, шунал хоёрын аль нь болохыг тэд өөрсдөө нотолно

 

Эхэндээ тэднийг инээдэм, ханиадам болгож байв.

Аргагүй л дээ, Ерөнхий сайдыг огцруулна гэж гарын үсэг зурсан 31 гишүүний дийлэнх нь анх удаа УИХ-д сонгогдсон. Дээрээс нь залуус голдуу байв.

Гэвч явсаар, Ц.Нямдорж нар галын дэмжлэг үзүүлж, улмаар ээлжит бус чуулган хуралдсан. Ингээд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж дөнгөлөө.

Үнэнийг хэлэхэд энэ 30 гаруй гишүүн амаргүй давааг давж энд хүрсэн байх. Тэд Засгийн газрыг огцруулах гэж Засгийн газар нь бүрэн бүтэн үлдэх гэж Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш л дайтсан.

Нэр бүхий 30 гишүүн 2017 оны наймдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг өргөн барьсан. УИХ-ын дарга М.Энхболд өмнөх орой нь хаа нэг тийшээ биеэ эмчлүүлэх гээд нисчихсэн байв. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гишүүдийн саналыг хүлээн авсан.

УИХ-ын дарга дараа нь Монголдоо ирж 30-нд Ээлжит бус чуулганыг зарлах тухай захирамж гаргасан байдаг. Уг захирамжаар ээлжит бус чуулган энэ сарын 7-нд дуусах байв.

Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж "...Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргачихаад байв.

6-ны өглөө ээлжит бус чуулган эхлэхэд Ж.Эрдэнэбатыг огцруу­лах эсэх тухай бус У.Хүрэлсүхийг тагнасан чаг­на­сан асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан.

Ээжлит бус чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд нээж, араас нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал гаргаж, үүнийг нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах шалгаан болгосон. Эцэст нь УИХ-ын дарга М.Энхболд намынхаа бүлэгт завсарлага өгч, алх тогшчихоод гарч одсон юм.

Ерөнхий сайдын санаачилсаны дагуу Тусгай хяналтын дэд хороо энэ өдөржин хуралдсан. Хаалттай хуралдаанд нэр бүхий сайд нар орсон байдаг. Энэ хурлаар маш ширүүн, олон ноцтой зүйлийг ярьсан гэж байгаа.

УИХ-ын дарга үдшийн 21:00 цагийн орчимд ээлжит бус чуулганыг маргааш хуралдуулъя гэдэг шийдвэрээ гаргав. Энэ шийдвэр түүний хувьд маш хүнд байжээ. Аргагүй л хүчинд автаж гаргасан гэдэг. Хэрэв ээлжит бус чуулганыг зарлахгүйгээр 7-ныг өнгөрөөчихвөл өөрийнх нь асуудал өргөн баригдаж магадгүй нөхцөл байдал үүссэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн зөрчил үүсч УИХ-ын даргыг огцруулах нөхцөл бий болох байсан.

УИХ дахь АН-ын бүлэг ч энэ өдөр ийм анхааруулгыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.

Ингээд 7-ны өдөр боллоо. Ээлжит бус чуулган хоёр цагаар хоцорч эхлээд дундаа нэг завсарлага авч хуралдсаар үдэш оройхон шийдвэрээ гаргасан юм. Иймэрхүү хүнд нөхцөлд Засгийн газрыг огцруулах ээлжит бус чуулган өндөрлөсөн.

Харин энэ хоёр өдөр, түүнээс өмнөх сүүлийн хэдэн хоногт гарын үсэг зурсан гишүүд мөн ч сайн балбуулсан даа.

Сайд нар тэдэнтэй нэгбүрчлэн тулж ажиллав. Татгалзахын аргагүй саналыг тавьж, эсвэл ямар нэг нээнтэг олсноороо дарамталсан тохиолдлууд ч хэд хэд гарсан байдаг.

Болохгүй бол цахим сүлжээгээр "...Больё” гэтэл шүүмжилнэ.

Гэсэн ч гарын үсэг зурсан гишүүдээс нэг нь ч шийдвэрээсээ буцаагүй. Үүнийх нь төлөө тэдэнд баяр хүргэх ёстой юм.

Гэхдээ асуудал ингээд дуусахгүй.

Засгийн газрыг огц­руул­сан нь ердөө л эхлэл гэдгийг хашир хүмүүс шуудхан хэлээд байгаа. Одоо дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. Хэвлэлүүдийн мэдээний шинэ сайд нарын талаарх таамаг нэрсийн дий­лэн­хийг гарын үсэг зурсан гишүүд эзэлж байна.

Угтаа гарын үсэг зурсан гишүүд дараагийн Засгийн газарт орох нь зохимжгүй юм. Ингэвэл тэдний тэмцэл утгаа алдана. Ээлжит бус чуулганаас өмнө PR-даж байснаар "...Хоёрдугаар ээлж хоолондоо орсон” нь батлагдана. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг. Тэдний дунд намтраа зузаалж сайд болчих сонирхолтой гишүүд байж л таарна.

Гэхдээ яалт ч үгүй салбараа аваад явчих хэдэн хүн энэ 30 гаруй гишүүний дунд байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдоржийг, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг нарыг сонгож ажиллуулах юм бол дараагийн Засгийн газар чансаатай л харагдана. Түүнээс бус бүгдээрээ засаг руу чихээд эхэлбэл тэмцэл бус шунал байжээ гэж харагдана.

Ээлжит бус чуулган тараад л гишүүд энд тэнд албан бусаар уулзалдаж, бас бус шивнээ хийцгээж байгаа. Харин өнөөдрөөс л албан ёсны хурал хуйны сураг дуулдаж эхэлнэ. Засгийн газрыг ямар янзаар байгуулах вэ. Бага хурал хэзээ болох вэ гээд олон асуудал байгаа. Мэдээж, энэ мэтэд гарын үсэг зурсан гишүүд оролцож таарна. Гэхдээ өмнө нь тэднийг албан тушаалын төлөөх тэмцэл байгаа шүү гээд сурталчилж байсныг мартах учиргүй юм.

Тиймээс эрх мэдлийн төлөөх шунал, хүсэл биш Монголын улс төрд олон жил бугшсан ХАР ХҮЧ буюу МАНАН бүлэглэлийн эсрэг юм гэдгийг эрхэм гишүүд өөрсдөө нотлох хэрэгтэй болж байгаа юм.

Одоо МАН дараагийн Засгийн газрыг бүрдүү­лэхээс гадна Бага хурал, Их хурлаа хийнэ. Энэ нь дээрх гишүүдийн өмнөх айхтар том даваанууд болж байгаа юм. Угтаа энэ бол маш том сорилт. Саяын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын дарга М.Энхболд нар Засгийн газрын асуудлыг УИХ-аар бус МАН-ынхаа хурлуудаар шийдүүлэх сонирхолтой байсан. Тэгэхээр тэд Бага хурлаас илүү дэмжлэг авна гэж тооцоолоод байгаа бололтой юм. Магадгүй, өөрсдийнх нь бүрдүүлсэн Бага хурал учраас ингэж итгэж байгаа биз. Харин одоо нөхцөл байдал өдөр, цагаар өөрчлөгдөж байна. Дээрээс нь Засгийн газрыг огцруулсан гишүүд дараагийн засгийг байгуулахдаа хүндээ хөнгөнөөс өгч хуйгаар сайд болчихгүй л бол ХАР ХҮЧ буюу МАНАН бүлэглэлийг МАН-аас зайлуулж дөнгөхөөр эхлэлийг тавьсан нь харагдаад байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Дамдин-Очир

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?