📅

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-тай хийх “дайнаа” Элчин сайдуудаар эхлүүлэв үү

🕔 2017/07/22 15:42

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-тай хийх “дайнаа” Элчин сайдуудаар эхлүүлэв үү

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх болгоомжлол өдгөө биелэлээ олж, улс төрийн тавцан дахь цусгүй тулаан эхэлснийг дуулиантайгаар мэдэгдчихлээ. Сонгуулийн үеэр М.Энхболдыг дэмжигсэд нэгэн зүйлийн талаар дуу нэгтэй дуугарч байсан нь эв нэгдэл байв. Өнгөрсөн 20 жилийн турш бие, биетэйгээ тэрсэлдэж буйг харж залхсан ард түмэн ядаж ирэх дөрвөн жил дэм дэмэндээ, дээс  эрчиндээ хүрч ажиллахыг харахыг хүссэн. Тиймдээ ч М.Энхболдыг дэмжиж, Ерөнхийлөгчөөр ажиллах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Хэрэв Х.Баттулгыг сонговол УИХ, ЗГ-тай "дайтсаар” бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болно гэцгээж байв. Үнэндээ ч тэдний болгоомжлол өнөөдөр биелэлээ олж байгааг харагсад "Өс хонзонгийн дайралт” гэх нэршилийг хүртэл хайрлажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.  Уг албан бичигт  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг хөндсөн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх  төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий.  Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм.  Өнөөдөр УИХ-д асуудлыг хүргүүлсэн байгаа. УИХ-аас шийдвэр гарвал шууд эргүүлэн татна" гэх тайлбарыг ч зүүхээ мартаагүй. 

Харин Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу өчигдөр илгээв.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан. Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын дарга З.Энхболд нарыг хууль зөрчиж буйг дуулгаад ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг нөхөрсөгөөр хүсэв. Хамгийн сонирхолтой нь хуулийг өөрийнхөө тайлбарлах гэдэг хуулийнхны зовлон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхныг тойрсонгүй бололтой. Элчин сайдуудыг эргүүлэн дуудах талаар шинэ хуучин Ерөнхийлөгчийн "шадрууд” өөрөөр тайлбарласан нь асуудлыг улам ч ээдрээтэй болгох мэт.   

Л.Пүрэвсүрэн: Ерөнхийлөгч бие даагаад УИХ-д оруулах биш, Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг зүйл Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай хуульд бий

Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн энэ талаар тайлбар хийж байжээ. Тэрбээр "Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай хууль зэрэгт сүүлд оруулсан өөрчлөлтөөр Элчин сайд нарыг Ерөнхийлөгч томилохоос гадна УИХ-тай зөвшилцөж томилно гэсэн зүйл орсон. Зөвшилцөж томилно гэдэг нь Ерөнхийлөгч Элчин сайдаар томилуулах саналтай хүнийхээ нэрийг УИХ-д оруулаад тэндээс дэмжлэг авсан тохиолдолд томилдог. Дэмжлэг аваагүй бол томилж болдоггүй. Нөгөө талаас зөвхөн Ерөнхийлөгч бие даагаад УИХ-д оруулах биш, Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг зүйл Ерөнхийлөгч, Засгийн газрын тухай хуульд бий. Тиймээс  Элчинг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүгд оролцож томилж байгаа гэж үзэж болно” гэсэн байх юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн бодлого хуулиар биш хуулийн хэрхэн тайлбарлахаас шалтгаалах бололтой.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлаа оффшор данс, хариуцлагаас эхэлнэ хэмээн ам гарсан. Түүнийхээ дагуу С.Баяр тэргүүтэй алдартангуудыг шүүхээр эх оронд нь дуудах ажил цаашид хэрхэн үргэлжлэх нь ирэх намрын улс төрийн сэдэв байх биз.

24tsag.mn Б.Өрнөх

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?