Фото: Гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжийг аялал жуулчлалын жишиг гудамж болгоно
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас Баянгол дүүргийн 16-р хороо Гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжны айлуудын суурин дээр "Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа болон оршин суугчид, иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Монгол улс түүх соёлын арвин баялаг уламжлалтай хэдий ч тэдгээрийг харуулсан цогцолбор бүтээн байгуулалт өнөө үед хангалттай биш байна. Ийм учраас хотын захиргааны зүгээс Гандангийн дэнжийг аялал жуулчлалын салбараар дамжуулан дэлхий нийтэд таниулах зорилго тавин ажиллаж байна. Тус төслийн хүрээнд Гандангийн дэнжийн 200 жилийн өв уламжлалыг хадгалсан орон сууцны барилга, бэлэг дурсгал, шашны болон эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёлыг харуулсан музей, уламжлалт монгол үндэстний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж бүхий хорооллыг энэ дэнжид барьж байгуулна" хэмээлээ.
Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга М.Ганбаатар "Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ жил Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөөд өнөөдөр шав тавих арга хэмжээг зохион байгуулж байна. Гандан бол 200 жил энэ чигээрээ оршин тогтнож байгаа, Монголын үүх түүхийг илтгэсэн газар. Гэтэл гэр хорооллоор нүүр царайгаа нуун далдалсаар удаж. Тиймээс бид Гандангийн дэнжийг зүгээр нэг гэр хорооллын гудамж хэвээр байлгахаас татгалзаж, уг төслийг эхлүүлж байна.
Бид энэ гудамжийг тохижуулахдаа монгол уламжлалаа тусгана. Тухайлбал Хуучны хүрээ хийд, Хархорин хотын төв гудамжтай төстэй байдлаар монгол хүний бахархалыг шингээсэн загвар дизайнаар хийхээр тооцож, төлөвлөж ажиллаж байна.
Дараагийн ээлжинд Гандангаас Бөмбөгөр хүртэл жишиг гудамж хийхээр төлөвлөсөн. Гандангийн дэнжийг шат дараатайгаар хөндлөндөө ч, уртдаа ч явах аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.
Гандангийн уламжлалт түүхэн дүр төрх, өв уламжлалыг хадгалсан 1.9 га талбайд 4 давхар 1500-1700 м.кв үйлчилгээ, 300 айлын орон сууц, бэлэг дурсгал эртний эдлэлийн дэлгүүр, лааны тосон музей, хүрээ соёл харуулсан музей, уламжлалт монгол үндэсний хоолны газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхрын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болох аж.
"Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн хүрээнд Орхоны гурван гудамжийг чөлөөлөхөөр сонгожээ. Сонгогдсон талбайд 68 айл амьдардаг бөгөөд эхний ээлжинд газраа чөлөөлсөн айлуудыг 100 айлд баригдсан түр сууцанд оруулаад байгаа юм.
Жуулчид автобуснаасаа Гандангийн төв хаалган дээр буугаад, буцахдаа баруун талаас нь буюу "Модны-2” талын хаалганаас унаандаа суудаг байхаар төлөвлөжээ. Ингэж 280 метр бүхий Гандангийн өргөн чөлөөгөөр алхахдаа үзвэр үйлчилгээ, хоол хүнс, худалдааны төвөөр үйлчлүүлэх боломжтой байхаар тохижуулах юм байна.