📅

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

🕔 2017/05/22 15:38

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

 

1. Ээж аавд бус мөнгөний гахайдаа мөнгөө хадгал.

Бид хүүхдүүддээ багаас нь хадгаламжийн хамгийн муу ойлголт, туршлагыг суулгадаг. Тэр нь ээж аавдаа мөнгөө хадгалуулах эсвэл ээж аавдаа мөнгөө өгч хэрэгтэй зүйлээ авахуулах. Гэтэл хүүхэд багаасаа өөрөө мөнгөтэй харилцаж сурах хэрэгтэй. Хамаг мөнгөө чихэр аваад үрсэн байсан ч эсвэл муу санаа гаргаж мөнгөө хэнд ч хэлэлгүй нууж хадгалсан байлаа ч аль аль нь давуу талтай. Харин ээж аавдаа мөнгөө хадгалуулсаар байх юм бол насан туршдаа мөнгөө хэрхэн зөв ашиглах, зарцуулах талаар ойлголт дутмаг болно.

 

Мөнгө үрэх: Хэрвээ хүүхэд чинь мөнгөө хайр найргүй үрж байгаа бол хэзээ нэг өдөр мөнгө дуусдаг хэмжээтэй зүйл гэдгийг ойлгоно. Мөн аливаа худалдан авсан зүйлийнхээ үнэ цэнийг ялгаж дараагийн удаа алийг нь авбал өөрт нь илүү хэрэгтэй болохыг таньж мэддэг болно. Цаг хугацаа өнгөрөх тусам үнийн тооцоотой болж хүссэн зүйлээ авахын тулд мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгтэй болохоо ойлгох л болно. Хэрвээ ээж аавууд өмнөөс нь худалдан авалт хийсээр байх юм бол тэд мөнгө зөвхөн томчуудын ашигладаг зүйл мэтээр ойлгож, ухаалаг худалдан авах чадвар гэх зүйлд баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Ээж аавууд хүүхдүүдээ хэтэрхий мөнгөнд дуртай болгохгүйн тулд хол байлгадаг гэж хэлдэг ч үнэндээ энэ мөнгөнөөс холдуулах гэсэн санаа нь эсрэгээрээ тэднийг мөнгөнд дуртай болгож, өөрийн дураар мөнгө үрж үзэх шуналыг нь улам өдөөнө. Тиймээс хүүхэддээ өөрийн гараар худалдан авалт хийх боломжийг үргэлж олгож бай.

 

Мөнгө хадгалах: Хэрвээ хэн нэгэн хүний өөрт нь өгсөн мөнгийг охин эсвэл хүү чинь чамд хэлэлгүй шүүгээндээ нууж хадгалсан бол уурлаж загнах хэрэггүй. Бас мөнгөө гээхээсээ өмнө аав ээждээ хадгалуул, би чамд бүхнээ зориулж байхад чи нуулаа гэх мэтчилэн зэмлэх, хүчлэх арга барил ашиглаж ер болохгүй. Учир нь тэд ээж аавынхаа үгэнд орж өөртөө байгаа мөнгөө бусдад өгөөд эхлэх л юм бол ирээдүйд үргэлж бусдад найддаг, өөрөөсөө асуудлыг холдуудлаг хандлага гаргах болно. Харин үүний оронд хүүхдээ урамшуулж мөнгөний гахай, шинэ түрийвч, санхүүгээ бичдэг дэвтэр зэргийг бэлэг болгож авч өг. Тиймээс ээж аавууд аль болох хүүхдээ мөнгөтэй болох бүрт нь өөрөө мэдэж зарцуулах эрх олгож бай. Мөнгөө хаяж гээж, дэмий үрсэн ч хамаагүй. Угаас өөрөө харамсч, ойлгоод ирэх болно.

 

2. Хоёр чихэрнийхээ нэгийг маргаашд үлдээ

Энэ бол хамгийн чухал заах ёстой зүйл. Ээж аавууд хүүхдээ бага насанд нь юугаар ч дутаахгүй өсгөж байгаа нь жаргалтай байлгаж байгаа хэрэг гэсэн буруу хандлагатай байдаг. Хэдийгээр хүүхэд насандаа юугаар ч дуталгүй өссөн хэдий ч бусдаар тэжээлгэх гэдэг, бэлэнчлэх, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй нэгн болно. Том болоод энэ чанар тэр дороо засарна гэж байхгүй шүү дээ.

 

Арга 1: Бүх зүйлийг нь бэлдэж өгөхийн өмнө өгсөн зүйлийг хэрхэн өөртөө ашигтай бас удаан хэрэглэж сурах талаар маш сайн зааж сургах хэрэгтэй. Хэрвээ маргааш хүртэл нэг чихрээ хадгалж чадах юм бол дахиад нэмж хоёрыг өгнө гэх мэтээр өөрөөс нь хичээл зүтгэл гаргуулж сургаарай.

Арга 2: Зүгээр л төрсөн өдрөөрөө унадаг дугуй бэлгэнд авах бус төрсөн өдөр хүртлээ өдөр бүр яг нэг цагтаа гэрийнхээ хогийг гаргаж хаядаг, аяга тавагаа угаадаг байх юм бол унадаг дугуйг төрсөн өдрөөр нь шагнаж авч өгнө гэх мэт өөрөөс нь хөдөлмөр шаардаж байх хэрэгтэй. Энэ нь өөрийнх нь хүчин чармайлтаас шалтгаалж сайхан зүйлс бий болдог гэдгийг ойлгуулах болно. Мөн чамайг мөнгөө САЙН хадгалах юм бол унадаг дугуй авч өгнө гэх мэт ерөнхийлсөн зүйл хэлэх хэрэггүй. Сайн гэдэг нь яг хэдэн төгрөг гэсэн үг вэ? Үүнийг нарийн тооцоотой гаргаж өг. Тэгвэл хүүхэд өөртөө байгаа мөнгөний хэдийг нь үрж хэдийг нь маргаашийн унадаг дугуйнд зориулж хадгалахаа тооцоолдог болно. Бас мэдээж зорилготой байхын сайхныг мэдэрнэ.

 

3. Мөхөөлдөст бус мөрөөдөлдөө мөнгөө үр

Өөрийн чинь өгсөн мөнгөөр мөхөөлдөс авч идэх бүрт нь авахыг хүсдэг илүү том зүйлийнх нь талаар сануул. Мөрөөдлийн хүүхэлдэй, даашинз, унадаг дугуй, бөмбөг, парк гээд илүү үнэтэй зүйлд зориулж мөнгө хадгалах нь хүүхдийг зоригтой бас зорилготой болгох болно. Бас илүү тэвчээртэй ч болгоно.

Зорилго: Өдөр бүр 500 төгрөгөөр авдаг зайрмагны мөнгийг арав хоног хадгалах юм бол 5000 төгрөгтэй болно. Энэ мөнгийг ахиад хорин хоног хадгалаад л Парк дээр тоглох эсвэл хүссэн даашинзаа өөрийнхөө мөнгөөр авах боломжтой болно шүү дээ. Эсвэл бүр тууштай хадгалж байгаад Диснейн ертөнц рүү ч аялаад ирэх боломжтой. Хүүхдээ илүү том мөрөөдөж, илүү ихийг хүсч, зорилго дүүрэн амьдрах урам зориг өгч бай. Тэгээд өдөр бүр дэмжиж, хамтдаа мөрөөдөж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь зорилготой, мөнгөө хуримтлуулах нь хэчнээн хэрэгтэй байдгийг ойлгох болно. Мөрөөдөлдөө үрсэн мөнгөний амтыг хэдэн мянган өдрийн зайрмагны амт ч яагаад гүйцэхгүй шүү дээ.

 

Зориг: Томчууд ядартлаа ажиллаж мөнгө олсон ч өмсөх хувцас, идэх хоолондоо үрээд дуусгадаг шиг хүүхэд чинь мөн л идэх, өмсөхөөс хэтэрч чадахгүй хүсэл, шуналтай байх нь нэг талаараа зориг муутай болж буйн шинж юм. Одооноос эхлэн илүү том зүйлд мөнгөө хадгалж чаддаг байх, түүнийхээ эцсийг үзэж чадах зориг суулга. Хэрвээ одоо л бүх зүйл боломжтой байдаг гэдгийг мэдэрч зоригтой байж сурахгүй бол ирээдүйд хэдэн сая төгрөгтэй болсон байхдаа ч хүссэн зүйлдээ буюу мөрөөдөлдөө мөнгөө зарцуулах зориггүй болчих гэмтэй.

 

4. Мөнгөөр авч болдоггүй зүйлс олон бий

Ээж аавдаа бэлэг авч өгөх гэж хамаг л мөнгөө үрэхийн оронд шалгалтан дээрээ хамгийн мундаг дүнг авч чадах л юм бол энэ юутай ч харьцууламгүй хамгийн сайхан бэлэг байх болно гэдгийг хүүхдүүддээ хэлж байгаарай. Мөн чи өөрөө ээж аавдаа асар үнэтэй бэлэг гэдгийг үргэлж хэл. Ирээдүйд зав муутай том хүн болсон хойноо ч гэр бүлээ бүхнээс түрүүнд үздэг нэгэн болж өсөхөд нь туслаарай. Их мөнгөтэй болчихоод хүүхдүүдэд гайхуулахын оронд өлсөж яваа найзууддаа хоол авч өгдөг халамжтай хүн болоход нь үлгэрлэ. Тэгвэл хүүхэд чинь сайн найзуудын хүрээлэлтэй, бусдын дунд нэр хүндтэй, үнэ цэнэтэй нэгэн болж өснө.

 

Хүүхэддээ цаг гаргаж чадахгүй, амласандаа хүрэх боломжгүй болсон үедээ бэлэн мөнгө бүү өгч бай! Хүссэн нэгэн нь өөрийг нь мөнгөөр аргалж болдог үнэ цэнэгүй мэдрэмжийг сэтгэлд нь суулгаж болохгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт өөрийгөө мөнгө төдийгөөр үнэлэх хямдхан бодолтой болчихож мэднэ. Хэмжээлшгүй их баян болсон байлаа ч аав ээжийн хайр, найз нөхдийн хүндлэл, харамгүй сайхан сэтгэлийн дэргэд мөнгө бол өчүүхэн зүйл гэдгийг тэр маш сайн мэддэг байх ёстой шүү дээ.

 

 

Эх сурвалж: Монголбанк


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?