📅

С.Жамьяанхорол: Шагналын мөнгөөр хүүхдүүдээ баярлуулна

🕔 2015/12/15 13:04
"Шагналын мөнгөөр хүүхдүүдээ баярлуулна” 
"Авьяаслаг монголчууд” үндэсний шоу тэмцээний ялагч "Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамьяанхоролтой ярилцлаа.

-Юуны түрүүнд танд болон шавь нарт тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Монголын ард түмэн таны шавь нарыг өхөөрдөн хайрлаж мөн таныг хүндэтгэн бахархаж байна.

–Шоуны ялагч боллоо гэж хөтлөгч хоёр хүүг хэлэхэд яг ямар байсныг үгээр дүрсэлж, төсөөлж хэлэхийн аргагүй байна.  Хүний сэтгэлийг хэмжиж болдоггүй юм билээ. Тухайн үед миний сэтгэл хэдэн метр өндөр, хэдэн метр өргөн байсныг хэмжиж хэлэхийн аргагүй байна. Өвгөн багш нь тун их баярласан даа.

-Хоёулаа ярилцлагаа таны анх багшилж эхэлсэн үе ялангуяа "Эгшиглэнт чимээ” хамтлагийг анх байгуулсан тэр цагаас эхлэе гэж бодлоо?

-Би Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Тосонцэнгэл суманд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн. Багшлаад 30 жил харин Дархан-Уул аймагт өнгөрсөн 2000 оноос хойш буюу 16 жил тасралтгүй дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Анх хөгжмийн зэмсэг бүтээж түүгээрээ тоглох санааг зохиолч Л.Ванган гуайн дүү Монгол Улсын Ардын жүжигчин Л.Нацаг гэж циркийг анхлан байгуулсан агуу хүн өгч байсан юм. Л.Нацаг гуай манай улсын хоёрдахь циркийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулж байлаа. Тэрхүү циркд би ажиллаж хөгжмийн зэмсэгт дурлаж эхэлсэн гэхэд болно. Тухайн үед зах зээлийн хүнд үе ирж урлагийн байгууллагууд ээлж дараалан үүдээ барьсан шуурганд манай цирк ч өртөн хаалгаа хаахад хүрсэн юм. Тэр үед би циркээсээ өөрийнхөө тоглож байсан ганц хөгжмийн зэмсэг болох хонхыг аваад гарч байж билээ. Монгол Улсад ганцхан ширхэг байдаг тэрхүү хонх Л.Нацаг багшийн маань бүтээл шүү дээ. Ингээд л тэрхүү хонх маань надад асар ихийг бүтээх урмыг өгч багш нь одоо 400 гаруй хөг гаргах хөгжмийн зэмсэгтэй болж дээ.

-Анхны хамтлаг хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй байсан бэ?

-Оюуны ирээдүй цогцолбор сургуулийг VII  сургууль байхад нь дөрвөн сурагчтай, дөрвөн хөгжимтэйгээр хамтлагаа анх байгуулж байлаа. Одоо сургууль маань цогцолбор болон өргөжиж, 4000  мянган сурагчтай болж хамтлаг маань ч 35 гишүүнтэй байна.

-Ирэх онд "Эгшиглэнт чимээ” хамтлагийн 15 жилийн ойг тэмдэглэхээр зэхэж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд хамтлаг нийт хэдэн гишүүнтэй болсон бэ. Мөн шилдгээр шалгарсан 35 хүүхэд хамтлагийн хэд дахь үе билээ?

–Өдий 30 жил багшлах хугацааны шавь нараа тоолъё гэсэн ч тоогоо алдсаан/инээв/. Харин яг гардан багшилж, өөрийн бүтээсэн хөгжмийн зэмсгийг гардан заасан шавь гэвэл 200 гаруй бий.Миний 34 бяцхан шавь маань хамтлагийн тав дахь үе шүү дээ. Мөн 30 гаруй хөгжмийн зэмсэгтэй 400 гаруй хөгтэй болсон.

-Олон улсын чанартай тэмцээнд багагүй оролцож байсан гэсэн.

-Олон улсын Туурайн төвөргөөн наадам, Зүүн Азийн хүүхдийн зургаан орны тэмцээн гээд цөөнгүй тэмцээнд амжилттай оролцож байсан. Тэмцээн уралдаанд оролцох бүрт хүүхдүүдийн маань урам сэргээд л ирдэг дээ.

-Таны охин мөн "Эгшиглэнт чимээ” хамтлагийн ууган гишүүн гэж сонлоо. Мөн хамтлагийн хамгийн бяцхан гишүүн болох таван настай охин таны зээ охин гэсэн. Үр хүүхдүүд тань аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх нь дээ?

-Тийм, хамтлагийн хамгийн бяцхан гишүүн зээ охин маань. Аав, ээж хоёр мөн хөгжмийн багш нар шүү дээ. Миний охин, хүргэн хоёр гэсэн үг шүү дээ/инээв/. Мөн бага хүү маань хөгжмийн найруулагчийн чиглэлээр СУИС-д суралцаж байгаа.

-"Эгшиглэнт чимээ” хамтлаг Япон улсад тоглолт хийхээр болсон тухай мэдээлэл гарсан байна. Аялан тоглолтын талаар та бүхэнтэй уулзсан уу?

-Тийм мэдээ хэвлэлээр гарсан гэж сонслоо. Одоогоор мэдсэн зүйл алга.

-Мөн таны нөр их хөдөлмөр, авьяасыг бахархсан иргэн Д.Отгонжаргал 60 сая төгрөг танд хувиасаа өгнө гэж мэдэгдсэн байсан. Тантай уулзсан уу?


–Швейцарь гэлүү улсад амьдардаг Д.Отгонжаргал гэж хүн 60 сая төгрөг өгөх гэж байгаа гэж нэг хүн утсаар бол хэлсэн. Харин уулзаагүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхнийг хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барих үеэр ирэх жил буюу Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн хүндэтгэлийн концертод оролцуулах тухай яриа дэлгэсэн гэж сонслоо.

–Улсынхаа Ерөнхийлөгчтэйгээ уулзаж, гар барьж, хөргөө даруулж зоог барина гэдэг чинь их хувь тохиол шүү дээ. Шавь нарийн минь буян юм даа. Хүүхдүүд маань ч хөл нь газарт хүрэхгүй баярласан.

-Монгол телевизийн удирдлагууд танай хамтлагт шагналын 100 сая төгрөгийг бэлнээр гардууллаа. Шагналын 100 сая төгрөгийг хэрхэн хувиарлаж, хэрхэн зарцуулахаар төлөвлөж байна вэ?

–Юуны түрүүнд хичээллэж байгаа анги танхимаа засварлаж, хөгжмийн зэмсгээ сайжруулахад зарцуулна. Тэгж байж цаашид шавь нар маань тав тухтай орчин нөхцөлд хичээллэнэ шүү дээ. Мөн бас нэг зүйл бол өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөж, амжилт гаргасан шавь нараа баярлуулах болно. Багш нь төсвийн ажилтан болохоор хэрэгцээтэй зүйл цөөнгүй байх юм. Тиймээс хувьдаа буюу хүүхдүүдийнхээ орон сууцны зээлд нэмэр болох гэсэн бодол байна.

-Дархан-Уул аймгийн Боловсролын газраас таныг Монгол Улсын гавъяат багш цолонд тодорхойлсон гэсэн. Гавъяат багш цолоор шагнагдаж цаашид монголын мянган мянган хүүхдийг сурган хүмүүжүүлж, хөгжмийн боловсрол олгох үйлст тань амжилт хүсье.

-Ерөөл бат оршиг ээ. Өвгөн багш нь хичээн зүтгэх болно.

Д.Жаргал

Эх сурвалж: Zaluu.com
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?