ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Ө.ГАНЗОРИГ - Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Хуульч, Өмгөөлөгч
Хаяг: Дархан сум, 8 дугаар баг, 11 дүгээр байр Утас: 9919-0475
- Зээлийн гэрээ гэж юу вэ?
- Монгол Улсын Иргэний хууль нь 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Тус хууль нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулдаг. Иргэний хуулиар зохицуулсан зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаардаг гэрээ юм. Иргэний хуулинд зааснаар зээлийн гэрээ гэдэг нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
- Зээлийн гэрээг иргэд ихэвчлэн бичгээр бус амаар тохиролцож хийсэн байдаг энэ нь хүчин төгөлдөр гэрээ болох уу?
- Зээлийн гэрээг зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь амаар болон бичгийн хэлбэрээр аль алинаар нь байгуулж болдог гэрээ юм. Хэрвээ талууд хэлэлцэн тохиролцож зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол иргэний хуулинд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна, хэрвээ бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү авах эрхээ зээлдүүлэгч алддаг. Хүү тохиролцоогүй зээлийн гэрээг заавал бичгээр биш амаар байгуулж болно.
- Тэгэхээр талууд хүү тохиролцсон бол заавал зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулна гэж ойлгож болох уу?
- Болно. Практик дээр ажиглаж байхад иргэд хоорондоо зээлийн гэрээ их байгуулж байна, энэ гэрээний зорилго нь хүү тогтоож ашиг олох байдаг. Иймд иргэний хуулинд зааснаар талууд хүү тохиролцсон бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулах шаардлагатай.
- Зээлийн гэрээгээр хугацаа харилцан тохиролцоогүй бол яах ёстой бэ?
- Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч буюу мөнгө авсан этгээд үүргээ биелүүлэх хуулийн зохицуулалттай.
- Мөнгө зээлсэн этгээд тохирсон хугацаандаа хугацаандаа мөнгөө буцааж төлөх үүргээ биелүүлэхгүй байвал хэдийн хугацааны дотор гомдлоо хаана гаргах вэ?
- Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 жилийн дотор хариуцагч буюу зээлдэгчийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгнө. Нэхэмжлэл бичихэд тодорхой шаардлагууд тавигддаг тул мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан тохиолдолд таны хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг илүүтэй хамгаалахыг зөвлөж байна.
"ДАРХАНЫ МЭДЭЭ" СОНИН 3 ДУГААР САР, VI НҮҮРТ