📅

“Жи тайм” сүлжээнийхэн “Сургалтын бизнес” хэлбэрээр зүсээ хувиргажээ

🕔 2017/03/30 10:33

“Жи тайм” сүлжээнийхэн “Сургалтын бизнес” хэлбэрээр зүсээ хувиргажээ

 

Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг баймаар юм даа. Гэвч мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохирсон хэрнээ "Би алдаагүй, хохироогүй” хэмээн сүлжээний бизнест хэт автчихсан шунал хүсэлдээ идэгдсэн хүмүүсийг яалтай билээ дээ. Казахстанаас ядууруулыг бууруулах төсөл хэлбэрээр орж ирээд ядарсан монголчуудын халаасыг сэгсэрсэн "Жи тайм” сүлжээний толгойлогч Ж.Маратыг хилээр оргон зайлах гэж байхад нь хууль хүчнийхэн баривчлан саатуулсан. Түүний дансанд орсон 6 тэрбум төгрөгийг ч мөн битүүмжлэсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар яг хэчнээн хүн хохирчихоод байгаа талаар эцсийн дүн хараахан гараагүй байгаа аж. Учир нь өдөр болгон "Би хохирогч болсон” гэх иргэд гарч ирж байгаа гэнэ. Үнэнийг хэлэхэд "Жи тайм” сүлжээнд элсч ороод хохирсон иргэдийн ихэнх нь ажил ар гэрээ мартан УМБГ-ын үүдээр нь холхилдож, байцаагчдын үүдийг сахиж суугаа юм.

Өдөрт 10-30 иргэн "Энэ сүлжээнд ороод хохирсон” хэмээн гомдлоо гарган шалгуулж байна. Гэвч энэ сүлжээг хэт шүтчихсэн, энэ сүлжээнээс багагүй хэмжээний мөнгө авчихсан шуналдаа идэгдсэн нэг хэсэг бүлэглэл тархи угаагж сүлжээнийхээ зүсийг хувиргаж, дахин бусдыг хуурч залилалж яваа мэдээлэл олдов.

УМБГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Жи тайм корпорцийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон. Цаашид үргэлжлэх ямар ч боломж байхгүй шүү” гэдгийг ард иргэдэд анхааруулаад байхад бусдад "Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Одоо "Житайм”-аар биш Сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явж мөнгөө өсгөж арвижуулж авах боломжтой” хэмээн бусдын тархийг угаагчид байна. "Жи тайм” луйврын сүлжээнд ороод хохирсон иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой багш хүмүүс байна гэдгийг мэдээлсэн билээ. Боловсролтой хүмүүс луйврын сүлжээнд автаж хохирогчид болчихоор мэдээлэл мэдлэг муутай жирийн ажилчин иргэд аргагүй юмдаа.

Тэгвэл тэдний нэгэн болох ЕБС-ийн багш сүлжээний бизнесээ шал өөр болсон мэтээр ярьж бусдыг буруу зүйлд уриалан дуудаж явна. Тэрбээр өөрийгөө багш мэргэжилтэй гэж танилцуулсан хэрнээ нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Тэрбээр "Жи тайм сүлжээний бизнес дампуураагүй шүү. Сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг болсон. Сургалт гэдгийг тодотговол хүн урих, сургалтад суух, мөнгөө маш богино хугацаанд хэрхэн өсгөх талаар хичээл сургалт заадаг юм. Маш өгөөжтэй гоё сургалт болж байгаа. Ер нь сүлжээний бизнес гэдэг чинь ядуурлаас ангижрахын нэг нэгнээ дэмнээд тэтгээд явахыг хэлдэг бизнес. Тийм л өгөөмөр бизнес” гэв.

-Та "Житайм” сүлжээнд элсээд хохирогч болчихсон юм бишүү?

-Яг хохирогч гэж болохгүй ээ. Би 2 сая төгрөг гаргасан. Түүнийгээ 5 сая болгож авсан. Гэхдээ миний араас орсон танилууд маань мөнгөндөө хүрч чадаагүй байтал энэ бизнесийг цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн юм.

-Таны араас элссэн хүмүүс мөнгөөрөө хохирчихжээ. Тэд танд мөнгө өгч таны 2 саяыг 5 сая болгосон юм бишүү?

-Би хүнээс мөнгө зээлж энэ бизнест орсон. Одоо тэр зээлсэн мөнгөө өгөхийн тулд араасаа мөнгөтэй, найдвартай гэсэн хоёр хүнийг оруулсан юм. Гэтэл энэ явцад зангаа хувиргасан хоёр танил маань надаас мөнгөө нэхэж намайг цагдаад өгнө гээд дарамтлаад эхэлсэн. Тиймээс цагдаад очихоосоо өмнө асуудлыг шийдвэрлэхийн тулд мөнгө хайгаад явж байна. Гэхдээ би өрөө удахгүй төлчихнө. Хамгийн гол нь жаахан хугацаа шаардаад байна. Нийгэмд буруу сөрөг мэдээлэл цацагдаж байгаад харамсалтай байна.

Налайх дүүргийн бас нэгэн хохирогчтой уулзлаа. Тэрбээр "Энэ бизнес өнгөрсөн зун хүчээ авч эхлэхэд нь 350 мянгаар элсч орсон. Намайг араасаа 350 мянган төгрөгтэй 2 хүн элсүүлээд 1 сая төгрөг авна гэж ойлгуулсан. Гэвч тухайн үед надад ийм мөнгөтэй хүн олдоогүй тэгээд орхисон. Би өөрийнхөө элссэн мөнгөөр бугуйн цаг авсан. Тэр цаг нь ажилладаггүй юм билээ. Ажилгүй надад 350 мянга их мөнгө шүүдээ. Нөхрийнхөө нэг сарын цалинг тэр чигээр нь өгчихсөн эргэж олж авч чадаагүй. Гэрийнхэн загнаж уурлаад бөөн юм болж байгаад одоо жаахан намжиж байна. Хүмүүс 2, 5 саяар нь өгөөд хохирсон гээд яриад байгаа. Миний 350 мянган төгрөг тэр мөнгөний хажууд юу ч биш болохоор олдохгүй биз гээд орхисон доо. Энэ луйврын сүлжээний бизнэс осолтой гэдгийг ойлгож авсан. Дахиж хэзээ ч сүлжээний бизнест элсэхгүй ээ. Сүжиггүй боллоо” гэсэн юм.

Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч хүртэл энэ сүлжээнд элсчээ. Байрны урьдчилгаа хийнэ гэсэн 20 гаруй сая төгрөгийнхөө 5 саяыг нь "алдчихсан” явна. Хамаатных нь эгч нь "20 сая төгрөгөө 30 сая төгрөг болгох боломж байна” гэсээр тархийг нь угааж элсүүлсэн гэнэ. Өнөөдөр мөнгөө ч олж авч чадаагүй, ажлаа ч хийж чадахгүй байцаагдаж сууна.

Энэ мэтчилэн "Житаймд” элссэн нөхдүүд аав ээж, ах дүү, найз нөхдөө уруу татаж луйврын бизнест оруулаад хохирогч болгосон тохиолдол олон байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллагуудаас "Луйвар” гэдгийг нь олон дахин тодотгон хэлж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаад байхад ойлгодоггүй, хаширдаггүй хүмүүстэй юу ч ярих билээ дээ. Хамгийн гол нь гэм зэмгүй иргэдийг битгий наад муухай прамид хэлбэрийн луйварын сүлжээндээ хутгаж хохирогч болгоод бай.

О.Сайхан


 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?