📅

П.Эрдэнэбат: Дархан-Уул аймаг 2016 оны аймгийн төсвөө баталлаа

🕔 2015/12/08 12:11

П.Эрдэнэбат: Дархан-Уул аймаг 2016 оны аймгийн төсвөө баталлаа-Өнөөдрийн Хуралдаан хэдэн хувийн ирцтэй эхлэв?

– Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаан товлосон цагтаа буюу өглөөний 9:00 цагт эхэлсэн. Ирвэл зохих 30 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч ирж, 96,6 хувийн ирцтэйгээр ээлжит Хуралдааныг нээсэн.

Ер нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 33 төлөөлөгчтэй. Өнгөрөгч 3 дугаар сарын 09-ний өдөр 3 төлөөлөгчийн асуудлаар шүүхийн шийдвэр гарч, эргэн татагдсан. Энэ асуудлын дагуу шийдвэр гарахгүй, хурлыг хуралдуулахгүй хууль зөрчиж явсаар байгаад 8 дугаар сарын 31-ний өдөртэй золгосныг Та бүхэн мэдэж байгаа. Гурван төлөөлөгчийн хоёр нь ИТХ-ын Тэргүүлэгч. Гэтэл хоёр Тэргүүлэгч өнөөдрийг хүртэл Тэргүүлэгчдийн хурлын ирцэнд орохгүй 11-ээр биш есөн Тэргүүлэгч гэж тооцож ирсэн. Тэр байтугай нөхөн сонгуулийн тов зарлагдаж, сонгууль ч хуулийн дагуу явагдсан. Шүүхийн эцсийн шатны шийдвэрийг санаатайгаар биелүүлэхээс зайлсхийсэн гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Өмнөх ИТХ-ын дарга Цэндсүрэнд ч эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Нөхөн сонгуулийн тов зарлагдсаны дагуу 11 дүгээр сарын 05-ны өдрийн 496 тоот прокурорын шийдвэрээр надад үүсгэсэн эрүүгийн хэрэг цуцлагдсан.

– Хуралдаан эхэлсний дараагаар МАН-ын бүлэг хуралдааныг орхиж, яг одоогоор өөр газар хурлын хуралдаан хийж байна.

– Шүүхийн шийдвэрээр эрх нь цуцлагдсан хүмүүс хуралд ирж, өөрсдийгөө хүчин төгөлдөр төлөөлөгчид гэж үзэн зориудаар хурал үймүүлж эхэлсэн. Үүнээс үүдэн төлөөлөгчид хэсэг хугацаанд маргах, үгүйсгэх, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх зэрэг үл ойлголцох асуудлууд гарсан. Нэгэнт шүүхийн шийдвэр нь гарч, нөхөн сонгууль явагдсан учраас шинээр сонгогдсон гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах нь зүйн хэрэг.

Намын бүлгүүд хоёр хоёр удаа завсарлага авсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Хуулиараа 12 дугаар сарын 05-ны дотор Орон нутгийн төсвийг батлах ёстой. Аймаг орон нутгийн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед янз бүрийн шалтагаар барьцаалж, үүнийг шийдвэл асуудлыг явуулна гэх байр сууринаас хандаж байгаа нь буруу юм. Энэ асуудлаар тусдаа хэвлэлийн бага хурал хийнэ.


– МАН-ын Намын бүлэг хурлыг хаяснаар энэ удаагийн хурал 18 хүнтэй хуралдчихав уу?

Дээр хэллээ. Нэгэнт шийдвэр нь гараад нөхөн сонгууль явагдсан учраас шинээр сонгогдсон гурван төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан. Энэ дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Амарсанаа, Э.Азжаргал, Б.Ганпүрэв нарын бүрэн эрхийг зөвшөөрч, Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулсан.

Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Тамир, Монгол Ардын намаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хонгор сумаас нэр дэвшиж сонгогдсон Н.Лхагвасүрэн нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж, Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшсэн Б.Мягмардаш, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хонгор сумаас нэр дэвшсэн Н.Мөнхдаш нарын бүрэн эрхийг зөвшөөрч, Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.Ингээд 18 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хурлыг цааш үргэлжлүүлсэн.


– Энэ хуралдааныг хаалттай зохион байгуулах шаардлага байсан юм уу. Хурлын эхэнд тийм уур амьсгал харагдлаа?

– Энэ бол төлөөлөгчөөс гарсан горимын санал. Нэг талаар буруу гэж үзэхгүй байна. Учир нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үл ойлголцсон, бужигнасан, төсвөө баталж чадахгүй хэрэлдээд байгаа ч юм шиг ийм байдлыг нийтэд дэлгээд байх нь зохимжгүй гэж үзсэн учраас дээрх саналыг гаргасан байх. Түүнээс биш зарчмын гол асуудлыг нууж хаагаад байх шаардлагагүй. Ер нь телевизүүд хурлын үйл ажиллагааны бичлэгийг хийсэн. Албан ёсоор харуул хамгаалалт гаргаад нэг бүрчлэн хөөж гарга гэсэн юм бол байхгүй. Түр гарч байх уу гэдэг саналыг л тавьсан.


– Хэлэлцсэн асуудлын хувьд тодруулаач?

– Бид энэ удаагийн хуралдаанаар нийт 8 асуудлыг амжилттай хэлэлцэж дууслаа. 2015 онд нутгийн өөрөө удирдах байгууллагын тухайд аймгийн ИТХ-ын хороодын ажлыг тогтмолжуулах аливаа бодлого шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажилласан. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийт 6 бүлэг, 89 ажил төлөвлөн хэрэгжүүлснийг хуралдаанаар "Хангалттай” гэж үнэллээ. Мөн Хурлын хуралдаанаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Хангалттай гэж дүгнэж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн бүрэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгалаа.

2015 оны тодотгосон төсвийн төсөл, 2016 оны аймгийн төсөв амжилттай батлагдлаа. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ч мөн хэлэлцэж, шинээр Тэргүүлэгчдээ сонгож баталгаажууллаа.


– 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хэмжээг тоогоор хэлвэл?

Ер нь төсөв тааруу байна. Дээд шатны төсвийг тодотгосонтой холбогдуулж, Дархан-Уул аймгийн 2015 оны тодотгосон төсвийг хэлэлцээд, 2015 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 16734.4 сая, зарлагыг 16900.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1264.4 сая, орон нутгийн хөгжлийн санг 4439.5 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталлаа.2016 оны төсвийн хувьд УИХ-аас батлагдаж ирсэн суурь тоон дээр судалгаа хийж, орлогыг нийтэд нь 3,1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 2,9 тэрбум төгрөгөөр төсөвлөж баталлаа. Тодруулбал: 2016 оны аймгийн төсвийн орлогыг 15493.7 сая, зарлагыг 16784.6 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1040.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 3909.7 сая, сумдаас улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 31769.8 сая төгрөгөөр тус тус баталлаа. Тухайлбал: Орон нутгийн хөгжлийн санд 3,9 тэрбум төгрөг УИХ-аас батлагдаж ирсэн. Энэ хүрээнд л бид ажиллана. ОНХС-ийн 3,9 тэрбум төгрөгийн 60 хувь нь сумдуудад хуваарилагдана. Тэгэхээр аймгийн Орон нутгийн хөгжлийн сан 1 тэрбум 400 орчим сая төгрөгийн төсөвтэй үлдэж байна. Энэ нь нэг жишиг хорооллын л мөнгө. Өөр ямар нэгэн зүйл хийж чадахааргүй л болж байна. Гэлээ гэхдээ манай аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар уйгагүй ажилласан. Хязгаарлагдмал нөөцөд багтаан орон нутагт тулгараад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ултай суурьтай шийдэж төсөвт оруулж ирсэн.


-Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийн талаар?

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор төлөөлөгчөөс эгүүлэн татагдсан О.Чимэдцэрэн, Б.Азжаргал болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Батбаяр, Б.Даваасамбуу, Г.Эрдэнэбат нарыг тус тус чөлөөлж, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Амгалан, О.Баттулга, Х.Батбаяр, Б.Мягмардаш, Г.Сүхээ нарыг нөхөн сонгож батласан.


-МАН-аас сонгогдсон зарим төлөөлөгчдөөс таныг огцруулах талаар тавьсан асуудлыг хэлэлцүүлж болохгүй байсан юм уу?

- Хуулинд тов тодорхой заасан байдаг. Нэг хоногийн өмнө асуудлаа үндэслэлтэйгээр тавьж төлөөлөгчдөд тараасан байх ёстой байтал хурал эхэлж байхад танилцуулна гэдэг чинь хуулиа зөрчсөн асуудал. Мөн хурлын хуралдааны дэг зөрчиж асуудлыг оруулж ирсэн учир энэ удаад хэлэлцэх боломжгүй байсан. Хууль болон дэгийнхээ дагуу асуудлыг оруулаад ирвэл хүлээж авч хэлэлцүүлэхэд бэлэн байна гэдгээ хурлын үеэр хэлсэн. Ер нь аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ гэж үзэж байна.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа


Undesten.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?