А.Тлейхан: Монгол улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ
Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц энэ сарын 19-ны өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.
Дарханы нарны цахилгаан станц байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил дагнан ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр тэргүүтэй эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлжээ.Тус нарны станцыг дотоодын "Solar power international”, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.
Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор 20.000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн "Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.