”Тэтгэврийн олголтыг шалгах аян” эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны "Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” эхэллээ.
Уг аяны зорилго нь тэтгэвэр тогтоолгон авч байгаа нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, үр дүнг тэтгэвэр авагчдад мэдээлэх, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аяныг улсын хэмжээнд үр дүнтэй, чанартай зохион байгуулахад оршино.
Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Говьсүмбэр аймаг, Багахангай дүүргийн нийт 2591 тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар дээр шалгаж эхлээд байна. Тэтгэвэр авагч та тэтгэврийн тогтоолтоо шалгуулах хүсэлтээ харъяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж болно.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ