📅

"Ээжээ хүүгийнхээ зүүдэнд ганц удаа ирээч" /өгүүллэг/

🕔 2017/01/06 17:46
"Ээжээ хүүгийнхээ зүүдэнд ганц удаа ирээч" /өгүүллэг/Гэргий минь биднээс хагацан одоод дөрвөн жил өнгөрчээ. Одоо хэр нь түүний минь хоосон орон зай асар ихээр үгүйлэгдэнэ.
Нэг өдөр томилолтоор өөр хот руу явах болоод хүүдээ өглөөний цай ч бэлдэж өгч чадалгүй яваад орой нь ядарсан амьтан гэртээ орж, пиджакаа тайлж шидээд орон дээр хэвтлээ. Гэтэл нэг юм асгарах шиг болоод хартал гоймонгийн улаан шөл гоймонтойгоо холилдон хөнжил дээгүүр нэг асгарсан байх нь тэр. Аягатай тэр бэлэн гоймон хөнжил дотор байсан байх нь. Юуны туханд хүрэлгүй үсрэн босч, өрөөндөө үлгэрийн ном уншиж суусан хүүгээ хэд цохиод авав.

Яагаад аавыгаа уурлуулах юм хийж байгаа юм, гээд хашгиртал хүү минь айж цочирдсон том нүдэндээ нулимс цийлэгнүүлэн "Таныг газан плитка битгий асаагаарай, гал гарах аюултай гэсэн болохоор крантны халуун ус аягатай гоймонд хийгээд ирэхэд тань халуунаар нь байлгах гээд хөнжил дотор хийсэн юм" гэлээ. Зүрх шимшрэвч хүүгийнхээ нүдэн дээр уйлахгүй гэсэндээ угаалгын өрөөнд ороод крантныхаа усыг урсгаж байгаад сэтгэлээ онгойтол уйллаа.

Яг жилийн өмнө ийм зүйл болсноос хойш би хүүгээ ойлгохыг хичээж, мөн ээжийнх нь хоосон орон зайг нөхөх гэж хэрдээ л хичээсэн. Гэтэл нэгэн өдөр хүүг маань цэцэрлэгтээ ирсэнгүй гэж багш нь залгав. Санаа зовсон би ажлаасаа чөлөө аваад хайж байтал гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд ганцаараа тоглож байлаа. Ингээд би гэдэг хүн дахин нэг удаа хүүдээ гар хүрэв. Энэ үед хүү маань "Миний буруу, уучлаарай ааваа" гэхээс өөрөөр дуугарсангүй.

Энэ явдлаас хойш хүү маань цэцэрлэг дээрээ үсэг сурч байгаа гээд өрөөндөө ганцаараа өдөр бүр ямар нэгэн зүйл бичиж суудаг боллоо.
Үүнээс хойш яг нэг жилийн дараа хүү маань нэгдүгээр ангид орлоо.
Зул сарын баяр ойртож, хүн болгон хайртай хүмүүстээ бэлэг бэлдэж, захидал мэндчилгээ илгээж байсан цаг. Ажлаасаа тарах дөхөж байтал шуудангийн газраас дуудлага ирэв. Хүүхэд чинь авах хүний хаяг, утас, маркгүй 300 захидал илгээе гээд байна. Зул сарын баяр болж байгаа тул бид их ачаалалтай ажиллаж байна, та яаралтай ирнэ үү гэлээ.

Би хүүгээ хэрэг тарьчихлаа л гэдэг үүднээс дахиад л хандлаа. Хүү минь нулимстай нүдээр харж, "Миний буруу, уучлаарай ааваа" гэв. Илгээх гэсэн хэдэн захидлаа тэврээд гэртээ харьж явахдаа хэнд явуулах гэсийн гэвэл "Ээждээ явуулах гэсийн" гэж хүү минь түгдчин хэллээ.

Тэгээд яагаад нэг нэгээр нь явуулалгүй нэг дор ингэж олноор нь явуулж байгаа юм бэ гэтэл "Захиа бичих бүртээ шуудангийн хайрцаганд хийхээр очдог байсан ч намхан болохоор хүрдэггүй байсан юм. Өнөөдөр очоод үзтэл гар хүрч байхаар нь буцаж ирээд бүх захидлаа аваад эргэж очиж хийсэн" гэв. Тэр үед хүүдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг бодсоноо "Миний хүү, ээж нь тэнгэрийн оронд байгаа учир захидал бичээд шатааж бай. Тэгвэл ээж нь уншиж чадна" гэлээ.

Тэгээд хоёулаа захидлуудыг шатаахаар авч гараад нэг захидлыг үзтэл "Хамгаас хайрт ээждээ. Ээжээ, өнөөдөр би цэцэрлэгээ тасалчихсан. Эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ хамт нээлттэй хичээлд орно гэхээр нь аавд хэлээгүй. Хэлэхээр таныг санаад хэцүү байна байх гэж бодсон юм. Тэгээд ганцаараа тоглоомын талбайд өнжсөн. Аавын намайг хайж дуудах хоолой нь сонсогдох хүртэл тэнд ганцаараа суусан. Аав ирээд намайг зодсон. Хэлчих юм бол аавыг уйлах байх гэж бодоод яагаад тасалсанаа огт хэлээгүй, би сайн байгаа биз? Шөнө бүр аав таныг санаад ганцаараа уйлж байхыг нь би харсан юм.

Ээжээ, хүү нь таны царайг мартах гээд байна. Хайртай, санаж байгаа хүнийхээ зургийг цээжиндээ тэврээд унтах юм бол зүүдэнд нь ирдэг гэж сонсоод би шөнө бүр таны зургийг тэвэрч унтаж байгаа. Та миний зүүдэнд ганцхан удаа ирж болохгүй юм уу? Тэгээч дээ, ээж ээ" гэсэн байв.

Захидлыг уншаад өөрийн эрхгүй нулимс минь урсаж, хайрлуулах л гэж төрсөн бяцхан хүүдээ ямар хатуу хандаж байснаа, бас эхийнх нь хайрыг орлож чадахгүй байгаадаа сэтгэл маш их өвдөв. Эргэж гэртээ ороод би "Mиний хүү, чи энэ дэлхийд хайрлагдах л гэж ирсэн. Тийм болохоор ааваасаа юу ч битгий нуугаарай. Чи минь миний цор ганц хайр шүү" гэж хэлээд элгэндээ чанга тэвэрлээ.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?