📅

Энэтхэгээс Монголд өгөх тэрбум долларын зээлийг Хятадын тал “хахууль” гэв

🕔 2016/12/14 14:16

Энэтхэгээс Монголд өгөх тэрбум долларын зээлийг Хятадын тал “хахууль” гэв

 

БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өнгөрсөн баасан гарагт Монголтой холбоотой нэгэн нийтлэл гарсан. 

Нийтлэлд Энэтхэгээс Монгол Улсад олгох нэг тэрбум ам.долларын тус­ламжийг "хахууль” хэмээн тодорхойлсон байв. Түүнчлэн Монгол Улс олон хүчин зүйлийн улмаас үүссэн санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд Нью-Делигээс санхүүгийн тусламж, улс төрийн дэмжлэг хүссэн нь цаашид хоёр талын харилцааг улам хүндрүүлэх бөгөөд "улс төрийн бодлогогүй алхам” байх болно хэмээн бичсэн байв. Товчхондоо "Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Далай ламыг Улаанбаатарт айлчлуулахын тулд "хахууль” маягаар Монголд олгохоор зөвшөөрсөн” гэжээ. Өөрөөр хэлбэл, Далай ламыг Монголд айлчилсан маргаанд Энэтхэгийг татан оролцуулж, Улаанбаатар Нью-Делигээс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээл авахын тулд дээрхийн гэгээнтнийг хүлээн авахаар зөвшөөрсөн гэсэн байна. Тиймээс ч үүсээд буй нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэхийг Энэтхэгээс хүссэн гэжээ.

Тодруулбал, Энэтхэг улс өнгөрсөн долоо хоногт Нарендра Модигийн айлчлалын үеэр амласан нэг тэрбум ам.долларыг ойрын хугацаанд олгохоо мэдэгдсэн нь Хятад-Монголын харилцаа Далай ламын айлчлалын улмаас таагүй харилцаатай байгаа цаг үетэй давхацсан юм.

Түүнчлэн Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболд өнгөрсөн лхагва гарагт "India Today” сонинд өгсөн ярилцлагадаа "Хахир хатуу өвөл ирчихээд байгаа энэ үед Хятад улс бидний эсрэг хориг арга хэмжээ авсанд Энэтхэг улс өөрийн дуу хоолойгоо хүргэх нь чухал” гээд БНХАУ-ын энэ шийдвэрийг эсэргүүцэхийг Энэтхэгээс хүссэн албан захидлыг тус улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлснээ хэлсэн байв. Хэдий тухайн үед Энэтхэгийн зүгээс хариу ирүүлээгүй хэмээн тэрээр ярилцлагадаа хэлсэн байсан ч үүний дараа буюу баасан гарагт Энэтхэгийн зүгээс манай улсад амласан нэг тэрбум ам.долларын зээлээ шийдэж өгөхөөр болсон нь мөн л таагүй давхцал байж таарсан.
Энэтхэгийн хэвлэл БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Канаас энэ тухай тодруулахад тэрээр хариу өгөхөөс татгалзсан байна. Харин эдгээр явдлын дараа дээрх нийтлэл хэвлэгдсэн юм.

Нийтлэлд "Монгол Улс гуравдахь хөршөө хайж, хэлэлцээрээ идэвхжүүлж болно. Гэхдээ Монгол Улс геополитикийн тоглоомын эрсдэлээс сэрэмжлэх ёстой. Монгол Улсын олон улстай харилцах арга зам гэнэн гэмээр байна. Учир нь, олон улстай харилцахад аль аль талын ашиг сонирхолд харшлахааргүй байх ёстой. Харилцан хүндэтгэл, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засагт түлхэц өгөх зэрэг нь Монгол Улс-БНХАУ-ын харилцааны урьдчилсан нөхцөл гэдгийг мэдэх ёстой юм. Энэтхэгээс дэмжлэг хүсэх нь улс төрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх улс төрийн бодлогогүй алхам байх болно. Энэ нь хямралд нэрвэгдсэн Монгол Улсад сургамж болно гэж найдаж байна” гэжээ.

Үүнээс гадна нийтлэлд Хятад Непалтай холбогдож буй төмөр замын ач холбогдлыг онцолжээ. Шинэ төмөр зам нь Гуандун, Төвд, Балбыг холбосон ачаа тээврийн шинэ чиглэл юм. Гэвч өнгөрсөн баасан гарагт хувцас, хэрэгсэл, цахилгаан бараа, барилгын материал зэрэг 2.8 сая ам.долларын үнэ бүхий ачаа ачсан Хятадын ачааны вагон Хятад-Непалын хил дээр гацжээ. Хятадын зүгээс үүнийг Энэтхэг улс Хятад-Непалыг холбосон төмөр замын асуудалд "дарамт” үзүүлж байна хэмээн харж байгаа бололтой. Энэ талаар дээрх нийтлэлд "Хятад-Непал хоорондын төмөр зам дээр эсэргүүцэл үзүүлбэл Энэтхэг-Хятадын харилцаанд эцэс төгсгөлгүй гай тохионо” хэмээн бичжээ. Түүнчлэн "Энэ алхам нь Хятадын барааг зах зээлээс түлхэж болно гэсэн үг биш. Ер нь, Хятад Энэтхэг улс аль аль нь бусад улс оронтой хамтран ажиллахдаа хэт мэдрэмтгий байдлаасаа татгалзах хэрэгтэй” гэжээ. Мөн нийтлэлийн төгсгөл хэсэгт "Стратегийн сэжиг бүхий өөрийн улсын зарим хүн Хятад-Энэтхэгийн хамтын ажиллагааг зааварлахаар оролдож байна” гэсэн байна. 1959 онд Түвдэд Хятадын эсрэг бослого эхэлсний дараа 23 настай Далай лам эх орноосоо дүрвэн гарч, Энэтхэгт суурьшсан байдаг. Үүний дараа буюу 1962 оны аравдугаар сард хилийн хурцадмал бай­дал нэмэгдэж, хоёр хөрш Ги­ма­­лайн дайныг эхлүүлсэн билээ. 
Эх сурвалж: www.assa.mn

Б.СУВД

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?