Дархан суманд ОНХС-гийн хөрөнгөөр бүтээн байгуулалтууд өрнөөд байна
Энэ онд Дархан суманд "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1 тэрбум 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Эдгээр ажлуудаас өнөөдрийн /2016.09.05/ байдлаар гэрээ байгуулсан нь 12 бөгөөд үүнээс 10 төслийн ажил эхлээд байна.
Дээрх ажлуудын гүйцэтгэлийн явцаас хүргэвэл: "Бид олимпийн эзэд төсөл”-ийг "Экстрим стар” ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Харин 11 дүгээр багийн 3, 4 дүгээр байрны Хүүхдийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгүүлэхээр "Дата хаус центер” ХХК-тай гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.
7 дугаар багийн Хүүхдийн тоглоомын талбайн ажлын гүйцэтгэгчээр "Дархан хөлөг”ХХК ажиллаж байгаа бөгөөд ажил 80 хувьтай үргэлжилж байна. Мөн 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбайн ажлын явц 50 хувьтай байгаа ба "Ноён Өндөр” ХХК гүйцэтгэж байна.
Тус суманд хийгдэж буй "Жишиг хороолол-4" төслийн гүйцэтгэгчээр"Маргад Монгол” ХХК ажиллаж байгаа юм. Ажлын явцыг хувьчилбал 10 хувьтай байгаа мэдээлэл холбогдох албаны хүмүүсээс иржээ. Мөн 4 дүгээр багийн 8, 9 дүгээр байрны урд зам, орон сууцны хороолол доторх авто зам засварын ажил 5 хувьтай явагдаж байна. Гүйцэтгэгчээр "Эвт-Уул” ХХК ажиллаж байгаа ажээ.
Үүнээс гадна Өргөө багийн 8б, 9, 11, 14, 15 дугаар байрны орон сууцны барилгын гадна фасадны ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна.
2 дугаар багийн гурван хэсэгт "Шинэ гудамж" төслийн ажлыг "Булган АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэлийн хувь өнөөдрийн байдлаар 90 хувьтай гэсэн мэдээлэл ирсэн бол 15 дугаар багийн "Шинэ гудамж" төслийн ажил 5 хувьтай явагдаж байна.