Үерт автсан айлуудыг нүүлгэж, хохирол тогтоох комисс байгуулжээ
Хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үерийн гамшигт өртөөд байгаа Увс аймгийн Улаангом сумын зарим айлыг нүүлгэж, үерийн усыг соруулан, далан шуудууг сэргээн завсарлах ажлыг эхлүүлсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагийн 18.00-18.19 цагт Увс аймгийн Улаангом суманд үер бууж, 8 багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урсаж байгалийн гамшигт өртсөн юм.
Түүнчлэн 20 орчим албан газар, ихэнх орон сууцны зоорийн давхар, граж, ногоо, жимсний талбайнууд болон ус зайлуулах хоолой, шугам нь тавигдаагүй, эсвэл буруу газраа тавигдсан шинэ замуудын дагуу айл өрх, барилга байгууламжууд усанд автсан билээ. Нөхцөл байдал хүндэрсэн, иргэд аж ахуйн нэгжүүдэд хохирол учирсан, цаашид энэ байдал үргэлжилж болзошгүй байгаагаас үүдэн Увс аймгийн онцгой комиссийн дарга, Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар удирдуулсан Онцгой комисс хэд хэдэн удаа хуралджээ. Хурлаар хүндрээд байгаа газруудад анхаарал хандуулж, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, үер усны урсацыг сааруулж боох, урсгалыг өөрчлөх, хэрэгцээ шаардлага тулгарсан үед эмнэлгийн тусламж үзүүлэх, гэрэл цахилгаанаар хангах, усанд ихээр автсан газруудын усыг соруулж түвшинг багасгах зэрэг яаралтай авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
Онцгой комиссын гишүүд болон зарим байгууллагуудын даргаар ахлуулсан баг, бүлгүүдийг томилж нөхцөл байдал хүндрээд байгаа газруудад очиж ажиллах үүрэг даалгавар өгчээ. Үер болсон 7-ны шөнийн байдлаар Улаангом сумын Галданбошготын 7 давхарын гражаас 620 тн, "Мөнгөн хээ” ХХК-ний 24 айлын орон сууцны гражаас 600 тн, "Элбэг плаза" төвөөс 80 тн, "Хос өргөө” орон сууцнаас 400 тн, гэх мэт нийт 5091 тн усыг соруулж, зайлуулсан байна. Мөн Улаангом сумын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 5-р багийн нутаг наадмын талбай орчмын нэг км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулжээ. Дээрх гамшгийн голомтод Аймгийн ЗДТГ, ОБГ, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р анги, Цэргийн штаб, Тагнуулын газар, ЦТС ХХК, ХХААГ, "АЗЗА" ХХК, "Тоосгон уул” ХХК гэх мэт байгууллагаас нийт 114 албан хаагч, 18 автомашин, 2 ковш трактор ажилласан байна.
Үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулжээ. Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, МАА, гэр хорооллол, зам, Барилга байгууламж, Эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллуулахаар болжээ. Хохирол тогтоох комиссыг Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал ахлан ажиллаж байгаа юм байна.
Д.Заяа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих