Жэк Ма Монголд иржээ
"Алибаба” группыг үндэслэгч Жек Ма Монголд иржээ. Тэрбээр "Алибаба” цахим худалдааны сайт нь амжилт олж, хөрөнгийн биржид 27.3 тэрбум ам.доллар босгосноор Хятадын тэргүүн баячуудын нэг болсон юм. 2014 оны есдүгээр сарын 19-ны өдөр Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр Хятадын Алибаба группийн анхлан гаргасан хувьцааны үнэ дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн амжилтыг тогтоосон. Алибаба 21 тэрбум ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцож байсан ч худалдаа хаагдахад 25 тэрбум хүрсэн байсан юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд Алибабагаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк болон мөн Хятадын ХАА-н банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байсан юм.
Тэрбээр манай улсад ажил хэрэг болон амралтын шугамаар ирж байгаа бөгөөд Монгол улстай танилцах, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудтай уулзах гэнэ.
Ма Юнь гэж хэн бэ?
Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд төрсөн. Ма тийм ч толгой сайтай хүүхэд байсангүй. Дунд сургуулийн багш нар нь түүнийг хулигаан, хоёрооё өөр дүн авдаггүй, нойлын ногоон тэг хэмээн ад үздэг байжээ. Дунд сургуулиа арайхийн төгсөөд Ма Бээжингийн Их сургуульд элсэхээр явлаа. Толгой хоосон, халаас хоосон ч Ма-д харин амбиц байлаа. Эхний жилдээ математикийн шалгалтан дээр авах ёстой 100 онооноос Ма ганцхан оноо авсан ч шантралгүй дараа жил нь дахин өгсөн ч мөн л тэнцсэнгүй. Ийнхүү Бээжингийн Их сургуульд элсэх мөрөөдлөө орхин Ма төрөлх хот Ханчжоудаа эргэн ирж Багшийн сургуульд элсэн оржээ. Англи хэлний багшийн ангийг дүүргэсэн Ма Электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллах болов. Сарын цалин нь дөнгөж 100 юань учраас амьдралаа залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын ажил хийдэг болов. Улмаар түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ.
1992 онд Ма найзуудтайгаа нийлж, Орчуулгын товчоо ажилуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй байсангүй. Орлого олохгүй байсан учраас Орчуулгын товчоогоо хааж, наймаа эрхлэв. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй наймаачин гэдгээ мэджээ. Ингээд 1995 онд Ма АНУ руу очиж бяцхан интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе байлаа. Интернэт кафедаа орчуулга хийх зар тавьсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн арван ажлын захиалга орж иржээ. Нутагтаа буцаж ирээд Ма "Хятадын шар хуудсууд” нэртэй лавлахын нээсэн бөгөөд сайт нь сурталчилгаанаас бүрэн санхүүжиж байлаа.
Энэ үес Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, хятадын бараа дэлхийг бүрхэж байхад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ. 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ.
Ингээд жилийн дараа буюу 1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээлээ. Ажлын өрөө болгон орон сууцны нэг өрөө байрыг хөлсөлж байлаа. Төдөлгүй байдал нааштайгаар өөрчлөгдөж, АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван сая ам.долларын хөрөнгө орууллаа. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өслөө. Сая Нью Йоркод гаргасан хувьцааны дараагаас Алибаба дахь Softbank-ийн хувьцаа 74,2 тэрбумаар үнэлэгдэж байна.
Ингээд гурван жилийн дараагаас буюу 2002 он гэхэд Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн дуудах болжээ. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг 2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авлаа. Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 300 сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна.
Өдгөө "Алибиба” компани өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж, арилжаа наймаанд нь зуучилж байгаа гэнэ.
Д.Бат
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих