📅

Дональд Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол бодлогууд

🕔 2025/01/20 16:22

Дональд Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол бодлогууд

 

Дональд Трамп 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, энэ сарын 20-нд албан тушаалдаа орохоор төлөвлөж байгаа билээ.
Тэрээр хилийн аюулгүй байдал, хууль бус цагаачдыг албадан гаргах, улс төрийн тэргүүлэх зорилтуудыг шийдвэрлэх 100 орчим захирамжийг бүрэн эрхийн эхний өдрөө батлахаар бэлдээд байна гэж хэвлэлийнхэн мэдээлсэн.
Түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол бодлогуудыг тоймлон хүргэе.
Худалдааны тариф
Дональд Трамп АНУ-д экспортолж буй Хятад улсынхаас бусад бараа бүтээгдэхүүнд 10-20 хувийн татвар, харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн татвар ногдуулах санал дэвшүүлсэн. Үүнийгээ гадаад худалдааны алдагдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг идэвхжүүлэх зорилготой хэмээн тайлбарлаад буй. Уг санал хэрэгжсэнээр америкчуудад жилд дунджаар 2600 ам.долларын нэмэлт зардал үүсэх тооцоо гарсан байна. Ийнхүү өндөр тариф тогтоосноор худалдааны дайныг өдөөх магадлалтайгаас гадна автомашин, хагас дамжуулагчийн салбарт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Гадаад бодлого
Дональд Трамп Оросын ашиг сонирхлыг тодорхой хэмжээгээр дэмжсэн хэлэлцээрт хоёр талыг зуучлах замаар Орос Украины дайныг дуусгана гэж мэдэгдсэн. Мөн АНУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Хятадын бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтаас хамааралтай байдлыг багасгахад анхаарч, эдийн засгийн бие даасан байдлаа үргэлжлүүлэн хадгалахаа онцолсон. Түүнчлэн Трампын төлөвлөсөн бодлогууд хэрэгжсэнээр Энэтхэг-Номхон далай дахь цэргийн оролцоо нэмэгдэх боломж бүрдэхээс гадна Ираны талаар хатуу байр суурь баримтлахын зэрэгцээ Израил, Персийн булангийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Трамп НАТО болон түүний гишүүн орнуудыг АНУ-аас цэргийн тусламж авдаг гэж байнга шүүмжилдэг. Тиймдээ ч НАТО-гийн бүтцийг өөрчлөх, тэр дундаа гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардлын хэмжээг ДНБ-ий таван хувьд хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Цагаачлалын бодлого
Трампын засаг захиргааны үед хууль бус цагаачлалаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ-Мексикийн хилийн дагуу хаалт барихыг онцолсон. Түүнчлэн хилийн хана барих, визний хатуу зохицуулалтыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авснаар цагаачдын бөөгнөрөл ихэссэн хөрш орнуудад дарамт учруулахаас гадна цагаач ажилчдаас хамааралтай салбаруудад ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болно.
Трамп АНУ-ын түүхэн дэх "хамгийн том албадан гаргах" ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаагийн сацуу өмнөх цагаачлалын бодлогыг өөрчилж, 2019 онд эхлүүлж байсан "Stay in Mexico" бодлогыг сэргээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Тус бодлого нь АНУ руу орж ирэхээр өргөдөл гаргасан Мексик цагаачдыг шүүхийн үйл явц дуусах хүртэл Мексиктээ үлдэж хүлээхийг шаарддаг журамтай.
Тэрээр хууль бус цагаачлал, хар тамхины урсгалыг таслан зогсооход хамтын ажиллагаагаа дэмжих зорилгоор Мексик, Канад улсаас импортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах бодолтой байгаа аж. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампын хилийн аюулгүй байдал, цагаачлалын асуудлаарх зорилго, зорилт тодорхой байгаа боловч бодлогоо хэрэгжүүлэхэд ашиглах арга хэмжээнүүдийн нарийн ширийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Дотоодын бодлого
Дональд Трамп Америкийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихыг чухалчилж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг багасгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой бодлого баримтлахаа амласан. Ингэснээр Ази дахь үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг тасалдуулах, дэлхийн худалдааны гэрээнүүдийг дахин шинэчлэхэд хүргэж болзошгүй. Дээрээс нь дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлж, газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бий болгоход анхааран ажиллахаа онцолсон юм.
Түүний сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хамгийн олон удаа амласан амлалтуудаас дурдвал:
  • Бичиг баримтгүй 11 сая цагаачийг бөөнөөр нь албадан гаргах
  • Урд хилээ хааж, төрөлхийн иргэншлийг зогсоох
  • Гадны улсуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд урьд өмнө байгаагүй их хэмжээний татвар ногдуулах
  • Тогтсон хүмүүс, албан байгууллагуудад зориулж татварын хэмжээг бууруулах
  • Элон Маскийн тусламжтайгаар засгийн газрын зардлыг их наядаар танах
  • Вакцины шинжээч Роберт Ф.Кеннедигийн тусламжтайгаар эрүүл мэнд, хүнсний тогтолцоог шинэчлэх
  • Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чиглэсэн зохицуулалтаас гарах гэх мэт.
Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн явагдсан Сенатын сонгуульд Бүгд Найрамдах Нам олонх болж, Трампын засаг захиргааны бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь тодорхой болсон. Түүнчлэн дээрх бодлогууд нь АНУ-ын дотоод, гадаад бодлогод томоохон өөрчлөлтүүдийг авчрах төлөвтэй байна. Харин Трампын засаг захиргаа эдгээрийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа харуулах билээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?