📅

Говийн бүсэд гэр бүл салалт, баруун бүсэд өсвөр насны охид жирэмслэлтийн асуудал ИХ БАЙНА

🕔 2024/09/06 10:46

Говийн бүсэд гэр бүл салалт, баруун бүсэд өсвөр насны охид жирэмслэлтийн асуудал ИХ БАЙНА

 

Орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсэд аравдугаар сараас эхлэн "Хүний эрхийн төлөө хамтдаа" арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэв. 

Үргэлжлүүлэн аймаг, орон нутагт ямар зөрчил нэмэгдэж буй талаар дараах мэдээллийг танилцууллаа. 



Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байна. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн тоо ихэсжээ. 

Тэр дундаа захиргааны зөрчил, охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн.

Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт 210,000 орчим хүн амьдарч байгаа бөгөөд уул уурхайн салбар голчлон хөгжсөн.

2023 оны жилийн эцсийн байдлаар Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 91 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ 62,000 ажлын байрыг бий болгож байгаа.

Үүнийг дагаад уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтот бүлгийн эрх хамгаалах асуудал говийн бүс нутагт тулгамдаж байгаа.

Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн голлох салбарыг эрхэлдэг бөгөөд улсын үр тарианы 60 орчим хувийг үйлдвэрлэдэг.

Төвийн хатуу хучилттай авто зам, төмөр замаар холбогдсон бүс нутаг. Дээрх бүс нутагт шилжин ирэгсдийн тоо жил болгон нэмэгдэж байгаа.

Тухайлбал Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд нийт 6,000 гаруй иргэн шилжиж ирсэн тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлж буй. Үүнийг дагаад зорилтот бүлгийн эрхийн асуудал ихээр хөндөгдсөн. 

Тулгамдаж буй асуудалтай холбоотойгоор төсөв хөрөнгийг шийдвэрлэх, хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна.

Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт буюу агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэргийн зөрчлийн гаралтыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт зэрэг хүний эрхийн асуудлууд байна.

Түүнчлэн гаднын шалтгаант нас баралт тэр дундаа зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байгаа.

Тухайлбал Говь-Алтай аймагт

  • 2022 онд 295 хүн нас барсны 39
  • 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гаднын шалтгаантай нас баржээ.

Үргэлжлүүлэн ХЭҮК-оос "Хүний эрхийн нөхцөл байдлын талаар комиссоос дүн шинжилгээ хийгээд 21 аймгийн Засаг дарга нарт мэдээллийг хүргүүлсэн.

Аймгийн Засаг дарга нар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахдаа хүний эрхийн нөхцөл байдлын талаар анхаарч үзэхийг зөвлөмж болгосон" гэлээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?