📅

Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын найз: Найз минь аавынхаа малгайг өмсөөд дэлхийн дэвжээнд гарах мөрөөдлөө биелүүллээ

🕔 2024/09/02 14:41

Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын найз: Найз минь аавынхаа малгайг өмсөөд дэлхийн дэвжээнд гарах мөрөөдлөө биелүүллээ

 

Парис-2024 зуны паралимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн билээ. Бид ОУХМ Ц.Баттулгын найз Б.Сайнжаргалтай холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрээр байгаль орчны инженер мэргэжилтэй бөгөөд ОУХМ Ц.Баттулгатай 30 жил найзалж байгаа аж.
Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын найз Б.Сайнжаргал: Өөрөө медаль авсан юм шиг баярлаж байна. Цаанаасаа хөөрөөд, бахархаад омогшоод сайхан байна. Найз минь медаль авах мөчид өөрийн эрхгүй нулимс гарч, шар үс боссон. Миний найз айлын бага хүүхэд. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Аав нь аймгийн хурц арслан байсан. Найз минь аавынхаа малгайг өмсөөд дэлхийн дэвжээнд гарч үзэх юм сан гэж ярьдаг байсан мөрөөдлөө биелүүллээ.
Бид ухаан орсон цагаасаа найзалсан. Манай аав, ээжүүд ч найзалдаг байсан. Манай ард найзын минь гэр байдаг байлаа. Бага байхад хүүхдүүд найзыг минь хараад шоолж, шоглохоор өмнөөс нь муухай харж, уурладаг байсан. Найзад минь хүүхдүүд дээрэлхсэн хандлага гаргаад байхаар хэцүү байдаг байлаа. Манай хүн тоохгүй, юу ч болоогүй юм шиг явдаг байсан. Нөхөрлөлд ялгаатай байдал нөлөөлөх ёсгүй. Ц.Баттулга бол маш их тууштай, сэтгэлийн тэнхээтэй хүн. Би найзыгаа бэлтгэл сургуулилт хийхэд нь хамт байж, байнгын дэмждэг. Маш их хөдөлмөрлөж, тэсвэр тэвчээр гаргаж байгааг нь хараад “Ямар мундаг юм бэ” гээд өөрийн эрхгүй бахархдаг.
Энэ олимпоос хүлээлт ихтэй байлаа. Ямар ч байсан эхний гурван байрны аль нэгэнд шалгарна гэдэгт бат итгэлтэй байсан. Миний найз өөрөө ч гэсэн энэ олимпоос ямар ч байсан яаж ийж байгаад медаль авчихна даа гээд ярьж байсан удаа бий. Тамирчны замналд хэцүү бэрх зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Тэмцээнд амжилт үзүүлэхгүй шантрах үе байна. Түүнчлэн, бэртэл гэмтлээс эхлээд л хэцүү бүхнийг даван гарсан даа миний найз. Найз минь бэлтгэл сургуулилт хийхээс гадна шүдний их эмчээр ажилладаг. Анагаах ухааны сургуульд бараг 10 жил сурсан. Дэндүү мундаг бас ажил мэргэжилдээ ч сайн. Найзаараа бахархаад барахгүй байна гэлээ.
ОУХМ Ц.Баттулга нь Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Тэрээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гран-при болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм. Түүнчлэн, Ц.Баттулга нь Булган аймагт төрсөн бөгөөд өдгөө төрөлх нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг. Оюутан байхдаа Д.Махашира багшийнхаа удирдлагад бөөрөнцөг шидэлт, зээрэнцэг шидэлтээр хичээллэж эхэлсэн байна.
Паралимпын наадам эхэлснээс таван өдрийн дараах байдлаар Монголын баг тус наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байранд бичигдэж байна. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?