📅

Даллаганы уут дүүрсэн үед яах ёстой вэ?

🕔 2016/06/27 13:15
Монголын ихэнх нутагт шар торгоор бүрж, улаан торгоор амсарласан буюу улаан торгоор бүрж шар торгоор амсарласан уут байдаг бол харин баруун Монголд голдуу хайрцаг байдаг бөгөөд түүний таг дээр эрдэнийн зүйлээр бөөлжиж буй хулганын, дөрвөн талд нь найман тахилын зурагтай, доошоо шувтандуу хэлбэртэй, тэгш ёроолтой байна. Харин энэхүү хайрцгийн тагны нэг талд даллагынхаа сумыг хатгах нүхтэй байдаг ажгуу.

 

Даллаганы уут 
 

      
ДАЛЛАГА АВАХУУЛАХ
Энэ нь аливаа хүссэн бүхий зүйлээ (урин) хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл гүйцэтгэх Монгол ёс заншил юм. Монголд Алтангэрэлийн, Намсрайн, Дарь-Эхийн, Гонгорын, Очирваанийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авахуулдаг.

Даллага авахуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс "Буян хишгээ сайн хурааж ирэв үү?" хэмээн асуухад, "сайн хурааж ирлээ" гэж хариулна.

Ламыг даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ "хурай, хурай, хурай" гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног юм гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.

ДАЛЛАГАНЫ УУТАНД
- Есөн эрдэнэ
- Таван өнгийн хадаг
- Таван зүйл шим /ааруул, ээзгий, өрөм, цөрөм, хурууд, бяслаг /
- Таван тансаг идээ / цай, давс, хужир, үзэм, бурам /
- Есөн зүйл эд эдлэлийн чимэг / хоргой, торгоны өөдөс, өнгийн утас /
- Дээд гурван үр / ар үр, бар үр, жүр үр /
- Доод гурван үр / арвай, сарвай, жамбарай /
- Мөн даллага авахуулсан идээ будаанаасаа дээжлэн авч хийнэ.
-Зөвхөн гэрийн эзэн өөрөө авсан төрсөн нутгийнхаа тахилгат уулын чулуу, усны чулуугаа хийж болно.

     
/Анхаар: Даллагын уутанд алт мөнгө, цаасан мөнгө зэрэг зүйлс хийдэггүй уламжлалтай. Учир нь алт мөнгө нь шуналын дэв оруулж, айл өрхийн заяа буянг сэвтээнэ гэж үздэг./

ДАЛЛАГАНЫ УУТ ДҮҮРЭХЭЭР 
Шүншигтэй эд зүйлсээ үлдээгээд, идээг өрхийн тэргүүн сүлд гарагтаа тухайн жилийнхээ буян хишгийн зүгт гарч, уул овоонд тавгийн идээ маягаар засч арц хүж уугиулан өргөнө. Энэхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавж , жигүүртэн шувуу, ан амьтан таны буян хишгийг хүртсэнээр ээл, ивээл, ач тус нь танд болон танай гэр бүлд цаглашгүй буян оршооно.

ДАЛЛАГЫН ХУВИН
 Манай монголчууд, тэр дундаа малчин түмэн маань даллагынхаа хувинг голдуу гурван бүслүүртэй, хоёр талдаа сэнжтэй, агар болон зэс, гууль, мөнгөөр хийдэг байжээ. Даллагаа авахуулахад түүндээ сүү, айраг, тарагны аль нэгийг дүүрэн хийж, хувингийн амсрыг шар тос буюу өрөм, зөөхийгөөр чимдэг байв. Даллаганы хувинг угаадаггүй заншилтай байсан болохоор бүслүүр нь харагдахгүй болтол сааль сүү бүрээд хатчихсан байдаг аж. Үүнийгээ монголчууд уул хувингаа эрхэмлэн дээдэлж ирсний илрэл гэж үздэг байв.

ДАЛЛАГЫН СУМ
Даллагын сум хэмээх нь тохой хэр урт нарийн модны үзүүрт даавуугаар бүрсэн ноосон бөмбөлөг уяж тогтоон, түүнээсээ жаалхан дор модныхоо гурван талд шувууны өдний имсгэл наасан байх бөгөөд түүнийхээ дор нь гуулин буюу хүрэл толь болон таван өнгийн хив хадаг уясан байдаг. Сумныхаа доод үзүүрт төмөр зэвтэй байх ёстой аж. Даллага авахуулахдаа гэрийн эзэн сумаа барьж гаран хотоо эргэдэг.  
 
Эх сурвалж: Solongonews.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?