Улсын арслан Э.Оюунболдын карьер энд дуусч, өөрийгөө “аллаа”

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн цагаан сарын барилдаанд барилдсан шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан билээ. Гэвч хоёр бөхөөс сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэхдээ энэхүү шинжилгээний хариугаа баталгаажуулж дахин шинжилгээ өгөх ёстой байсан. Тэгвэл А сорьцийн шинжилгээгээ Б сорьцоор баталгаажуулах хариу иржээ. Хамгийн гол сэргээш хэрэглэсэн бөх хэн байв гэдэг нэлээд анхаарал татаж, бөхийн хорхойтнуудыг талцуулж хоёр хуваалаа.
Харин өчигдөр МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг албан ёсоор зарласан байна. Холбооны тэргүүн Ц.Магалжав “Хоёрдугаар сарын 20-н буюу битүүний өдөр 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ирсэн. Үүнээс 14 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 18-ны дотор допинг илэрсэн нэг бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй гэсэн 33 хуудас материал ирсэн. Бөхийн холбооны ажлын алба ирсэн өдөр нь тухайн бөхдөө энэ мэдээллийг хүргүүлсэн. Утсаа аваагүй тул мессеж бичсэн. Маргаашнаас нь утас нь холбогдоогүй. Шинжилгээ өгөхдөө анкет бөглөдөг. Анкет дээр нь гэрийн хаяг бичдэг. Тус гэрийн хаягаар нь гурван удаа очсон. Хүн байгаагүй. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-н гэхээр нөгөө бөхийн эрхийн асуудал бий. 14 хоног буюу тавдугаар сарын 21-ний дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Шинжилгээнийхээ хариу, мэдээллээ авсан ч дөрөвдүгээр сарын 5-наас өнөөдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд огт холбогдоогүй. Ирж ч уулзаагүй. Тиймээс битүүний өдөр дөрөв давсан 16 бөхийн нэг улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн. Хугацаа нь болоод өнөөдөр зарлаж байна. Бид ирээд уулзчих болов уу, тайлбар өгөх боловуу гэж хоёр сар хүлээлээ. Харамсалтай нь ирсэнгүй” гэж News.mn сайтад мэдээлэл өгчээ.
Э.Оюунболдын хувьд сэргээш хэрэглэсэн нь анхны тохиолдол биш. Тэрбээр өмнө нь сэргээш хэрэглэсэн асуудалд холбогдож, олныхоо хайр хүндлэлийг шингээсэн Улсын аварга цолоо хураалгаж, улсын арслан цолтон болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрбээр сэргээш хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй үгүйсгэсээр байсан. Тэгвэл энэ удаад үгүйсгэх гээд ч үгүйсгэж чадахааргүй байдалд оржээ. Гэхдээ тэрбээр ДНК өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Бөхийн холбооны тэргүүн нь холбогдож, холбоо барьж чадаагүй байна. Тэргүүн хүний нэр төрд халдаж, худлаа мэдээлэл өгөхгүй болов уу.
Ийнхүү Э.Оюунболд арслан гурав дахь удаагаа допингийн шинжилгээнд бүдэрлээ. Тэрбээр өмнө 2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн. Олон ч үйл явдал өрнөж, барилдах эрхийг нь сэргээсэн боловч Хүй долоо худагт болсон барилдааны үеэр Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан хоёроос шинжилгээ авахад түүнээс дахиад л илэрсэн. Одоо бас дахиад л илэрч бүдрэв. Ийнхүү өөрийн өөрийгөө “алж” карьераа энд хүргээд дуусгалаа. Тэрбээр дахин төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд, заал танхимын барилдаанд барилдах эрхгүй болов. Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд ийнхүү гурав дахь удаагаа шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд бүх насаараа барилдах эрхээ хасуулах шийтгэлтэй юм байна.
https://www.toim.mn/article/62e377cc?fbclid=IwAR1IQzqqlU4lvaI1I1fO1RmzDL7cFpmGgjAGcCXGKn8KDoNPfCgVEVbjbD4
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих