📅

Б.Жавхлан: Бага цалинтай бол ₮400-600 мянга, өндөр цалинтай бол ₮10-20 мянгаар нэмэгдүүлэх тооцоолол хийж байгаа

🕔 2023/05/18 13:38

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр төсвийн тодотголын талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг хэлэв. 
Тэрбээр "Сүүлийн гурван жилийн хугацаанд коронавирус болон дайн тулаантай холбоотойгоор төсвийн нөхцөл байдал хүнд байлаа. Мөн мөнгөний бодлого хатуу төлөвтэй удаан явж ирлээ.
Тэр хэмжээгээр төсвийг тэлэх бодлого явуулах боломж хязгаарлагдмал байсан. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж, нэмэгдүүлэх боломж гараагүй.
Төсвийн боломж, эдийн засгийн өсөлт, тэлэлтүүдтэй уялдуулж ХНХЯ-наас тооцоолол хийж байгаа.
Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх гэхээс илүү олон жил явж ирсэн хөрөөний ир шиг жигд бус цалинд тохируулга хийх шаардлагатай. Эхний тооцооллоор цалин 400,000-600,000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарч ирж байна. Нөгөөтээгүүр өндөр цалинтай тохиолдолд 10,000-20,000 төгрөг нэмэгдэх тохируулга хийх тооцоолол гарсан. 
Бүгдийнх нь цалинг тэдэн хувиар жигд нэмнэ гэж хэлэх нь тохиромжгүй. Тооцоололтой уялдуулж, төсвийн тодотгол хийх асуудал яригдаж байна" гэв. 
Мөн "Эдийн засаг маань харьцангуй тогтворжиж байгаа. Төсвийн орлого бүрдүүлэлт хэвийн хэмжээнд үргэлжилж байна. Экспортууд маань хүлээж, тооцоолж байсан хэмжээндээ байгаа. Зарим нь давж биелж байна.
Тухайлбал, энэ жил 36 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолж байсан бол өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харахад 20.7 сая тонн буюу 60 гаруй хувь нь биелсэн. 
Бид нийлүүлэлтийн инфляцаас эрэлтийн инфляц руу аль хэдийн шилжсэн. Өөрөөр хэлбэл, цалин орлогоо нэмсэн ч нөгөө талд дахиад инфляц өснө. Үүний араас хөөж дахиад цалингаа нэмэх болно. Ийм орлого дагасан инфляцын чөтгөрийн тойрогт дэлхийн улс орнууд орчихлоо. Үүнийг хамтдаа шийдэх ёстой гэдэг гол дүгнэлтэд хүрсэн байдаг. 
Бүх талынхаа балансыг харж эдийн засгийн нөхцөл байдлаа удирдахгүй бол эмзэг байгаа" хэмээн хэлэв. 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?