Гаалийн газрын нягтлангийн гэрээс 60 мянган рубль, 10 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураажээ
Гаалийн улсын байцаагчийн гэрээс их хэмжээний алт, валют хурааж авсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Эл асуудлаар Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр тайлбар хийлээ. Тус газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч С-ийн гэрт хуулийн байгууллагаас үзлэг нэгжлэг хийсэн байна. Хяналт шалгалтын явцад 10 тэрбум төгрөг, 9 кг алт хураагаагүй. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй байна.
Хуулийн байгууллагаас авсан мэдээллээр улсын байцаагч С-ийн гэрээс 60 орчим мянган рубль, 10 орчим үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч ирсэн байна. Эдгээрийг ямар эх үүсвэрээс бий болсныг шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Гаалийн байцаагч С нь 2015 оноос Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт нягтлан бодогч-гаалийн байцаагчаар ажилласан. Нягтлан бодогч тухайн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг хүн. Шуудан илгээмжийн буюу гаалийн хяналт шалгалтын ажилд огт оролцдоггүй. Нягтлан бодогч С ч 2015 оноос гаалийн хяналт шалгалтын ажилд оролцоогүй.
Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Б.Хэрлэн
http://www.shuud.mn/a/549203
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих