📅

Хандлага ба харах өнцөг

🕔 2023/04/24 10:17
Женев нуур нь Швейцар, Франц хоёр улсын хилийн зааг юм. Нуурын мандлын тэхий дундуур хоёр улсын хил зааглагддаг аж. Нуурын зүүн эрэг дагуух хурдан галт тэрэг, Европын орнуудыг холбосон олон улсын авто замаар Лозаннагээс эхлээд Верн, Цюрих хотууд, цаашлаад Лихтенштайны вант улс, Австри улс руу, жаахан зүүн урагшлаад Итали улс руу давхиад хүрчихнэ.
Харин нуурын баруун эрэг дагуу үндсэндээ Францын жижиг хот, суурин, аялал жуулчлалын газрууд, усан портууд дүүрэн юм. Женев хотын баруун захаас хурдан галт тэргээр найман буудал яваад Францын нутаг руу орж, Женев нуурын баруун эргийн аялал жуучлалын газруудад хүрчихнэ.
Европын орнуудын нэг онцлог нь хот төв, зах гэхгүйгээр амралт зугаалга, аялал жуулчлалын газрууд нь үргэлжилнэ. Гэтэл манайд ямар билээ, хэдэн жуулчин суулгаж хотоос гараад гурав, дөрвөн зуун км давхиж байж Өвөрхангайн Элсэн тасархай, Хархорин, эсвэл Хэнтийн Цэнхэрмандал, аймгийн төв орно. Замд хэдэн сум, суурингийн төв, амралтын газрууд, айлууд л тааралдана. Эзэнгүй юм шиг эзгүй хээр нутаг, багширсан мал сүрэг л жуулчдын нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээнэ. Үзэх юмаар маруухан, очих газар нь хол, зам харгуй нь сайнгүй, тохв тухаар ч тааруухан. Энд мэдрэмж, сэтгэлгээний хоцрогдол дутаад байх шиг.
Швейцар, Францын хотууд, аялал жуулчлалын газруудыг ажиглахад мөнгөнөөс илүүтэй хүний ая тух, аюулгүй байдлыг хангадаг, үзэж сонирхох юмыг бага гэхгүй ач холбогдол өгч анхаардаг, дэд бүтцийн асуудлыг ихэд чухалчилдаг юм байна. Амралт, баяр ёслолын өдрүүдэд хүмүүс хүүхдээ дагуулаад, нохойгоо хөтлөөд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө олуулаа нуурын эрэгт амарч зугаална. Томчууд нь гадаа зассан ширээнд хооллож, пиво, дарс шимцгээн, хүүхдүүд нь тоглоомын талбайд наадаж шуугилдана. Ёстой нэг нар нь гарч байгаа бололтой хүүхдийн инээд цалгина.
Швейцар, Францын хаана ч очсон хүмүүс амарч зугаалах дэд бүтэц, зам талбайг маш сайн бүрдүүлдэг, харж сонирхох зүйлсийг бага гэхгүйгээр анхаарч, сэтгэл, мэдрэмж гаргаж хийсэн байх юм.
Женев нуурын баруун эрэг дагуух Францын амралт, аялал жуулчлал жижиг суурингаар аялахад хуучин модны хожуул, мөчрийг хүртэл эвийг нь тааруулан эвтэйхэн засаж янзлаад элдэв амьтны дүрс хэлбэртэй болгоод гудамж, талбайд, байшин барилгынхаа хажууд байрлуулсан байх аж. Хоолны газар нь л гэхэд модны хожуулыг засаж янзлаад ном уншиж суугаа хүүхдийн дүрс хэлбэртэй болгоод хоолныхоо менюг бичсэн нь жуулчид ихэд сонирхож байгаа харагдав.
Суурингийн төв гудамжинд жижигхэн талбай гаргаж, дээр үеийн франц айл гэр хэрхэн аж төрж амьдардаг байсныг нэг ёсны амьд үзүүлэн маягаар харуулж засаж тохижуулсан байх аж. Ногооны талбай, тарьсан цэцэг ургамал, усанд ордог, бие засдаг өрөөнүүд, хашаа, саравч, түлээний амбаар, хөрөөдөөд хагалж хураасан түлээний мод, бас модоор хийсэн яндан, пийшин гээд өнөө үеийн хүүхэд залуус нүдээр харах нь байтугай төсөөлж байгаагүй ахуйг эндээс харж болох ажээ. Энэ нь гадаадын жуулчид төдийгүй өөрийн орны хүүхэд, залууст түүх, уламжлалт ахуйгаа мэдэж авахад ач холбогдолтой үзмэрүүд юм.
Бас гудамжны голын зүлгэн дээр модон хийцтэй дунд гарын төгөлдөр хуур байрлуулж, эргэн тойронд нь хөгжмийн долоон нот цацарч буйг харуулжээ. Харахад модон хайрцаг нь гандаж халцарсан ч гэлээ хөг аялгуу сайтай, сонин үзмэрийн нэг аж.
Авсаархан зай талбайг засаж янзлаад нүдэнд аятайхан төрхтэй болгочихдог, бүхий зүйлд хүний ая тухтай, аюулгүй таатай байдлыг чухалчилдаг нь барууныхны нэг онцлог чанар юм. Аялал жуулчлалын маршрут, дэд бүтэц, жуулчдад үзүүлж харуулах юмыг холын замаас бус хотын төвөөс, захаас эхэлж, давхиж ядраагаад нэг газар очдог биш зам зуураа бага гэхгүйг үзүүлж сэргээсээр буцаадаг болмоор. Тэгж байж л жуулчид сэтгэлдээ нэгийг мэдэрч, хоёрыг ухаарч буцна. Түүнээс манайх дэлгэр сайхан нутагтай гэж цэлийсэн талаар давхиулсаар буцаадаг цаг өнгөрчээ. Тэр сайхан талд жуулчдын сэтгэлийг татаж, хонон өнжин саатах ая тухыг бүрдүүлэх нь л чухал юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?