📅

Өвөл ч яахав, хавар л хатуу

🕔 2023/02/28 17:27

Өвөл ч яахав, хавар л хатуу

 

Туулай жилийн хаврын тэргүүн сар гарч, хот, хөдөөгүй өргөн дэлгэр шинэлцгээлээ. Тэгэхээс ч аргагүй биз. Сүүлийн 2-3 жил дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байсан учраас энэ жил ёстой л нэг хөлхөж тэмдэглэцгээв. Дээрээс нь энэ жилийн хувьд архи дарсны хэрэглээ эрс багасаж, бэлэн мөнгөөр гар цайлгасан гээд олон сайхан зүйлсийг ч хүмүүс ам уралдан хэлэлцсээр байна. Тэгвэл өвлийг өнтэй давсан монголчууд бидний хувьд хаврын хахирган саруудыг энх мэнд туулах бас нэгэн сорилт бий билээ.

Энэ жилийн хоёрдугаар сар гарсаар Монгол орны хувьд нийт нутгийн 70 гаруй хувь нь их, 20 хувь нь дунд зэргийн зудын эрсдэлтэй байгаа мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Үүнийг тоймлон хэлбэл хоёрдугаар сарын эхээр найман аймгийн 13 суманд цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжсэн гэсэн үг.

Мөн Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас хоёрдугаар сарын 10-ны байдлаар гаргасан албан мэдээллээр 2023 он гарсаар 365.685 толгой том малын зүй бусын хорогдол гарсан байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 132.472 толгойгоор нэмэгджээ.

Ердөө долоохон хоногийн дотор 130 гаруй мянган мал зүй бусаар хорогдсон цаг хатуугийнх гэж хэлэх, бодох нь их байж мэднэ. Харамсалтай нь Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлөв байдлын мэдээгээр олон жилийн дунджаар гуравдугаар сард Алтай, Хангайн нурууны өвөр, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-6 мм, бусад нутгаар 0-4 мм хур тунадас ордог бол IV сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 6-10 мм, бусад нутгаар 0-4 мм хур тунадас ордог гэсэн байна.

Мөн дээрх хугацааны ихэнхэд баруун аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байдаг гэжээ. Гэтэл малын зүй бус хорогдлоор хоёрдугаар сарын 10-ны байдлаар Завхан /55559/, Сүхбаатар /51430/, Увс /47990/, Архангай /47870/, Ховд /19278/ гэсэн аймгууд тэргүүлж байв. Үүнээс харахад олонх нь баруун аймаг байгаа юм. Мэдээж манай улс эрс тэс, урьдчилан тааварлах аргагүй цаг агаарын нөхцөлтэй. Гэнэтхэн л цасаар шуураад хоттой малыг нь дарчихдаг тохиолдол олон гардаг. Уржнан жилийн тавдугаар сард л гэхэд Дундговь аймгийн нутгаар цасан шамарга орж, сүүлдээ хүчтэй шуурснаас болж нойтон элсээр хоттой малыг нь дараад барьцалдуулчихсан юм даг.
 
Сүүлийн үед мал, малчин хоёроо гадуурхах хандлага түгээмэл болсон. Хувийн өмчөө маллаж байгаа хүнд Хөдөлмөрийн баатар өглөө, мах, сүү хэт үнэтэй байна, юм л бол тусламж гуйдаг, өөрийн арчаагүйгээс боллоо зэргээр хот суурин газрынхан маань сошиал орчны цаанаас ам хэлээ уралдуулдаг. Зарим нь хэдийгээр үнэний ортой мэт боловч байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Дээрээс нь байгалийн сүр хүчний өмнө хүн гэдэг амьтан дэндүү өчүүхэн. Нэг л шөнийн шуурганд амьжиргааны гол эх үүсвэр болсон хэдэн малаа үхүүлж, харлаж онгойсон хотоо хараад зогсож байгаа малчныг харах нь бүү хэл төсөөлөхөд ч нүд халтирч, элэг эмтрэм байдаг юм. 

Сар шинэ хуучраагүй байхад муу амлалаа гэх нь гарах л байх. Гэхдээ цас зудын нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг харахад манай улсын нийт нутгаар хавар нь чангахан болохоор дүр зураг гарч байна. Тиймээс л дээр, дооргүй анхааралтай байж, хахирган хавар цагт элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг хэлээд байгаа хэрэг.

Тэгээд ч мал гэдэг Монгол Улсын оршин байхын үндэс, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг. Тийм ч учраас Үндсэн хуулийнхаа тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан билээ.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?