📅

​2023 оны таамаг: Монголын эдийн засагт юу болох вэ

🕔 2022/12/27 11:35

​2023 оны таамаг: Монголын эдийн засагт юу болох вэ

 

Шинэ он гарахад тавхан өдөр үлджээ. Улиран өнгөрч буй 2022 онд Монголын эдийн засаг олон сорилт, хүндрэлтэй нүүр тулсан жил байв. Урд хөрш хатуу хөл хориотой, хойд хөрш дайнтай. "Ковид-19" цар тахлын дараах эдийн засгийн агшилт, өмнө нь байгаагүй өндөр үнийн өсөлт, ханшийн дарамт, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, улсын валютын нөөц буурлаа. Ирэх 2023 онд ч эдгээр хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна. Ололт амжилт гэвэл монголчууд дотооддоо хийж бүтээж чаддагаа харуулсан жил байлаа. Монголчууд гучин жилд барьж чадаагүй төмөр замуудыг өнгөрсөн гурван жил барьж, 2022 онд ашиглалтад орууллаа. Хамгийн сүүлийнхийг нь буюу Ханги-Мандал чиглэлийн 226.9 км төмөр замыг наймхан сарын дотор барьж, 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулав. Зарим боомтын үйл ажиллагааг сэргээж, гарцаа нэмлээ. Санхүүгийн зах зээл идэвхжиж, Монголын хамгийн том банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй компани болох эхлэлээ тавив.  

Тэгвэл 2023 онд Монголын эдийн засагт үүсэх сорилт, томоохон үйл явдлыг тоймлоё. 

Эдийн засаг 4-6 хувь өснө

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС-аас 2023 оны Монгол Улсын эдийн засгийн төсөөллийг шинэчлэн танилцуулсан. Урд, хойд хөршийн нөхцөл байдал намжмал, хил гааль бүрэн нээгдвэл эдийн засгийн өсөлт 4-6 хувь өснө гэж таамагласан. Хамгийн гол нь Оюу толгой ордын гүний уурхайн олборлолт эхэлж, экспорт сэргэнэ гэсэн хүлээлтэд үндэслэн эдийн засгийн суурь өсөлтийг ингэж тооцсон.  ОУВС 4 хувь, Дэлхийн банк 6 хувь, Азийн хөгжлийн банк 4.9 хувь өснө гэж тус тус таамаглажээ. 

Өндөр инфляц үргэлжилнэ

Үнийн өсөлт саарах төлөв ажиглагдахгүй байна. Ирэх онд бараа бүтээгдэхүүний үнэ улам л өснө гэж иргэд ч, эдийн засагчид ч таамаглаж байна. Мөн олон улсын байгууллагууд ч өнөөгийн 14-15 хувийн өндөр инфляц хэвээр хадгалагдах төсөөллийг танилцуулсан. Харин Монголбанк, Засгийн газар 2023 он төсөв мөнгөний бодлогоо батлахдаа инфляцын түвшинг найман хувиар тооцсон, тэр түвшинд хүргэнэ гэж макро эдийн засгийн суурь тооцооллууддаа хийсэн. Гэвч бодит байдал дээр инфляц найман хувьд хүрэх дүр зураг харагдахгүй байна. 

Оюу толгой гүний уурхайн олборлолт эхэлнэ

Оюу толгойн гүний уурхайн тогтвортой олборлолтыг 2023 оны нэгдүгээр улирлын сүүлч, хоёрдугаар улирлын эхээр эхлүүлэх төлөвлөөгөөтэй байгаа аж. Гүний уурхайгаас тогтвортой хүдэр олборлож эхэлснээр урт хугацаанд Монгол Улсын экспорт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн тогтвортой олборлолтыг эхлүүлснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болно. Эхний ээлжид гүний уурхайгаас өдөрт таван мянган тонн хүдэр олборлох бол цаашлаад 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, гүний уурхайгаас өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох юм. Гүний уурхайн хүдэр нь ил уурхайнхаас гурван дахин өндөр агуулгатай учраас энэ хэрээр орлого ашиг нэмэгдэх хүлээлт байгаа билээ. 

Гадаад валютын нөөц буурах эрсдэл

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь манай улсын зургаахан сарын импортын хэрэглээтэй тэнцэх дүн. Хэрвээ 2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй бол албан нөөц буурч, манай улс дефолт зарлах эрсдэлтэй.  Ам.доллар, еврогийн ханш түүхэнд байгаагүйгээр өсч, валютын нөөц шавхагдах эрсдэл 2023 онд хэвээр үргэлжилнэ. Долларын орох урсгал талдаа Оюу толгой гүний уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол томоохон хөрөнгө оруулалт хийгдэхгүй байж магадгүй. Шинэ хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой бус байна. 

Гадаад өрийн сорилт

Ирэх онд Монгол Улсын хамгийн том сорилт нь гадаад өр. Засгийн газар  2020-2024 онд гадаад өрийн эргэн төлөлт 5.1 тэрбум ам.доллар төлөх хүлээлттэй байна. 2023 оны тавдугаар сард 533 сая ам.долларын Гэрэгэ бонд, есдүгээр сард Хөгжлийн банкны 500 сая ам.долларын Евро бонд, арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Самурай бондыг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлөх бэлтгэлийг хангасан гэдгээ мэдэгдсэн. 
Харин Гэрэгэ бондыг Засгийн газар дахин санхүүжүүлсэн. Хөгжлийн банк Евро бондын 500 сая ам.долларын бондыг бэлэн мөнгөөр эргэн төлөх боломжгүй учраас дахин санхүүжүүлэх аргыг эрэлхийлж байгаа юм байна. Гадаад өрүүдийг дахин санхүүжүүлэхийн тулд Монгол Улсын зээлжих зэрэглэл унахгүй, тогтвортой байх нь чухал юм. 

Ядуурал өсөх үү

2023 онд Монгол Улсын ядуурлын түвшинг зарлана. Хамгийн сүүлд 2020 онд зарлахад Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу буюу ядуурлын түвшин 27.8 хувьтай гарсан. 2020 онд ядуурлын шугамын дөнгөж дээр буюу ядуу гэдэг ангилал руу орох эрсдэлтэй иргэдийн тоо нийт хүн амын 15 орчим хувийг эзэлж байжээ. Өнөөдөр энэ эрсдэл улам л нэмэгдсэн дүр зурагтай байна. Орлого нь тасалдаж, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаагаас харж болно. Ядуурлын хувь хэмжээ буурахгүй, ажил эрхлэлт нэмэгдэхгүй, зөвхөн халамжаар амьдардаг бүлэг үүсээд удаж буй. 

Татварууд нэмэгдэнэ

2023 оны нэгдүгээр сарын 1-ээс дараах татвар нэмэгдэнэ.

1. Орлогын албан татварыг шатлалтай болно

2023 оноос хувь хүний орлогын албан татвар шатлалтай болж байна. Өнөөдөр иргэн бүр цалин, хөдөлмөрийн орлогоосоо нийтээрээ 10 хувийн татвар төлдөг. Тэгвэл 2023 оны төсөвт сарын 0-10 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь, 15-аас дээш хувийн орлоготой нь 20 хувийн орлогын татвар төлдөг байхаар оруулж ирж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 10 сая дээш орлого дээр нэмэлт нэг хувийн татвар төлөх зохицуулалтыг хийх аж. Шаталсан татварт нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 1 хүрэхгүй хувь хамрагдах юм байна. Тодруулбал, нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс 1.3 мянган нь 10 саяас дээш цалинтай юм байна. 

2. Тансаг хэрэглээний татвар

2023 онд тансаг хэрэглээнд татвар авна. Эхний ээлжинд 250 сая төгрөгөөс дээш үнэтэй суудлын автомашин худалдан авбал давсан үнийн дүнд нь онцгой албан татвар нэмж ногдуулдаг болох аж. 

3. Тамхины онцгой албан татварыг нэмнэ

Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар янжуур тамхинд ногдуулж буй татварыг ирэх онд 50 хувь, 2024 онд 50 хувь нэмэхээр тооцсон байна. Түүнчлэн, электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулна. 

 

http://itoim.mn/article/KYvy1/36121

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?