📅

Оргон зугтаж явсан Б.Энэбиш өршөөгдсөн үү?

🕔 2016/06/06 10:31

4c9d077507e3ac7ebig

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нартай холбоотой хэрэг сүүлийн үед хэвлэлийнхний анхаарал холдоод байгаа. 1.6  тэрбум гаруй төгрөгийн самосвал  машин, 5 гаруй тэрбумын дугуйн тендертэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан Б.Энэбиш мөрдөн байцаалтын явцад оргон зайлаад байгаа учраас Авлигатай тэмцэх газраас Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар яригдаж байсан билээ. Гэхдээ тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард эх орондоо ирсэн гэх мэдээлэл гарч байсан ч, бас л сураггүй болсон юм. Ер нь бол түүнийг Өршөөлийн хуультай зэрэгцэн Улаанбаатарт буусан гэх мэдээлэл байсан билээ.

Ямартай ч Б.Энэбишийн холбогдсон хэрэгт өөр бусад эрхмүүд ч хамаатай гэдгийг эргэн сануулах нь зөв болов уу. Учир нь том даацын арван машиныг "Эрдэнэс Тавантолгой” худалдаж авсан үе нь  Засгийн газар, Сангийн яам "Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.  "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011 оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. "Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байсан нь АН, МАН-ын хамтарсан засгийн үеийн шийдвэр. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлагыг эрх баригчид тавьж байсан тэр үед буюу 2011 оны есдүгээр сарын сүүлээр хөрс хуулалт болон олборлолтод ашиглах зарим хүнд даацын машинуудын нийлүүлэгдэх хугацаа нь хоцроод байгаагаас ондоо багтаж нэг сая тонн нүүрс олборлох зорилт, уулын ажлын төлөвлөгөө тасалдахаар байж. Гэтэл уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийн захиалга, нийлүүлэгдэх хугацаа дор хаяж хагас жил, жилээр тооцогддог. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө хэрхэн яаж биелүүлэх талаар ажил хариуцсан хүмүүстэйгээ зөвлөлдөөд, онцгой нөхцөл учраас нэмэлт хэдэн машин механизм шуурхай авч ажиллуулъя гэдэг шийдэлд хүрсэн. Ингэхэд хэдэн шалтгаан байсан хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.  Тодруулбал, төлөвлөгөөгөө биелүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт,  томоохон гэрээний дагуу нүүрсээ амласан хэмжээнд нийлүүлэхгүй бол бизнесийн харилцагчийнхаа өмнө нэрэнд хортой. Үүнээс болж нүүрсний урьдчилгаа мөнгө орж ирэх нь саатвал компани "Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж чадахгүйд хүрнэ. "Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө бүрдэхгүй бол эрх баригч МАН, АН-ын сонгуулийн амлалт биелэхгүй болж, хамтарсан засаг ганхах магадлалтай гэх байдлаар шахдаг зэрэг олон шалтгааны улмаас Хятадад үйлдвэрлэгдсэн хүнд даацын 10 том машиныг батлагдсан төсөвтөө багтаан авч, хөрс хуулалтад явуулсан юм.” гэж байсан. Тэгэхээр нэгэнтээ хариуцлага ярьж байгаа бол гүйцэтгэгчээс гадна зөвлөж зааварласан нөхдүүдэд ч хариуцлага хүлээлгэх ёстой.

Ер нь бол  экс болоод эдүгээгийн эрх баригчдын аль аль нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой юм. Эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд ажлаа түргэтгэх шаардлага тавьсан учраас гүйцэтгэсэн гэдгээ ийнхүү улайм цайм хүлээн зөвшөөрсөн байтал, холбогдох хууль хяналтын байгууллагын нөхдүүд хуруугаа хөдөлгөж чадахгүй суудаг.

Ямар ч байсан тэр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан нь үнэн байдаг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр түүний талаар "Б.Энэбишийн оршин суугаа улс орныг ямартай ч олсон. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг удахгүй эхлүүлнэ. Б.Энэбиш нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан атлаа хэвлэлээр эх орондоо байгаа мэтээр элдэв ярилцлага нийтлүүлж яваа нь тун увайгүй үйлдэл юм”  хэмээн ярьсан байдаг юм.

Эх сурвалж: Shuurkhai.mn  Б.Тамир

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?