ДЭМБ-ын тэргүүн: “COVID-19” бодитой, тулгамдсан аюул хэвээр байна
Дэлхий даяар “COVID-19”-өөр халдварласан, нас барсан тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч буураад байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээлжээ. Гэсэн хэдий ч цар тахал дууссан гэж үзэхэд хэт эрт хэвээр байгааг тэрбээр тодотгоод, халдварын тархалт нэмэгдэхтэй зэрэгцэн шинжилгээ судалгааны ажил хумигдаж, нэг тэрбум хүн вакцинд хамрагдаагүй байгаа нь аюултай нөхцөл байдлыг бий болгож байгааг сэрэмжлүүлсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн үргэлжлүүлэн, одоогоор гарган аваад буй вакцинуудаас зугтдаг шинэ, илүү хор хөнөөлтэй хувилбар гарч болзошгүй эрсдэлийн талаар ярихдаа “COVID-19” бодитой, тулгамдсан аюул хэвээр байгааг анхааруулжээ. Энэтхэгт “COVID-19” халдварын шинэ тохиолдол баасан гарагт сүүлийн гурван сар орчмын хугацаанд анх удаагаа 4000 давсан бол бямба гарагт үл ялиг буурч, 3962-т хүрсэн талаар тус улсын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт цар тахал дэгдсэнээс хойш халдварын 43 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 500 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхийн хэмжээнд авч үзвэл, “COVID-19” халдварын 531 сая гаруй тохиолдол илэрч, 6.3 сая хүн нас барсан бол дэлхийн даяар нийт 11.66 тэрбум тун вакцин тариад байна.