📅

Л.Энх-Амгалан: Орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авна

🕔 2022/04/20 10:18

Л.Энх-Амгалан: Орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авна

 

Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны өчигдрийн хуралдаанд БШУ- ы сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Манай улсад 2-5 насны 305783 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2021-2022 оны хичээлийн жилд 233090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, 3 настнуудын 73 хувь байгаа бол 2 настнуудын 53.9 хувь л цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод 38538, орон нутагт 334159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг байгаагийн 276 нь төрийн, 398 нь хувийн хэвшлийнх. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна.  Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхэд авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 77 мянга орчим хүүхэдтэй байна. Энэ онд нийслэлд 28 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.

Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

 

Орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна. 

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн 8 нь орон сууцны 26 шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ. 

 

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн. Салбарын яамнаас 3 хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрт хувьсан зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсан зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцлов.

 

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдээс цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах, тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхийн чухлыг тодотгож байв. Мөн цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг барих газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн барилгыг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?