Сэргээхгүй л бол сэргэдэггүй орчин цагийн МОНГОЛ ЭРИЙН ХИЙМОРЬ
Буян үйлдэгч хэмээх усан бар жил гарч залууст ээлтэй сайхан жил болох нь хэмээн ард олноороо баяртай сайхан хүлээж авч байна. Тухайн жилийн өнгө, од хиймороо даатган Монгол эрчүүд хэзээнээс ч юм уул овоо тахиж, шинийн 1-ний наранд хүслээ даатгаж, Шилийн Богд уулыг зүглэх болсон. Энэ ч шүүмжлээд байх зүйл биш л дээ. Гэхдээ шилийн сайн эр гэгддэг Торой бандийнхаа хөшөөн дээр сүү цагаа өргөж, хүн харахын аргагүй болгосон зураг олон нийтийн сүлжээгээр явсан нь Монгол эрчүүдийн хийморь сэргээх ёс нь эцэстээ мухар сүсэг болж хэрээс хэтрээд байна уу даа гэх бодлыг төрүүлсэн юм. Хог асгах, хог шүүрдэх, хоол унд хийхэд л доройтчих гээд байдаг манай эрчүүд жил бүрийд л уул овоонд гарч хийморь лундаагаа сэргээдэг ч хийморь нь үргэлж л дутсаар байдаг нь хачин. Угтаан бол жил бүр сэргээдэг хийморь нь ядаж л тухайн жилээ даах ёстой л санагдах юм.
Аархуу, омгорхуу тэд маань дан ганц уул хад, овоо шовоонд мөргөхгүй ээ. Адуу мал, хурдан хүлгэнд сэргэдэг хийморь байхад хангайн амьтан, хээрийн эзэн агнаж байж сэргэдэг хийморь ч гэж байна. За, тэгээд үнэтэй сайхан хөөрөг, гадаад улсын үнэтэй сайхан машин, бүр болоогүй ташуур, хазааранд хүртэл хийморь нь дорхноо л сэргэдэг гэлцэнэ. Эд бүгдийг хийлээ ч уул овоонд гарч, архи дарс өргөж, идээ шүүс барихгүй л бол огтоосоо сэргэдэггүй хийморь ч гэж байна. Монгол эрчүүдийгээ гутааж, хийморь лундааг нь үргээх гэсэндээ ийм зүйл бичээгүй юм шүү. Эртний сайхан өв уламжлал, үнэт зүйлээ хадгалан, өвлүүлэн үлдээх нандин сайхан ёс бий. Ан гөрөө хийхэд ч цаг улирлын ёс бий. Уул овоонд гарахад ч өргөх идээ, өргөхгүй идээ гэж бий. Ер нь тэгээд малгай, бүсээ л энд тэнд гээчихгүй жаахан өндөрт залаад байвал тэгтлээ ч доройтдог хийморь байдаггүй гэж өвгөд ярьдагсан. Хуучны мухар сүсэг ч гэлээ хийморьгүй л бол амьсгалахад ч бэрх эрчүүдэд маань болоод л байдаг юм. Сэргээхгүй л бол сэргэдэггүй орчин цагийн Монгол эрчүүдийн хийморь гэж ийм байдаг бололтой. Уул овооны наад бэлээс алхаж очоод сүү өргөх ёстой байтал приусээс эхлээд ландаа хөлөглөн орой дээр нь гарчихаад хэдэн тагш юм хувааж хүртчихээд хийморио сэргээгээд байдаг нь бүр хачирхалтай. Их хааныхаа тахиж ирсэн Бурхан Халдун уулыг хэсэгтээ л зорьсон тэд маань хог новшоор дүүргэн, хүн очихын аргагүй болгосон. Энэ жилээс Шилийн богдыг зорьж Торой бандиа мөн л сүү саалиар угааж байна. Шинэ оны анхны нар, шинэ жилийн эхний нар Шилийн богд, Бурхан халдун, Хийморийн овоон дээрээс л жинхнээсээ манддаг гэж боддог нь бүр хөгтэй ч юм шиг. Зөвхөн монгол эр хүнд л байдаг хийморь гээч нь сэргэх бол сэргэхээр цаг ч боллоо доо, боллоо.
https://dorgio.mn/p/135729
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих