Ковидын журмаа зөрчиж, халдварын дэгдэлтийг нэмчихэв үү?

Монгол Улсын Засгийн газраас Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор түр журмыг батлан мөрдүүлж байгаа билээ. Нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтан, иргэд гээд сонгуульд оролцож байгаа бүх талууд сонгуулийн сурталчилгаа явуулах болон санал хураах үйл ажиллагааны явцад сонгууль, гамшгаас сэргийлэх, эрүүл мэндийн зэрэг хууль тогтоомжоос гадна энэ дүрэм журмыг дагаж мөрдөхийг үүрэг болгосон бөгөөд стандарт, хэм хэмжээг нарийвчлан зохицуулж өгсөн байдаг.
Тухайлбал, Түр журмын гуравдугаар зүйлд хурал цуглаан зохион байгуулах байрыг урьдчилан ариутгаж цэвэрлэх, суудал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байрлуулах, сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулахаас гадна хэвлэмэл материал тараах хүмүүс нэг удаагийн бээлий өмсөх, айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ гэж маш тодорхой заасан. Гэвч сурталчилгаанд ажиллаж байгаа хүмүүсийн хайнга байдлаас болж айл өрхөд хэвлэмэл материал тараахдаа биечилж өгөх зөрчил гарч байгаа аж. Үүнээс үүдээд сонгуулийн сурталчилгааны үйл явцад түр журам зөрчигдсөнөөс болж коронавирусийн халдварын дэгдэлт өсөж байгаа юм биш биз гэсэн хар төрөх болов. Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдлын тоо сүүлийн гурав хоногт маш өндөр /927, 790, 1140/ гарлаа. Шинжилгээ хийсэн тоо болон эерэг батлагдсан тохиолдлыг харьцуулж харвал зургаан хүний нэг нь халдвартай гарч байгаа нь сэтгэл түгшээх үзүүлэлт мөн.
Засгийн газраас Түр журам боловсруулахдаа алдаа мадаг гаргахгүйг хичээж, онолын талаас нь маш сайн ажилласан нь харагдаж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэгчид нь хүн л юм болохоор алдаа гаргана. Гэтэл цар тахал гэдэг нэг хүний алдаанаас болоод тархлаа гэхэд цаашаа геометр прогрессоор шахам тардаг эрсдэлтэй.
Цаашид халдварын тоо үргэлжлүүлэн өссөөр байвал хэрхэх вэ гэдэгт холбогдох байгжууллагууд нь анхаарлаа хандуулах цаг болжээ.
http://eagle.mn/r/88075
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих