Б.Жавхлан: ₮10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээс хойших 14 хоногт 594 НӨАТ төлөгч шинээр бүртгэгдсэн
УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан эдийн засагт илэрч байгаа эерэг үзүүлэлтүүдийн талаар танилцууллаа. Ялангуяа, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд 27.1 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 594 НӨАТ төлөгч ААН шинээр бүртгүүлснийг онцоллоо.
Тэрбээр "НӨАТ-ын орлого энэ оны хоёрдугаар сарын байдлаар 421 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны түвшнээс 18%, 2019 оныхтой харьцуулахад 10% өссөн үзүүлэлт.
Гуравдугаар сарын 1-н буюу 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойших 14 хоногийн дотор 594 НӨАТ төлөгч шинээр бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 болон 2020 оны түвшнээс 2.5-3.5 дахин нэмэгдсэн. Тэгэхээр зах зээлд оролцогч ААН, иргэдийн эдийн засаг сэргэнэ гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байна.
Тухайлбал, ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн хүрээнд 27.1 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнд 417 зээлдэгч хамрагдсаны 97 нь ААН, 320 нь бичил бизнес эрхлэгч иргэд.
Цаашдаа эдийн засаг тогтмолжихоор зээлийн гарц нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт 2 их наяд төгрөгийн ийм зээл гаргана гэж төлөвлөсний 2.7 хувь нь 400 гаруй зээлдэгчид очсон гэсэн үг. Тиймээс эдийн засгаа хүчирхэгжүүлсний үр дүнд эрүүл мэндээ хамгаална.
Өөр нэг сайн мэдээ гэвэл Moody's агентлаг Монгол Улсын "-В3, төлөв тогтворгүй" гэсэн зээлжих зэрэглэлийг "-В3, тогтвортой" болгон ахиулсан нь цар тахлын энэ хүнд үед чамлахааргүй үзүүлэлт.
Гадаад орчны таатай нөхцөлүүд мөн боломж олгож байгаа. Тиймээс эдийн засгийн энэ циклийн үед хорио цээрийн дэглэмээ сайн сахиж, хүнд хөл хорионд шилжихгүйгээр эдийн засгаа ч аварч, хүн амын эрүүл мэндээ ч хамгаалъя гэж хичээнгүйлэн хүсэж байна" гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих