📅

Нэг жигүүргүй ардчилал

🕔 2016/04/07 11:54

 

Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол мэдээж хэрэг эрх чөлөө. Гэвч үүнтэй эсрэгцээд хариуцлагын тогтолцоо буюу үүрэг гэдэг зүйл байдгийг хэрхэвч мартах учиргүй.

Гэвч монголчууд бид ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн тэр үеэс ардчилал гэдэг бол зүгээр л эрх чөлөө, эрхээ эдлэх өөрөөр хэлбэл дур зоргоороо байх гэсэн хэтийдсэн ойлголттой болчихсон.

Өнөөдөр Монголд хаана хариуцлага, хяналтын цогц аппарат байгааг асуувал хэн ч тодорхой, бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй болов уу.

Учир нь Монголын төрд ч, түмэнд ч ийм ойлголт байхгүй. Арга ч үгүй биз. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Ард түмний дуу хоолой, төлөөлөл байх ёстой 80-аад дурак өөрсдөө ч ардчиллын мөн чанарыг сайн ойлгоогүй,хариуцлага хүлээж үзээгүй, үүргээ биелүүлэх чадамжгүй нөхдүүд байгаа юм хойно. Сонгууль дөхөхөөр олон долоон юм ярьж, уран яруу донгодсоор зөөлөн сэнтийд заларчихна. Тэгээд л "4 жилийн хугацаанд хэн нь их мөнгө ард түмний халааснаас хумслах вэ” гэх ээлжит уралдаандаа ханцуй шамлан идэвхийлэн орчихно шүү дээ. Харамсалтай нь тэдний хугацаат алба дуусахад хэн ч тэднээс юу хийж бүтээснийг асуудаггүй.

Жирийн нэг компанийн ажилтан хурлаасаа хоцрох төдийд л хатуу донгодуулдаг атал 4 жилийн хугацаанд амлалтаа биелүүлээгүй тэдэнтэй хэн ч хариуцлага тооцдоггүй. Ийм дүр зураг оршин тогтноод удаж байна. Дээр байгаа тэднээс доор байгаа бид суралцах нь зүй ёсны хэрэг. Хүүхдүүд эцэг эхээсээ суралцдагийн адил тэд хулгайч, луйварчин байх юм бол бидний дийлэнх нь өөрийн эрхгүй тийм замаар явж болох юм байна гэсэн өчүүхэн бодолтонгууд болно оо доо. Нэг үгээр бол төрийн эрх барилцагч гэгдэгчид шударга бус байвал шударга бус нийгэм л тогтоно.

Харин шударга бус нийгэмд шударгаар амьдрах үнэхээр хэцүү. Үүнийг одоо Монголын ард түмэн маш сайн ойлгож байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь бол Монголд хариуцлага гээч зүйл хэрэгтэй байгааг мэдэхгүй биш мэддэг юм шиг байгаа юм. Учир нь тэр "Төрийг хариуцлагатай болгоно гэдэг нь мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй юу" гэж хэлж байсан удаатай. Тэгээд яагаад одоо болтол үүнийгээ хийчихэж чадахгүй ярьж суусаар байгаа юм бол доо. Өнөөдөр Монголд том жижиг, их гарын олон авилгач, хулгайчид, эрхээ давуулан эдэлж бусдыг хохироогчид үй олноороо байна.

Гайхалтай нь энэ бол ерөнхийлөгчийн хувьд хүсэж байсан ардчилал нь мөн юм гэнэ билээ.Тэгвэл иргэн та бидний хүсэж байсан ардчилал мөн үү?, хариуцлагын тогтолцоогүй, үүрэг хэмээх ойлголтгүй ардчилал байж болох уу? Энд би дан ганц улс төрийн тогоон дахь хүмүүсийг буруутгаж, тэдэн рүү чичлэх гэсэнгүй. Чин үнэндээ хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс хамгийн ихээр хариуцлагатай байх ёстой атал тийм байж чадахгүй байгаа учраас л тэднийг онцгойлон авч үзлээ.

Түүнээс биш энгийн иргэнээс авахуулаад ижилгүй эрх мэдэлтэнд ч, Сараа Нараагаас эхлээд сайд дарга нарт ч ер нь хүн бүрт ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА гэгч дутагдаж байгааг зориуд цохон хэлье.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?