📅

Mао Зэ Дун болон түүний нам төрөөс өвөр Монголчуудад хандан гаргасан тунхаг бичиг

🕔 2020/09/09 11:18

Mао Зэ Дун болон түүний нам төрөөс өвөр Монголчуудад хандан гаргасан тунхаг бичиг
1935 oны 12 сарын 20-ны өдөр
Элгэн хайрт Өвөр Монголын нийт ард түмэн минь ээ!
Бид одоо дэлхийн их хувьсгалын эгзэгтэй мөчид ирээд байна. Та нар Японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтний дарлал мөлжлөгийг дуртайяа амсаж, тэдний сумны бай болж сөнөх үү? эсвэл энэ тохиолыг ашиглаад эрслэн босч хүчирхэгжихийг хичээн, бүх дэлхийн үндэстэн ястны дундах агуу Монголын хөдлөшгүй дархан эрхийнхээ төлөө тэмцэх үү?
Энэ хоёр гарцын аль нэгийг яаралтай сонгох болов уу! Шунахай түрэмгий харгис хэрцгий Японы эзэрхэг түрэмгийлэл, бүх Азийг эзлэхийн тулд эрхбиш бүх хятадыг эзлэх хэрэгтэй гэдэг харгис төлөвлөгөө нь одоогоос эхлэн шат дараалан хэрэгжиж байгаа бөгөөд үүний хамгийн анхны хохирогч нь зүүн хойд гурван муж, Хуа бэй орны таван мужийн ард иргэд болон Өвөр Монголын нийт үндэстэн ястан юм.
Ов зальтай, ичгүүр сонжуургүй, амандаа балтай, аюулхайдаа зальтай Японы түрэмгийлэгчид арга бүхнийг сүвэгчлэн, нармай Монгол үзлийг хуурамчаар ашиглан Монголын бүх газар нутгийн баялгийг эзэрхэн, Өвөр Монголын нийт ардыг боолчлох зорилгодоо хүрэхийн тулд, тэд нарын газар нутгийг дайны талбар болгож, ард түмнийг чинь сумны бай болгохоор бэлтгэлээ хийж, Хятадын Зөвлөлийн Бүгд Найрамдах Улсыг түрэмгийлж БНМАУ болон ЗХУ-д халдан, хамгийн эцэст Монгол үндэстнийг устгах зорилгодоо хүрэх гэж байна.
Үл итгэвээс Солонгос,Тайвань, Зүүн гурван мужийн ард түмнийг харагтун! Тэд өөрийн бичиг үсгээ хэрэглэж болохгүй, оршин суух, нүүдэл суудал хийх, тариалан мал аж ахуй эрхлэх чөлөөгүй байж улс төр эдийн засгийн бүхий л эрх мэдэл япон самурайн гарт орсон байна.
Мөн японы эзэрхэг түрэмгийтний цахар дахь цэргийн байршил, цэргийн техник хэрэгсэл, Хянганы ерөнхий захиргаа болон бусад ов явуулга бүхнээс өвөр Монголчууд урьд өмнө байгаагүй хямралд тулгараад байгаа нь илэрхий харагдаж байна. Үүгээр барахгүй Чан Кай Шийн толгойлсон хятадын цэргийн эрхтэн ичихээ мэдэхгүй өөрсдийгөө эзэнт улс хэмээж, нэн цаашлаад өвөр Монголын нийт газар нутгийг засаг захиргааны муж болгон хувааж, Монгол үндэстнийг Хатан голоос урагшаа Мони уулаас хойт зүг рүү хөөж, Жинг Юү Шиу, Гоа Ши Шиу мэтийн өчүүхэн цэргийн эрхтнүүдийг турхиран, Монгол үндэстний малын бэлчээр, хоёр давст нуур усыг булаан эзлэж Монгол үндэстнийг алгуур аажмаар устгах оролдлого явуулан, японы эзэрхэг түрэмгийлэгчдэд зам засаж, Монгол үндэстнийг маш хурдтайгаар сөнөөх гэж байна.
Жунг хуа Зөвлөлийн БНУ-ын Төв засгийн газар нийт эрэлхэг баатарлаг улаан цэргүүд олон жилийн туршид гавшгайлан байлдаж, тоогүй олон удаа японы эзэрхэг түрэмгийлэгч болон Чан Кай Шийн цэргийн эрхтэнд хүнд цохилт өгсөн юм.
Хятадын улаан арми одоо нэгэнт ялагдашгүй хүчин болсон байна. Онцгойлон дурдахад эрэлхэг баатарлаг төвийн улаан арми 25 000 газрын (12 500 км) урт замын аяныг туулсаар дэлхийн цэргийн аяны дээд амжилтыг тогтоон амжилттайгаар японыг эсэргүүцэхээр умардыг зорьсон урьдчилсан төлөвлөгөөндөө хүрч чадсан байна. Хятадын улаан армийн байлдааны зорилго бол Жунг Хуа (Zhong hua) үндэстнийг эзэрхэг түрэмхийлэл болон цэргийн эрхтний дарлалаас чөлөөлхөөр барахгүй мөн адил дорой буурай үндэстнүүдийг ч чөлөөлөхөд оршино. Энэ тэргүүнд өвөр Монголын үндэстний асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэх болно.
Зөвхөн өвөр Монголчуудтай мөр зэрэгцэн хамтран байлдвал сая бидний хамтын дайсан болох японы эзэрхэг түрэмгийчүүд болон Жан Кай Шиг устгаж чадна гэж бид үзэж байна.
Мөн өвөр Монголчууд зөвхөн бидэнтэй мөр зэрэгцэн байлдвал Чингис хааны үеийн яруу алдраа хамгаалан, үндэстний мөхлөөс зайлсхийж, үндэстний сэргэн мандлын замаар замнан Турк, Польш, Украйн, Кавказ зэрэг үндэстний адил тусгаар тогтнол эрх чөлөөтэй болж чадна гэдэгт бүрэн итгэж байна. Иймийн тулд түр засгийн газраас та бүхэнд хандаж тунхаглах нь:
Нэг. Уулын өвөр Монголын зургаан чуулга, хорин дөрвөн овог, 49 хошуу, Цахарын, Түмэдийн хоёр овог болон Нинсягийн гурван онцгой хошууны нийт бус нутгийг, нэгэнт Шаний (shani) захиргаа болгон өөрчилсөн буюу бэлчээрээр байхыг үл харгалзан бүгдийг өвөр Монголчууд буцаан өгнө. Өвөр Монголчуудын нутаг дэвсгэр болохоор нь Цахар, Сүй юань (sui yang) зэрэг гурван мужийн нэрийдлийг халж засаг захирааны зохион байгуулалтыг татан буулгана. Ямар ч өөр үндэстэн өвөр Монголын газар нутгийг эзлэн авах буюу ямар нэгэн шалтгаанаар булаан авч болохгүй гэж бид үзэж байна.
Хоёр. Зөвхөн өвөр Монголчууд өөрсдөө өөрийн дотоод асуудлаа шийдэх эрхтэй. Өвөр Монголчуудын зан заншил, шашин шүтлэг, ёс суртахуун болон бусад аливаа эрх чөлөөнд хэн ч хүчирхийлэлийн аргаар гар дүрэх эрхгүй гэж бид үзэж байна. Үүний хамтад өвөр Монголчууд өөрийн хүссэнээрээ зохион байгуулалт хийж өөрөө эзэн мэдэх зарчмаар өөрсдийн амьдралаа бүтээн байгуулж, өөрийн засгийн газраа байгуулах хэрэгтэй.
Бусад үндэстэнтэй холбоо харилцаа тогтоох эрхтэй. Мөн бүрмөсөн салан тусгаарлах эрхтэй.
Товч хэлбэл Үндэстэн гэдэг эрхэм дээд юм. Мөн бүх үндэстнүүд эрх тэгш байдаг юм.
Гурав. Өвөр Монголын нутаг дэвсгэрт байгаа хятад, хотон, төвд, манж зэрэг үндэстнүүдэд үндэстний эрх тэгш байх зарчмаар ардчилсан үзлийг хөгжүүлэн, Монгол хүнтэй тэгш эрхтэй байх ба өөрийн үг хэл үсэг бичгээ хэрэглэх, шашин шүтлэг, нүүдэл суудлаа хийх эрхтэй.
Дөрөв. Юуны өмнө Жинг юэ шиуг (Jing yue shiu) эзлэж байгаа газар ба То Ванг (Too vang) болон Гао ши шиүн (Gao shi shiu) эзэлсэн газар нутаг, хоёр давсан нуурыг Өвөр Монголын ард түмэнд буцаан өгч, мөн урт цагаан хэрмийн ойролцоох Нинг Тиао Лиан (ning Tiao lian), Ан Биан, Дин Биан (Аn biyan, Din bian) зэрэг газрыг худалдааны бүс болгон хуваарилж та бид хоёр талын арилжаа худалдааг хөгжүүлнэ.
Тав. Манай ажилчны тариачны улаан цэрэг партизан болон бусад зэвсэгт хүчин хэрхэвч тал нутаг руу дайрч довтлох хүсэл байхгүй. Та нар ч бас Хятадын цэргийн эрхтэн болон Японы эзэрхэг түрэмгийлэгчдийн цэрэг анги тал нутгаар дайран өнгөрч бидний зүг дайралт хийхийг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл та нар өөрийн мөхлөө түргэтгэх болно. Бид дуртайяа харилцан халдалтаас хамгаалах эсвэл холбоо байгуулан бидний хамтын дайсныг устгахыг эрмэлзэнэ.
Ерөнхийлвэл ганц та нар Монгол үндэстний эрх чөлөөгөө олох нь чухал гэдгийг жинхэнээсээ тунгаан бодож харийн боол болохийг хүсэхгүй Японы эсэрхэг түрэмгийлэгч болон (Jian jie shi) Жиан жи ши мэтийн хятадын цэргийн эрхтнийг эсэргүүцэхээр шулуудсан л юм бол та нарын удирдагч нь Ван ноён, язгууртан буюу харц ардын аль ч байг, бид та нарт сайн санааны тусламж өгч болох юм.
Монгол үндэстэн бол анхнаасаа эрэлхэг баатарлаг дайчин байдгаараа дэлхийд алдаршсан юм. Хэрэв та нар өөрийн ухамсраасаа эвлэлдэн, үндэстний хувьсгалт тэмцлээ өрнүүлж японы эзэрхэг түрэмгийлэгч болон хятадын цэргийн эрхтнийг өвөр Монголын нутаг дэвсгэрээс хөөж гаргавал Чингис хааны удмыг хэн ч дарлаж доромжлохыг үл зүрхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Үүнийг нарийн тунгаан ажаамуу!
Мөн харилцан төлөөлөгч томилон агуу үйлсээ төлөвлөвөөс үнэнхүү азтай хэрэг бус уу?
Ийнхүү хичээнгүйлэн тунхаглав. Жунг хуа (zhong hua) Зөвлөлийн Бүгд Найрамдах Улсын Төв засгийн газрын тэргүүлэгч: МАО ЗЭ ДУН (Mao ze dong)
Эх сурвалж: Өвөр Монголын Ардын Намын хэвлэл мэдээллийн алба хөрвүүлж бэлтгэв. (2011.7.30)

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?