📅

Толгойгүй "ХҮН"-ыг тоох хүн байхгүй

🕔 2020/09/07 13:09

Хөдөлмөрийн үндэсний нам гэж эрдэмтдээр эгнээгээ бүрдүүлсэн “чихэр” шиг гоё нам мэндэлж, төд удалгүй албан тушаалын хэнээ шүгэлсэн “хулхи” нам байсан нь ил болсон. Анх С.Боргил гэж намын даргатай байж байгаад МАХН-ын С.Ганбаатарыг даргаар тавьснаас болж далаараа тавиулж “муриулсан”. Заналтайгаар гэдэг шиг УИХ-ын гишүүн С.Ганбаатар занаж байгаад ХҮН-ыг шороотой нь хутгаад алга болж байлаа.
Одоо энэ намын дарга нь яг хэн бэ гэдгийг мэдэж байгаа хүн алга. Парламентад нэг суудалтай болсноороо намаараа гишүүн болчихсон мэт Төрийн ордон хавиар гутлаа хавираад явж байгаа харагдсан. Өнгөрөгч бямба гарагт нийслэлийн ХҮН-ын даргаар хоёр хүн тодорсон байх юм. Аль аль нь албан ёсны дарга гэх. Аль аль нь хууль бус дарга гэх. Нэг намын дотоод тэмцэл мэт боловч орон нутгийн сонгуульд оролцох эрх ашгийн төлөө дарга нараа тодруулах гэж “алалцаж” байгаа аж. Тэр бүү хэл Т.Доржханд, Б.Найдлаа нар “Орон нутгийн сонгуульд ХҮН ялбал Хотын даргаар “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаярыг томилно” хэмээн мэдэгдсэн. Сүүлд кэмбриджийн боловсролын асуудлын хүрээнд Н.Учрал нарын гишүүдийг мэтгэлцээнд дуудаж “попорсон”. Ямартай ч өнгөрөгч бямба гарагт Т.Доржханд, Б.Найдлаагийн ХҮН-ынхан Сүхбаатарын талбайд хуралдан П.Наранбаярыг нийслэлийн намын хорооны даргаараа сонгосон гэдэг мэдээллийг цацав.
Төд удалгүй нөгөө ХҮН-аас “О.Бямбадэлгэрийг нийслэлийн намын даргаар томиллоо” гэдэг мэдээлэл ч мөн цацагдсан. ХҮН нэртэй ч хүн амьтны тархи толгой эргүүлсэн мэдээллийг хоёр ХҮН-аас өөр өөрийн өнцгөөр цацав. Тэднийн зүгээс “Намын ээлжит III хурлаар намын анхан шатнаас санал аваагүй, дэмжигдээгүй П.Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж, О.Бямбадэлгэрийг томиллоо” гэж мэдэгдэв. Тус намын гишүүдийн зүгээс намын удирдлагууд нь анхан шатнаас санал авдаггүй, харьцдаггүй гэсэн гомдол мэдүүлж “Бие толгойгүй цаасан малгай болсон” хэмээн шүүмжилж байсан гэх. Тэр бүү хэл орон нутгийн сонгуульд оролцох, нэр дэвшигчдээ тодруулах, дүрэмдээ өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан гэж байв.
Нөгөө талаас нь буюу Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга, П.Наранбаяр нарын ХҮН-аас “Хөдөлмөрийн үндэсний намын нэр, лого, тугийг хууль бусаар ашиглан олон нийтийг төөрөгдүүлж байна. Тиймээс хуулийн байгууллагаар шалгуулахаар ажиллаж байна. Орон нутгийн сонгууль дөхсөн энэ цаг үед Хөдөлмөрийн үндэсний намын нэр хүндийг унагах, иргэдийн саналд зориудаар нөлөөлөх зорилгоор ийм хууль бус үйлдлүүд гарсаар байна” хэмээн мэдэгджээ. ХҮН яг ямар нэр хүнтэй хийгээд хэрхэн унасан болохыг хэн нь мэдэхгүй. Тэгж ярьвал 2016 оны сонгуулийн өмнө С.Ганбаатарт самруулж хүмүүсээ бие даалгаж, өөр намаас дэвшүүлж байсан нь ХҮН-ынхан юм шүү дээ.
О.Бямбадэлгэр нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо гэх ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Шуурамч шатахуун гэх мэдээллийг тараасны дараа хэвлэлийн хурал хийж олны танил болж байсан эрхэм. Үүгээрээ шатахуун импортлогч компаниудыг “шантаажилж” байсан талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байлаа. Ямартай ч иймэрхүү нөхдүүд ХҮН-ын нийслэлийн ХҮН-ын даргаар томилогдон хоёр талд хоёр тамгатай үзэж тарахаар болж байна.
Монголчууд “Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэдэг. Цаашид албан тушаал, амбицаа дарж чадахгүй яваа тэд орон нутгийн сонгуулиар онхолдоход ойрхон байна даа. Тоглоом тоотой нь дээр, томоожоогүй бол улс төрөөс холхон байцгаа. “Чихэр” шиг байгуулагдаж байсан нам царван шиг болчихоод байгааг бид харлаа. Хотын намын хорооны хоёр хулхи даргын самралт нь хаана очиж цэг хатгахыг таах арга алга. Олдохоороо өлдөнө гэдэг шиг хоёр ч даргаар гоёж яваа намынхан орон нутгийн сонгуульд иргэдийн итгэлийг хүлээнэ гэдэг хэцүү л харагдаж байх юм аа.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?