У.Хүрэлсүх: Он дуусахаас өмнө 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад орно
Есдүгээр сарын 01-ний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын хичээл, сургалттай танилцлаа. 147 дугаар сургуулийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан байна. 960 хүүхдийн суудалтай, 130 багш, ажилтантай энэ сургуульд 1135 хүүхэд суралцаж эхэллээ. Сургууль ашиглалтад орохоос өмнө хүүхдүүд Баянзүрх, Амгалан цогцолбор, 14, 44, 53, 92 дугаар сургуульд хуваагдан хичээллэдэг байжээ. Сургуулийн хамт олон КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжигч байрлуулж, нэг хүүхэд-нэг ширээ гэсэн зарчмаар хичээллэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт очлоо. Энэ цогцолбор 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр 1964 онд байгуулагдсан түүхтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, яслийн барилгыг өргөтгөхөд шаардагдах 5.3 тэрбум төгрөгийг 2018 онд шийдүүлснээр долоон жил гацаад байсан барилгын ажил үргэлжилж, өнгөрсөн зургаадугаар сард ашиглалтад орсон байна. Эмчилгээний хэсэг, тосон бариа, ахуй болон хэл засал, сургалтын болон дасгал, хөдөлмөрийн танхим, спорт заал, усан бассейн, гал тогоо гээд олон улсын стандартад нийцсэн цогцолбортой болсноор тархины саажилттай болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийг хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгджээ. Энэ хичээлийн жилд зургаа хүртэл насны 165 хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ердийн цэцэрлэгийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг, эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх төв болон өргөжих юм.
Монгол Улсын Ерөнхий сайд эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзахдаа “хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна” гэлээ. Мөн 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад хүлээн авах гэж байгааг хэлэв. КОВИД-19 цар тахлаас үүдэн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байхад Засгийн газар онцгой анхаарч байгааг тодотголоо. Тэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх эсэх нь нөхцөл байдлаас шалтгаална гээд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх, хүүхдүүд мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж байхыг хүслээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус
хэлбэрээр сургалтаа эхэлж, нэг сая 40 мянга гаруй хүүхэд, залуус хичээлдээ орлоо. Эдгээрийн 83 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам 2020-2021 оны хичээлийн жилд суралцагчдын сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш нарыг мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй түлхүү хамтран ажиллах зорилт дэвшүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих