📅

Ж.Занабазар: Уул уурхайн компаниуд гүний усыг хямд үнээр ашигладаг, төлбөрийг нь нэмэх ёстой

🕔 2020/08/08 17:33
-Уул уурхайн компаниуд 95 мөнгөөр нэг литр усыг үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж байгаа. Иргэд унд, ахуйн хэрэгцээнд нэг литр усыг хоёр төгрөгөөр ашигладаг-
Хариуцлагатай уул уурхай, байгаль экологийн өмнө тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлэх, шийдвэр гаргагчдад иргэдийн бодлыг хүргэх зорилготой “Экологийн цаг” зорилтот төслийн энэ удаагийн дугаараар говийн гүний усны асуудлыг хөндөн ярилцлаа. Энэ удаагийн дугаарт Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар оролцсон юм. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад усны төлбөр бага байгаа болон усны төлбөртэй холбоотой журам хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй болсон талаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр ярилцсан юм.

-Иргэн Ж.Занабазар Засгийн газрыг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа юм. Чухам ямар шалтгаанаар Засгийн газрыг шүүхэд өгсөн бэ?
-Ус бол шинжлэх ухааны том судлагдахуун. Миний хувьд усны суурь үнэ дээр л Засгийн газартай маргаж байгаа юм. Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч гэх албан бланкаар нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засгийн газрын 2011 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоол дээр Усны тухай хуулийн 10.1.4-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоох нь гээд нэгдүгээрт нь “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээг”-г тогтоосон байдаг юм. Монгол Улсад байгаа усны 29 ай сав газрыг тус бүрээр нь суурь үнийг тогтоосон байгаа.
-Та суурь үнийн тухай асуудлыг тухайн тохиолдол юм уу, эсвэл ерөнхий түвшинд нь маргаан үүсгэж Захиргааны шүүхэд хандаж байгаа юу. Тухайн тохиолдол гэдэг нь “Оюутолгой”-той холбож хандаж байна уу?
-Ерөнхий тохиолдол. Монгол Улсын хэмжээнд ус гэдэг зүйл үнэтэй байх ёстой. Ялангуяа газрын гүний усыг уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаж байгаа тохиолдолд ус үнэтэй байх ёстой. Цаашид үүнийг тодорхой хугацаанд хязгаарлалт тавьдаг тогтолцоо руу шилжих ёстой.
Эдийн засгийн хүнд нөхцөлд, уул уурхайн салбар дээр эдийн засаг тогтож байгаа үед уул уурхайн үйлдвэрлэлд ус ашиглуулахгүй ээ гээд маргааш зогсоочхож болохгүй. Тийм учраас 5-10 жилийн хугацаанд ус ашиглах зөвшөөрөл олгоод, усныхаа эх үүсвэрийг гүний усаар бус “Орхонговь”, “Хэрлэнговь” төсөл юм уу, нэг бол Улаанбаатар хотын саарал усыг ашиглах, бүр эсвэл өөрсдийнхөө ашиглаж байсан усаа дахин ашигладаг байх ёстой байна. Тухайн компани 10 жил ус ашиглахдаа төлбөрийг үнэтэй байлга, төлбөрийг нь нэмэгдүүл гэдэг шаардлагыг л Засгийн газарт хүргэж байгаа. Усны үнэ хаанаас эхэлж байна вэ гэхээр Засгийн газрын 302 дугаар тогтоол буюу 2011 оноос эхэлж байгаа юм. Харин энэ тогтоол хүчингүй болох бүрэн үндэслэлтэй болчихсон.
-Яагаад?
-Үндэслэл болгож тогтоосон Усны тухай хуулийн 10.1.4 гэдэг заалт маань одоо байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2004 оны Усны тухай хуулийн 10.1.4 дэх заалт юм. Гэтэл Усны тухай хууль 2012 оны тавдугаар сарын 17-нд шинэчлэгдэн батлагдсан. Тэгэхээр үндэслэл болгож тогтоосон 10.1.4 дэх заалт байхгүй болчихсон гэсэн үг.
-Засгийн газрын 302 дугаар тогтоол гарч байхад 2004 оны хуулийг мөрдөж байжээ. 2004 оны хууль хүчингүй болчихсон гэж та хэллээ. Тодорхой заалтууд нь уу, хууль нь хүчингүй болсон юм уу?
-Хууль нь хүчингүй болоод шинэчлэгдэн найруулагдсан. Тогтоолд дурдагдаж байгаа 10.1.4 дэх заалт чинь шинэчлэн найруулсан хуулиар 9.1.3 дугаар заалт болчихсон байгаа. Усны үнэлгээ тогтоодог заалт гэсэн үг. Усны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш усны тухай тогтоол дагаад шинэчлэгдэх ёстой байдаг. Гэтэл найман жил орчим хүчингүй болох үндэслэлтэй тогтоолоор усны үнэлгээг тогтоож өдийг хүрсэн. Нэг литр ус үйлдвэрлэл, үйлчилгээнд 95 мөнгөөр ашиглагдаж байна. Ялангуяа “Оюутолгой”, “Тавантолгой”-н бүс нутагт нэг литр усыг нэг төгрөг хүрэхгүй үнээр ашигласаар өдийг хүрсэн.
-Та нэг литр ус нэг төгрөг хүрэхгүй гэв үү. Улаанбаатар хотод усыг хэдэн төгрөгөөр хэрэглэдэг вэ?
-Өрхийн хэрэглээнд унд, ахуйн усыг хоёр төгрөгөөр ашиглаж байгаа. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын хэмжээнд усны дэд бүтцэд холбогдсон өрхүүд энэ төлбөрийг төлдөг. Иргэд дуудлагын ус юм уу, ус түгээгүүрээс авсан тохиолдолд 2-4 төгрөгөөр авч байгаа.
-“Цагаан хад” боомт дээр л гэхэд нэг литр ус бүр 50 төгрөг хүрдэг шүү дээ?
-“Цагаан хад” гэхэд л “Оюутолгой”-гоос 70-80 км зайтай газар шүү дээ. Ус хомс шалтгаанаар ус үнэтэй байдаг. "Цагаан хад”-нд суурьшсан иргэд 20-30 км зайнаас усаа зөөдөг учраас нэг литр усыг 50 төгрөгөөр тонн усыг 50 мянган төгрөгөөр авч байгаа юм.
-Тогтоолоор усны үнэлгээг хэрхэн тогтоосон бэ?
-Усны экологи, эдийн засгийн үнэлгээг дээрх тогтоолоор 29 ай сав газраар буюу “Галба, Өөш, Долоодын сав газар 3996 төгрөг" гээд суурь үнэлгээг тогтоочихсон. Өндөр байгаа биз. Энэ бол нэг шоо метр ус буюу 1000 литр ус гэсэн үг.
-Өөрөөр хэлбэл нэг литр ус дөрвөн төгрөг орчим...?
-Яг зөв. Яагаад эцсийн үнэ нь нэг төгрөг болчихов гэхээр усны төлбөрийг зохицуулдаг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэдэг хууль бий. Миний дээр дурдсан тогтоолыг дагалдаад Засгийн газраас 326, 327 дугаар тогтоолыг баталсан юм.
-302 дугаар тогтоолоо дагасан хоёр тогтоол гэсэн үг үү?
-Тийм. Усны эцсийн үнийг тогтоохын тулд гаргасан гэсэн үг шүү дээ. Үүгээр бол усны эдийн засаг, экологийн хувь гэж бий. Тухайлбал, газрын гүний ус 20 байна аа гээд заачихсан. Гэтэл хуульдаа 20-60 хувь байна гээд заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн багаар нь авчихсан. Харин 327 дугаар тогтоолоор усны үнэ тогтоох итгэлцүүрийн коэффициент боловсруулж үүний дагуу 29 ай сав газрыг зааж гаргасан. Үүгээр “Галба, Өөш, Долоодын сав газар” 1.2 коэффициенттэй байдаг.
-Галба, Өөш, Долоодын сав газар аль нутгийг хамардаг юм бэ?
-Өмнөговийн зүүн сумд, Дорноговийн баруун сумдыг хамардаг.
-Гэх мэтчилэн Монгол Улсын хэмжээнд 29 ай сав байдаг байх нь...?
-Ай сав газар тус бүрээр нь Засгийн газар 327 дугаар тогтоолоор итгэлцүүрийн коэффициентыг тогтоосон байна.
-Тэгэхээр ай сав газар бүр хоорондоо ялгаатай байх нь ээ...?
-Тийм.
-Итгэлцүүрийн коэффициентыг тогтоохдоо ямар үндэслэлээр ялгамжтай тогтоодог юм бэ?
-Хангайд гээд бодоход гадаргын ус элбэг. Уул уурхайд “Эрдэнэт” үйлдвэр 30 жил Ерөө голоос усаа татаж, гадаргын ус ашиглаж байгаа. Ерөө голын сав газарт усны хомсдол харьцангуй бага гэж үзэн усны төлбөр бага гэсэн үг. Өмнөговь, Дорноговь говийн бүс нутагт ус хомс тул гүний ус ашиглаж байгаа учраас өндөр тогтоож байгаа. Уул уурхайд ашиглаж байгаа ус бол 400-600 метрт байгаа шаварлаг үеэс доор орших маш удаан хугацаанд нөхөн сэргээгддэг усыг ашигладаг юм.
-Засгийн газрыг шүүхэд өгч байгаа зарчмын асуудал чинь энэ юм байна. Одоо хэрэг рүүгээ оръё. Засгийн газрыг шүүхэд өгчихсөн байдаг. Хууль, тогтоолтой холбоотой асуудлаа дахиад задалж тайлбарлаач...?
-Монгол Улсын засаг захиргаа удирдлагын нэгжийн тухай хуулиар би иргэдийг төлөөлж байгаа. Ханбогд сумын иргэдийг төлөөлж байгаа хүний хувьд үндэслэлгүй болсон хуулиар мөрдөж байгаа тогтоолоо эргэж хандаач ээ гэж хандсан. Эргэж харахдаа тогтоолоо шинэчилж усны үнийг нэмээч ээ гэж байгаа юм. Усны төлбөрийг тогтоохдоо өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэж гаргаач. 2011 оноос хойш усны үнэ хөдөлсөнгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш ч чангарлаа. Энэ хугацаанд хүчингүй болсон хууль дээр үндэслэсэн тогтоолтой, усны үнэ хөдлөхгүй л өнөөг хүрлээ. Шүүхээс бол үүнийг үндэслэлтэй байна аа гээд Засгийн газар руу энэ тогтоол оо шинэчил гэдэг шийдвэр гарах байх.
-Та өөртөө итгэлтэй байгаа юм байна.
-Тийм. Шийдвэр нь гарна. Тэр үед нь Засгийн газар руу саналаа оруулчихсан байх ёстой. Иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлага, нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд усны үнийн тухай мэдээлэл хүрсэн байх шаардлагатай.
-Усны үнийг тогтоодог аргачлал байдаг байх. Өнөөдрийн усны үнийг хэрхэн тогтоосон юм бэ, “Оюутолгой” дээр хэрэглэж байгаа усны үнэ яаж тогтож байна. Өөрөөр хэлбэл одоо байгаа хууль эрх зүйн орчиндоо Засгийн газрын тогтоолыг сайжруулах замаар яаж засах юм бэ?
-Би дээр хэлсэн дээ. Засгийн газрын 302 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн суурь үнэлгээг “Галба, Өөш, Долоодын сав газар”-т 3996 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл тэр сав газарт нэг литр ус 3.96 төгрөг байна гэсэн үг. Гэвч өнөөгийн төлбөр хэрхэн тогтсон гэхээр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулж байгаа. Үүгээр Засгийн газар итгэлцүүрийн коэффициент тогтооно, экологи, эдийн засгийн үнэлгээний хувийг газрын гадарга дээр 10-20 хувь, газрын гүний усыг 20-60 хувь байна гээд тогтоочихсон. “Оюутолгой” гэлтгүй уул уурхайн компаниуд 20-60 хувь байх буюу Засгийн газраас тогтоосон хамгийн бага үнэлгээгээр 20 хувиар тооцож төлбөр тогтоосон.
-Засгийн газрын 302 дугаар тогтоол түүнийг дагаж гарсан хоёр тогтоол дээр хууль заасан хамгийн бага хэмжээгээр нь төлбөрийг тогтоожээ...?
-Тийм. Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол бий. “Оюутолгой” компани 2013 оноос баяжуулах үйлдвэр нь ус ашиглаж эхэлсэн. Үүнийг олон нийт мэдэж байгаа. Энэ тогтоолыг “Оюутолгой”-д зориулж гаргасан гэж хардах үндэслэл бий болж байгаа юм. Цаг хугацааны талаас нь харахад. Гэтэл хуульд 20-60 гээд заачихсан байгаа. “Галба, Өөш, Долоодын сав газар”-т тогтоосон 3996 төгрөгийг 20 хувиар үржүүлэхээр 766 гаруй төгрөг болж байгаа юм. Үүнийгээ 327 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар гаргасан итгэлцүүрийн коэффициентээр үнэлээд үзэхээр 1.2 төгрөг болж байна. Үүнийг саяны 766 төгрөг 1.2-оор үржүүлэхээр 956 төгрөг буюу нэг шоо метр 956 төгрөг гэж үзээд 1000-д хуваачхаар нэг литр ус 95 мөнгө болж байгаа юм. Одоо бид яах вэ гэхээр энэ процедур дээр өөрчлөлт оруулах ёстой. 302 тогтоол өөрчлөх юм байна, суурь үнэ болох 3996 төгрөгийг 6000 төгрөг болгоё, эсвэл экологи, эдийн засгийн үнэлгээний хувийг 60 хувь хүртэл өсгөе тэгвэл усны үнэ дагаад өснө. Бүр эсвэл итгэлцүүрийн коэффициентийг 1.2-ийг 2.4 болгоё гэж санал оруулж болно.
-Гэхдээ хуулийн хүрээнд...?
-Яг зөв. Хуульдаа ч ингээд тусгачихсан байгаа.
-Та Засгийн газрыг шүүхэд өгч баталсан 302 дугаар тогтоолыг хүчингүй болгочихвол тогтоолыг илүү сайжруулах боломж үүснэ гэж харж, үүний төлөө явж байгаа юм байна, тийм үү?
-Ус эхээсээ булингартдаг гэдэг шиг эхний тогтоолоороо гажуудчихсан нь энэ бүгдийн үндэс болчихоод байгаа юм. Дагаж гарсан 326, 327 дугаар тогтоол өөрчлөгдөнө. Ялангуяа 326 дугаар тогтоол дээр маш том хуулийн гажуудал харагдаж байгаа юм. Энэ тогтоолын хоёрдугаар хавсралт дээр усны төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Улсын хэмжээнд. “Оюутолгой” компани өнөөг хүртэл нэг ч төгрөг унд, ахуйн хэрэглээнд төлөөгүй. Гэвч “Оюутолгой” жилд 600 сая литр орчим усыг унд ахуйдаа хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Гэвч усны асуудал дээр “Оюутолгой”-н хэрэгжүүлж байгаа сайн туршлага байна аа. Энэ компани саарал усаа эргүүлж ашигладаг. Үүнийг 96 хувьтай ашигладаг нь дэлхийн дунджаас ч өндөр юм.
-Яагаад нэг ч төгрөг төлдөггүй юм. Иргэд унд, ахуйдаа хоёр төгрөг төлж байгаа шүү дээ?
-Яагаад гэвэл Засгийн газрын 326 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт дээр “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөвчлөх хувь хэмжээ гэдэг дээр “Унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан” бол газрын доорхи усыг 100 хувь хөнгөлнө гэж заачихсан. Энэ бол хөнгөлж байгаа асуудал биш чөлөөлж байгаа асуудал юм.
-Жилдээ тэрбум орчим төгрөг алдаж байгаа юм байна шүү дээ?
-Тийм. Усны төлбөр нэмэгдэх юм бол энэ тоо өснө л дөө. Яагаад үүнд анхаараад байна вэ гэхээр би өөрөө Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч. Ханбогд сумын төсвийг баталдаг цөөн хүмүүсийн нэг. Бидний зорилго бол төсвийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Сум, дүүргийн орлого 13 зүйл дээр л тогтдог юм. Маш цөөхөн. Төсвийн тухай хуулиараа унд, ахуйн хэрэглээний төлбөр суманд, үйлдвэр, үйлчилгээнд ашигласан төлбөр аймаг, нийслэлд орно гэж заачихсан. Ажил авснаасаа хойш энэ төлбөр яагаад орохгүй байгааг судлахад энэ гажуудлуудыг олж харсан юм. Энэ асуудлыг би хоёр жил хөөцөлдсөн. Ерөнхий сайдад албан тоот, тойргоос сонгогдсон гишүүдэд албан тоот өгсөн байдаг. Эргээд Ерөнхий сайдаас буюу ЗГХЭГ-аас албан тоот ирсэн л дээ.
-Хэдэн онд ЗГХЭГ-аас албан тоот ирсэн бэ?
-2018 оны аравдугаар сарын 21-ний өдөр байдаг шиг санаж байна. Тухайн үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байлаа. Утга нь “Ерөнхий сайд таны албан тооттой танилцлаа, чиглэлийн дагуу БОАЖЯ-нд шилжүүлж, судалж байна” гэсэн байсан. Үүнээс хойш ямар нэгэн хариу өгөөгүй байна. Энэ хооронд зүгээр суусангүй. Судалгаагаа үргэлжлүүлж хийгээд, усны мэргэжилтнүүдтэй уулзаад засах зүйлээ засаж сайжруулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас надад хэлэхдээ 2020 оны нэг болон хоёрдугаар сард энэ асуудал яригдаж байгаа Засгийн газарт орчихсон гэж хэлсэн ч сонгуулиас болсон уу, коронавируст халдвараас болсон уу мөн л хариугүй байгаа. Миний хувьд ч гэсэн сонгууль дөхсөн байсан учраас улстөржүүлэхгүй байх үүднээс чимээгүй байсан. Энэ бол улстөржүүлж болохгүй зүйл.
-Өмнөговь аймгийн хэмжээнд энэ тогтоолын дагуу уул уурхайд ашиглаж буй гүний ус, ундны усны төлбөрөөс хэдэн төгрөгийг бүрдүүлдэг вэ?
-Зөвхөн “Оюутолгой” компаниас гэхэд үйлдвэр, үйлчилгээний усны төлбөр жилдээ 15-18 тэрбум төгрөг орж байгаа. Тухайн жилийн хэрэглээнээсээ шалтгаалаад хэлбэлздэг. Усны инженер хүний хувьд хэлэхэд нэг тонн хүдэр боловсруулахад нэг тонн ус ашигладаг юм. “Оюутолгой” шиг дэлхийн хэмжээний мега төслийн хувьд энэ тоо хэдэн тэрбум тонноор яригдана. Дагаад усны хэрэглээ ч хэдэн тэрбум тоннд хүрнэ гэсэн үг шүү дээ.
-“Оюутолгой”-д олон мянган хүн ажиллаж байна, эдийн засаг шалтгаалж байна, өр зээлийн асуудлыг шийдэх эх үүсвэр болж байна. Усны төлбөрийг шударгаар үнэтэй авъя гээд байгаа. Усны төлбөрийг хэрхэн, яаж нэмэгдүүлэх вэ?
-Ханбогд сумын төсвийн 90 хувь, Өмнөговь аймгийн төсвийн 50 хувь, Монгол Улсын төсвийн 30 хувь нь “Оюутолгой” төсөлтэй шууд холбоотой байна. Тэгэхээр энэ төслийг зогсооно, усаа ашиглуулахгүй гэх үндэслэл байхгүй. Усаа ашиглуулъя. Ашиглуулахдаа үнэтэй байя л гээд байгаа юм. Одоо яаж гэх асуудал гарч ирнэ. Нэн тэргүүнд 302 дугаар тогтоолоо хуульд нийцүүлье, одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу болгоё. Үүн дээр усны нэмэх гурван асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт экологи эдийн засгийн суурь үнэлгээг нэмэгдүүлж болж байна. Хоёрдугаарт экологи, эдийн засгийн үнэлгээний хувийг 60 болгож өсгөе. Ингэвэл гурав дахин өснө. Өмнөговь аймагт 15 тэрбум төгрөг ордог гэж үзвэл энэ тоо 45 тэрбум төгрөг болно гэсэн үг. Гуравдугаарт сав газраар нь өсгөе. Итгэлцүүрийн коэффициентийг өсгөе. Өөрөөр хэлбэл 327 дугаар тогтоол дээр “Галба, Өөш, Долоодын сав газар”-т 1.2 гээд тогтоосныг 2-2.4 болгоё л гээд байгаа юм.
-Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шууд нэмж болох юм байна тийм үү?
-Тийм. Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Нэмж хэлэхэд усны судалгаа шинжилгээ, эрдэмтдийн дүгнэлтүүдийг Засгийн газар хардаг байх гэж найдаж байгаа. Оюутолгойн гүний усны асуудал өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдлаа. Гүний ус хур тунадасаар нэмэгддэггүй гэдгийг эрдэмтэд хэлдэг.
-Та энэ асуудлаар шүүхэд хандахаасаа өмнө Засгийн газарт хандаж болоогүй юу?
-Захиргааны хэргийн шүүхэд өгсөн асуудал өнөөдөр гарсан асуудал биш. Хоёр, гурван жилийн өмнөх асуудал. Асуудал юунаас эхэлсэн бэ гэхээр Ханбогд сумын төсвийг нэмэгдүүлье, унд, ахуйн усны төлбөр яагаад суманд орохгүй байна гэдгээс асуудал эхэлсэн. Үүний дагуу судалсан. Энэ тогтоолуудын асуудал гарч ирсэн. Аймгийн хуралдаа уламжилсан, аймгийн хурал дээр асуудал оруулсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиараа усны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна гэж заасан байхад энэ хууль ердөө хэрэгжээгүй. Уг нь энэ хууль хэрэгжсэн бол малчдын усны асуудал шийдэгдчих байсан. Хуулийн дагуу бид төсөл боловсруулаад аймгийн ИТХ-д хандсан, тогтоолын төсөл оруулсан. Харамсалтай нь аймгийн ИТХ дээр унасан. Засгийн газарт ч мөн адил хоёр ч албан тоот хүргүүлсэн. Эхнийх дээр нь хариу ирсэн. Судалж байгаа, салбарын сайдад өгсөн гэсэн. Эргээд өөр хариу ирээгүй. Хамгийн сүүлд хоёрдугаар сард Засгийн газар дээр орсон гэж ойлгосон.
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?