М.Мижиддорж: Би улсын наадамд 30 жил барилдсан хүн
Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ спортын амжилт гаргасан олон арван прокурор тус байгууллагад байсан. Бага залуугаасаа үндэсний бөхөөр барилдаж улсын наадамдаа 30 жил зодоглосон Улсын начин, тусгай хяналтын прокурор асан М.Мижиддорж гуайтай ярилцсан юм.
-Та аль нутгийн хүн бэ? Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би 1947 оны 7 дугаар сарын нэгэнд Увс аймгийн Завхан суманд Нацагийн хашаа гэж газар төрсөн. Завхан суманд л хүүхэд нас маань өнгөрсөн. Аав маань настай хүн байсан учраас дөрөвдүгээр анги хүртлээ сургуульд явж байгаад үргэлжлүүлээд суралцаж чадаагүй. Хөдөө өссөн хүүхэд болохоор бөх л барилддаг байлаа. 16, 17 настай байхдаа Завхан сумандаа “Худгийн моторчин” гэж дуудагддаг байсан. Бас ч гэж 600 гаруй адуу малладаг адуучин байлаа. Тэр үедээ сумын наадмуудад 5 удаа түрүүлсэн. Увс аймгийн Завхан сумандаа хоёр, Өлгий, Өмнөговь, Наранбулаг суманд нэг, нэг удаа түрүүлж байсан. Сумын аварга адуучин, социалист хөдөлмөрийн бригадын гишүүн бараг аймгийн аварга адуучин болох гэж байгаад 23 настайдаа цэргийн алба хаахаар явсан.
-Цэргийн албанаасаа та спортын хүн болсон хэрэг үү?
-Би Улаанбаатар хотод 012 дугаар цэргийн ангид алба хаах гэж ирсэн. Жил орчим алба хааж байтал н.Сэр-Од гэж хурандаа намайг бөх болох хүн байна гээд “Алдар” нийгэмлэгт авчраад өгдөг юм байна. “Алдар” нийгэмлэгт энд тэндээс ирсэн залуучууд жилийн дөрвөн улирал бэлтгэл хийдэг байсан. Тэнд ороод Ч.Дамдиншарав гэж алдарт дасгалжуулагчаар мэх заалгаж эхэлсэн. Би улсын аварга Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар улсын заан н.Цэнд-Аюуш, н.Батбилэг гээд бөхийн болон чөлөөтийн сайчуултай нэг үед бэлтгэл сургуулилт хийж байсан. Үндэсний болон чөлөөт бөх, самбо гээд аль алинаар нь хичээллэдэг байлаа. Дараа нь н.Өвгөнхүү гэж чанга зарчимч багшийн удирдлагад орж хичээллэн, улсын болон гадаадын тэмцээнүүдэд ч орсон юм. Би чинь Улсын аваргын 2 мөнгө, гурван хүрэл, олон улсын 5 хүрэл медалтай, спортын мастерын болзлыг хангаж авсан.
-Ажил амьдралаа спортын замналаар эхлүүлсэн хүн хэрхэн прокурорын байгууллагатай холбогдсон бэ? Та хэзээнээс прокурорт ажиллаж эхлэв?
-1970 онд хөдөөний хөрслөг бор хүү хуулийн сургуульд орж сургуулиа амжилттай төгсөж 1975 оноос прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг Р.Гүнсэн прокурор хүлээж аваад Сэлэнгэ аймгийн Зүүнхараад тусгай прокуророор хуваарилж билээ. Зүүнхараад нийт хоригдлуудын тал хувь нь байдаг хүнд газар байлаа. Ажлын маань үндсэн чиг үүрэг бол хорих ангид хоригдож байгаа хоригдлуудын эрх ашгийг хамгаалах байсан юм. Тухайн үед тэндэхийн хоригдлууд ажил хийх явцдаа модонд даруулж гэмтдэг, бүр цаашлаад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор амиа ч алддаг байсан. Тэнд очоод хийсэн ажил гэвэл хоригдлуудын эрх ашгийг хамгаалж, хөдөлмөр хамгааллын асуудлыг нь шийдэж өгсөн. Надад муу ханддаг хоригдол ер байсангүй. Намайг бүр “эцэг” гэж хүртэл тэд авгайлж дууддаг байлаа. Зүүнхараагийн прокурорын байгууллагад би арав гаруй жил ажилласан. Харин өөрийнхөө хэнэггүй зангаасаа болоод 1993 онд прокурорын байгууллагаас гарч байлаа.
-Та хяналтын прокуророор ажиллахын зэрэгцээ Зүүнхараад дугуйлан хичээллүүлдэг байсан гэсэн. Энэ түүхээсээ хуваалцахгүй юу?
-1978 оноос бөхийн дугуйлан хичээллүүлсэн. Улсын аварга Г.Эрхэмбаяр, Циркийн олон улсын тэмцээний гранпри н.Содбаатар гэж залуу бий, улсын гавьяат дасгалжуулагч н.Эрдэнэбат, улсын начин Хэнмэдэхийн Амараа гээд улс аймаг, сум, цэргийн цолтой 70 гаруй шавь бий. Нийт шавь нарын тоо гэвэл 500 хол гарах байх. Дугуйлангаа 7 хоногт 2-3 удаа хичээллүүлдэг байсан. Жил болгон л шинэ хүүхдүүдээ авч хичээллэнэ. Спорт гэж хүнийг хүмүүжүүлж өгдөг шүү дээ. Шавь нар маань эхнээсээ 50 нас гарч байна. Сэлэнгийнхэн намайг нутагтаа бөхийн спортыг хөгжүүлсэн хүн гэдэг.
-Та их хожуу Улсын начин болж байсан гэсэн. Хэзээ улсын начин болсон бэ?
-Би улсын наадамдаа 30 удаа зодоглож байсан. Үүнээс 10 гаруй удаа 3 давсан байх. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилээр улсын наадамд анх оролцохдоо шинэхэн цэрэг байлаа. Тэр үед гурав давж байсан. Улсын заан Д.Барамсайгаар гурав даваад дөрвийн даваанд Өмнөговь аймгийн арслан Г.Дэмүүлийг этэж суулгаад гүйцэд хаяагүй орхичихсон юм. Хөдөөний “маанаг” чинь унасан гэж бодоод босчихсон хэрэг л дээ. Тэр үед генерал дарга нартаа ихэд загнуулсан. Боломжоо алдсан гашуун дурсамж минь. Тамирчин хүн эр зоригтой, авхаалжтай байх хэрэгтэй гэдгийг л мэдэж авсан. Гэхдээ залуу хүний хувьд улсын наадамдаа анх удаа барилдахдаа гурав давна гэдэг том амжилт байсан юм шүү. 20 гаруй насандаа тэгж их “шатаж” барилдсандаа харамсаж олон жилийн дараа 1984 онд улсын начин болсон. Улсын начин болохдоо 36 настай байлаа. Сэлэнгэ аймагт 22 жилийн дараа улсын начин төрсөн хэрэг л дээ. Сэлэнгэ аймгийн удирдлагууд маш баяртай хүлээж авч байсан. Аймгийнхаа хүндэт дэвтэрт бичигдэж байсан. Цаг зав байдаггүй байсан болохоор аймгийн наадамд тэр бүр оролцоогүй. Үүнээс хойш улсын наадамдаа 2005 он хүртэл гучин удаа оролцсон байдаг юм.
Сэлэнгэ аймгийн намын хорооноос ерөнхий прокурортой ярьж байгаад наадмын өмнөхөн арваад хоногийн чөлөө өгч улсын наадамд барилдуулахаар явуулчихдаг байсан. Би ажиллаж амьдарч байсан Сэлэнгэ аймгийнхаа нэрийн өмнөөс барилдаж, Сэлэнгэ аймгаар дуудуулдаг байлаа.
-Прокурорын байгууллагад ажиллаж байсан үеэ дурсахгүй юу?
-Прокурор гэдэг сайхан байгууллага. Прокурорын байгууллагад ажиллаж байсан үе маш сайхан санагддаг. Ажиллаж байгаа байгууллагынхаа нэр дээр барилдаж болдоггүй нийгэм байсан учраас Сэлэнгэ аймгаар л овоглодог байлаа шүү дээ. Ажлаа хийнгээ дугуйлангаа хичээллүүлдэг байсан. Улсын прокурорт н.Авирмэд гэж прокурор байсан тусгай хяналтын н.Батначин гээд сүрхий прокурорууд байсныг дурсмаар байна. Мөн “засангийн” н.Содном дарга, генерал н.Цэдэн-Иш гээд хоригдлын эрх ашгийг хамгаалахад анхаардаг прокурорууд байсан. Прокурорын байгууллагаас олж авсан нэг зүйл бол хүнтэй сайхан харилцаж сурсан явдал юм. Прокурорын байгууллагын хүнд өгдөг хүмүүжил тэр байсан.
-Прокурорын байгууллагаас гарсны дараа та ямар ажил хийж байв?
-Прокуророос гарсны дараа багшийн дээд курс төгсөж 4-5 жил багшилсан. Харин дараа нь Аргүнтийн байгаль хамгаалагчаар ажиллаж, тэндээ 20 гаруй жил ажиллаж байгаад 2007 онд гавьяаны амралтаа авсан. Аргүнтийн байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа түймэр гаргаагүй, нойтон мод хядуулаагүй л ажилласан гэж боддог. Хүний нас амархан юм даа сүүлд бодоход 40 жил 2 сар төрдөө ажилласан байна билээ.
-Түүхийн хуудсыг эргүүлж, идэр насныхаа ажил хөдөлмөрийн талаар ярилцсан танд баярлалаа.
-Хээгүй, гүндүүгүй гэж хэлж болох ч хийсэн ажилдаа эзэн нь болсон энэ эрхэм түүх өгүүлэх сайхан дурсамжаа бидэнтэй ийнхүү хуваалцсан юм. М.Мижиддорж гуай Улсын начин, ахмад прокурор, байгаль хамгаалагч төдийгүй үндэсний бөхийн спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй багш хүн юм.
Ярилцсан: Ю.Ариунзаяа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих