📅

Байнгын хороодын дарга нарыг болон дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, чуулган өндөрлөв

🕔 2020/07/10 09:19
Байнгын хорооны дарга нарыг сонгож батлав


Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Байнгын хороодын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиарУлсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын;Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын;Нийгмийн бодлогын;Төрийн байгуулалтын;Төсвийн;Үйлдвэржилтийн бодлогын;Хууль зүйн;Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо үдээс хойш хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Хаянгаагийн Болорчулуун;
3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат;
4.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;
5.Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;
6.Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг;
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;
8.Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;
9.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэн;
10.Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;
11.Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3-88.7 саналаар тус тус сонгогдов.

Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсан тооцож, төслийн эцсийн найруулгыг сонслоо.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Дараа нь Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх харьяа Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Нутгийн удирдлагын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын; Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын; Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Хөнгөн үйлдвэрлэлийн; Хүнд үйлдвэрлэлийн; Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн,; Эдийн засгийн байнгын хороонд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо тус тус ажиллахаар хуульчилсан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Байнгын хороод хуралдаанаараа өөрийн эрхлэх асуудлын хүрээний дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэснийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар 
2.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
3.Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням
4.Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг
5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцна.

Тусгай хяналтын дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан
2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг
3.Улсын Их Хурлын гишүүн С.Батболд
4.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
5.Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан
6.Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан
7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн.
Тусгай хяналтын дэд хороо төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцах юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээний харьяа Нутгийн удирдлагын;Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэвээр үлдээж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчлөхөөр шийдвэрлэснийг дэмжив.

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан
2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар
3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил
4.Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат
5.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин
2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
4.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
5.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь
6.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
7.Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
8.Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
9.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг дагнан хариуцах бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн  А.Адьяасүрэн
2.Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
3.Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал
4.Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд
5.Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хөнгөн үйлдвэрлэлийн дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн  А.Адьяасүрэн
2.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
3.Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакар
4.Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор
5.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
6.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
7.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан.
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцна.

Хүнд үйлдвэрлэлийн дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар
2.Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар
3.Улсын Их Хурлын гишүүн Б. Чойжилсүрэн
4.Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн
5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан
6.Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин
Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцах юм.  

Хүний эрхийн дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа
2.Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
3.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг
4.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд
5.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир
6.Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
7.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр.
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцна.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:
1.Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
2.Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
3.Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
4.Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал
5.Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг
6.Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд
7.Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган хэрэгжүүлэх асуудлыг дагнан хариуцаж ажиллах юм.

Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Иймээс уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргахаар заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд  Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөлөө

Үүгээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөж, чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.


Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ,Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

Та бүхний өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нарыг нь сонголоо.
Энэ бүтээлч, хүчээ  нэгтгэсэн хамтын ажиллагаа, цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил, асуудлууд хүлээж байна.

Анхдугаар чуулганы нээлтээр Улсын Их Хурал таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна.

Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана.

Завсарлагааны хугацаанд эрхэм гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороод  ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Улсын Их Хуралд гурван Байнгын хороо нэмэгдлээ. Ингэснээр төсөв зардал Улсын Их Хурлын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй  сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв эдийн засагт эрс шинэчлэлт хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо. 

Түүнчлэн парламент бол Монгол төрийн нүүр царай. Бидний үйл ажиллагаа түмний нүдэн дээр ил байдаг. Тиймээс хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэж, хэдхэн хоногийн өмнө төр, түмэндээ өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, үнэнч шударга, сахилга хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь нэн чухал юм. Ингэж байж бид төрд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээнэ. Улстөржилт, талцал хуваагдал, ёс зүйгүй байдал, хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, хууль зөрчих үзэгдэл энэ удаагийн парламентад байж таарахгүй гэдгийг онцлон дурдлаагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?