📅

АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ

🕔 2018/05/04 09:40

АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ

 

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттуллга тус газрын дарга, дэд даргыг солихоо албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь ч санасандаа хүрч, Х.Энхжаргал ажлаа өгөхөөр болсон юм. Харин Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ томилдог АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг олон нийтийн санал асуулгаар сонгосон. Гэхдээ санал асуулга олон нийтэд ил тод бус хаалттай явагдсан билээ.

Тодруулбал, АТГ-ын дарга болон дэд даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр, АТГ-ын Дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан, ЕТГ-ын дарга З.Энхболд, Буян ХХК-ний захирал Б.Жаргалсайхан, Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар олонхийн санал авсан байдаг. 

Харин эдгээр хүмүүсээс Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар хуулийн шаардлага хангасан Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг тус, тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлжээ.

Тэрбээр УИХ-д саналаа хүргүүлэхдээ "Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн, энэхүү асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

АТГ-ын даргад нэр дэвшигч нь "Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”,

"Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Ингээд нэр дэвшигчдийн танилцуулгыг хүргэж байна.

Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Жанжаагийн Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг төгсөж, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1990 оноос улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Б.Анир


 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?