ДАРХАНЧУУД МАРШАЛ ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО
БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд тайлбарлан таниулах, алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор Монгол улсын их хурлын 29 дугаар тогтоол гарч улсын хэмжээнд 100 жилийн ойн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 87 дугаар тогтоолын дагуу Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэн 100 жилийн ойг энэ өдөр ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж байна. Маршал Цэдэнбал Монгол улсын төрийг удирдаж байх хугацаандаа буюу 1960 оны 4 дүгээр сард ирээдүйн хотын буйрыг бурхантын хөндийд төлөвлөн МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 1/260 дугаар тогтоолоор Улаанбаатар төмөр замын Дархан станцын дэргэд Дархан хот байгуулах тухай тогтоол гаргаж байжээ. Үүнээс харахад Дархан хотыг үүсгэн байгуулах анхны санаачлагыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Цэдэнбал гаргаж байжээ. Ийнхүү Дархан хотын үндэс суурийг тавьж түүхэн гавьяа байгуулсан эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын зүүн урд уулзвараас төмөр замын 8 дугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох тухай тогтоол гаргаж ийнхүү нээлтийг аймгийн удирдлагууд иргэдийн хамт хийлээ.
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын академийн нэрэмжит шагналаар 7 иргэн энгэрээ мялаалаа
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Төв Музей, Монгол Ардын Нам хамтран Дархан-Уул аймгийг үйлдвэржилтийн хот болгох санаачлагыг анх гаргаж, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Юмжаагийн Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг угтаж Залуучууд театрт бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан зарим ахмадуудыг шагнаж урамшууллаа.