Уранаас 200 дахин ашигтай торийн үлэмж нөөц Өвөрмонголоос олдож, БНХАУ эрчим хүчээ "үүрд" шийдлээ гэв
БНХАУ-ын геологичид Өвөрмонголын бүс нутгаас торийн үлэмж нөөц бүхий орд илрүүлсэн талаар мэдээлээд байна. Тори гэдэг цацраг идэвхит элементийн энэхүү орд тус улсыг 60 мянган жилийн турш эрчим хүчээр хангах бололцоотой гэж South China Morning Post, Newseek зэрэгт бичжээ.
Тори маш элбэг буюу байгальд уранаас 3-4 дахин их бий гэж Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдэгддэг бөгөөд цөмийн эрчим хүч үйлдвэрлэх ирээдүйн оновчтой хувилбарт тооцогддог аж.
Торийд суурилсан цөмийн станц нь ураныхаас илүү аюулгүй, үр ашигтай байхын зэрэгцээ цөмийн хаягдал бага гардаг гэж үздэг байна.
АНУ-д торийгоос эрчим хүч гаргаж авах оролдлого хийгдэж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэн улс алга байна. БНХАУ-ын хувьд энэхүү илрээд байгаа шинэ ордоо 1 сая тонн торийн нөөцтэй гэж мэдээлсэн. Харин ОУАЭА-гаас мэдээллээр, одоогоор тус улсад нийт 100 мянган тонн торийн нөөц батлагдсан байна.
Торийгоос эрчим хүч үйлдвэрлэхээр идэвхийлэн ажиллаж байгаа цөөн орны нэг бол Энэтхэг бөгөөд, тэнд 850 мянган тонны нөөц бий. Үүнийг дэлхийд хамгийн том гэж үзэж байсан. Австрали, Бразил, АНУ-ын торийн нөөц тус бүрдээ 500 гаруй мянган тонн аж. БНХАУ-ын мэдээлсэн тоо үнэн бол, торийн нөөцөөр одоо Энэтхэг биш Хятад орон тэргүүлж эхлэх нь.
Бээжинд амьдардаг нэрээ нууцалсан геологич "South China Morning Post" сонинд "Зуу гаруй жилийн турш улс газрын тосны төлөө дайн хийж байна. Гэтэл эрчим хүчний шийдэл бидний хөл дор байжээ" гэж ярьсан байх юм.
Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн түлшний эргэлтийн байгууламжийн мэргэжилтэн Кайлаш Агарвал 2023 онд хэлэхдээ "Олон улс орнууд торийгоос эрчим хүч үйлдвэрлэх, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломжтой бөгөөд маш сонирхолтой сонголт. Торий нь элбэг нөөцтэй, үр ашгаар иллүү тул хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээг урт хугацаанд шийдвэрлэх боломжтой” хэмээжээ.
Цөмийн эрчим хүчний цэвэр, аюулгүй, тогтвортой эх үүсвэр гэж эрдэмтэд үзээд байгаа ч судалгаа, хөгжүүлэлт ихэвчлэн туршилтын шатандаа явааг Newsweek онцолсон байна.
БНХАУ-ын хувьд ӨМӨЗО-ы нутаг, Баян-Овоо орчимд 1 сая тоннын нөөцтэй торийн орд илрүүллээ гэж зарласан. Үнэхээр тори нь уранаас 500 дахин өгөөжтэй, 200 дахин илүү эрчим хүч гаргах боломжтой гэж Олон улсын атомын энергийн агентлаг үзээд байгаа юм. БНХАУ 2027 он гэхэд говийн бүс нутагт 10 мегаваттын торийн реактор ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж. 2 мегаваттын хоёр ширхэг туршилтын реакторыг 2021 онд ашиглалтад оруулаад амжсан ч үр дүн нь тийм ч ил мэдээлэгдээгүй.
БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг томоохон орнууд торийг уранаас илүү гэдгийг олж мэдээд цөөнгүй жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн ч бүгд туршилт, хөгжүүлэлтийн шатандаа гэдгийг хэвлэл мэдээллүүд онцолсоор байна.
Харин үндэсний эрчим хүчээ 60 мянган жил хангана гэдэг "үүрд"-тэй ижил. Энэ агуулгаар БНХАУ мөн гадаад орчинд өөрсдийн амбицыг зориудаар илэрхийлж байгаа нь харагдаж байна.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/574026/