📅

Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авчихаад монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна

🕔 2024/03/22 15:48

Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид бүх шатандаа хөнгөлөлттэй зээл авчихаад монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл орж ирснийг дэмжиж байна. Тариаланчид “гурилын үнийн өсөлтөөс бид ашиг олдоггүй,  үйлдвэрүүд дээр хамаг орлого, ашиг нь очдог” гэж хэлж байна.

Импортын татвараас гурил, улаан буудайг чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ, ард түмэнд хэрэгтэй ч тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд 4-5 дахин нугалсан ашиг хийж байгааг Засгийн газрын баримтаас харлаа. Засгийн газраас зохицуулалт хийх нь зөв.

Гол нь тариаланчдаа яаж хамгаалах вэ, хаврын тариалалт эхлэх гээд байна. Улс орнууд энэ чиглэлд татаас өгөөд явдаг. Ногоочид тариаланчидтай уулзаад явахад нэг зүйлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, гурван хувийн зээл өгөөд хоёр жилийн хугацаатай болгосныг үргэлжлүүлэх үү. Одоо зээлийн хүү 5 хувь болж өссөн, хүүг нь бууруулаад хугацааг нь 5 жил болгоод өгөөч. Энэ нь бодит дэмжлэг болж чадаж байгаа юм билээ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ-аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаанбуудай зэрэгт хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон. Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн хөөсрөл гэдэг дүгнэлт гарсан.

Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа.  200 орчим ам.долларт барьж байгаа улаанбуудайн өртөг гурил болохоороо эг кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн.  Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаанбуудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа.

Олон улсын жишгээр тариаланчдыг нэг бол дэмждэг, нэг бол хамгаалдаг. Монгол Улсын хувьд тариаланчдадаа дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг.  Гэвч хоёулаа үр дүнг бүрэн дүүрэн өгдөггүй учраас тариаланчдын бизнесийг хамгаалах бодлого баримтална.

Хамгаалалт гэдэг нь нэг талдаа үнийн эрсдэлээс хамгаална.  Буудайн үнэ нь зах зээлийн үнээс доогуур орж эрсдэл учирвал нөхөн олговор олгодог, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл учирвал төр хамгаалах бодлого барина.  Үнэ нь ард түмний амьдралд дарамт учруулахгүй байх ёстой гэдэг бодлого барьж ажиллаж байна.

Ногоочдод зориулж 3-5 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжсэнээр амьжиргааг нь дэмжсэн бодлого болсон. Засгийн газрын хувьд цаашдаа зөвхөн ногоочдод гэхгүй бичил бизнес эрхлэгчдийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм билээ. Хоёрт, ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ.

Нэг тонн улаан буудайг 700 мянган тоноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.

Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мэдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50, 60 хувийн ашигтай ажиллаж байгаа.

Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй.  Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж явж байдаг. Гаалийн импортын татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9, 10 хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсч байна.

“Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан байгаа. Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж аманд нь багтах юм болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.  С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр бүх юман дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд Атрын III  аяныг эхлүүлэн хэрэгжүүлсэн. Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1 хүртэл  Гаалийн татваргүйгээр оруулъя гэдэг саналыг өгсөн.

Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулаад эхэлсэн, дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор оруулна.

Сангийн сайд Б.Жавхлан: Та нарын ажил явахгүй болохоор асуудал ингэж хурцдаж орж ирж байна. Ганц гурил дээр ч гарч байгаа асуудал биш. Үнэхээр тэнд далд эдийн засаг, үнийн хөөрөгдөл яваад хэт өндөр ашиг олоод байгаа бол танайд зориулсан бүр хууль байгаа шүү дээ. Ийм хүнд байдал руу оруулахгүй шийдэж яагаад болдоггүй юм бэ. Энэ асуултад та нар Засгийн газрын хурал дээр хариулт хэлээгүй. Хатуу шийдвэр рүү Засгийн газар, УИХ-ыг авчирдаг нь маш харамсалтай. Энэ тогтолцооны асуудал, салбарын асуудал болчихлоо. Гаалийн 15 хувийн татвар Атарын 1,2,3 дугаар аяныг хамгаалахын тулд тавьж байсан. Атарын аян зорилгодоо хүрээд дуусчихсан юм уу. Бид гурилын үнийг тогтвортой байлгах нь зөв. 10 гаруй үйлдвэрийн цаана маш олон аж ахуйн нэгж, нэг салбар бий. Одоо ирэх сард тариаландаа гарна. Гэтэл юу тарихаа мэдэхгүй байна. Намар худалдан авагч байхгүй болно. Хэдэн жилийн дараа энэ салбар тэр чигтээ дампуурна.

Тиймээс оруулж ирсэн үзэл баримтлал дээрээ хугацаа тавих ёстой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөрөгдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн хэвлэлээр дапаалсан. Ингэж давартлаа томорсон. Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл, дэмжлэг авч үйлдвэрлэл хийчихээд дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэт ойлгуулж, асуудал шийдвэрлэж, төр шийдвэр гаргах гэхээр бойкот хийдэг байдал гурил үйлдвэрлэлийн салбарт нэгэнт тогтсон байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууриасаа ухрахгүй.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь импортоор орж ирэх улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?