📅

Гарааш байсан газарт тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулав

🕔 2023/08/23 11:33

Гарааш байсан газарт тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулав

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөөд буй. Чөлөөлсөн байршил бүрд тухайн орчинд нь тохирсон ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн даалгавар батлан ажиллаж байна. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхнийх нь энэ юм. Үүнийг хийхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал байсныг дурдах нь зүйтэй” хэмээлээ.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Зөвшөөрөлгүй гарааш буулган, тохижилт хийх ажил 2021 оны гуравдугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхэлж байсан. Өдгөө 1000 орчим гарааш чөлөөлөн, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэнд баяртай байна” гэв.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь наймдугаар сарын 22-26-ны хооронд үргэлжлэх бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгээд байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?