📅

Сүүлийн 1 жилд гадаад худалдааны эргэлт 30 хувиар өсчээ

🕔 2022/08/08 16:36

Сүүлийн 1 жилд гадаад худалдааны эргэлт 30 хувиар өсчээ

 

Гадаад худалдааны энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 133 942, импортын 160 983 гаалийн мэдүүлэг, бусад эх сурвалжийг үндэслэн гаргав. Тайлангийн хугацаанд ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 14608, импортын 230 мэдүүлэг байв. Энэ оны эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 11 227.4 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 2647.6 сая ам.доллар буюу 30 хувиар өсжээ.

Экспортын дүн импортынхоос 1 702.0 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 6 464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн байна.

Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5529.1 сая ам.доллар буюу 85 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 517.9 сая ам.доллар буюу 8 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 312.3 сая ам. доллар буюу 4.8 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 98 хувийг эзэлсэн байна.

Энэ оны эхний долоон сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86.0 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ. Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87 хувийг эзэлсэн байна. Монгол улс дэлхийн 59 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 84 хувь, Швейцарт 7.6 хувь, Сингапурт 4.3 хувь тус тус ногдож, нийт экспортын 96 хувийг дээрх орнууд эзэллээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?