📅

XXI зууны мухар сүсэг: Шатаагдсан шуламнууд ба хараагдсан хүүхдүүд

🕔 2021/10/25 09:15

Хар шид, зан үйлийн аллага, альбиносын ан болон хараагдсан хүүхдүүд... Энэ бүгд XXI зууны Африкийн өдөр тутмын амьдралын хэвийн үзэгдэл хэвээр. Саяхан Конго улсад  шулам хэмээн найман эмэгтэйг шатаасан хэрэг гарчээ. Тус улсын эрх баригчид эл балмад заншилтай чадлаараа тэмцэж байгаа ч амжилтыг эс олно. Нутгийн иргэд ийм маягаар өвөг дээдсийнхээ өв уламжлалыг дээдэлж байна гэж итгэнэ. Гэвч бодит байдал дээр сүсэг бишрэлээс илүүтэйгээр омгийн ахлагч, оточ, хууль хамгаалагчид хүмүүсийн айдас дээр дөрөөлөн хөлжиж байдаг аж.
Шулмын ан
Энэ оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд нийт 324 шулмын ангийн хэрэг бүртгэгджээ. Найман эмэгтэйг амьдаар нь шатаасан бол дөрвөн эмэгтэйг өөрийгөө батлан хамгаалах цагдаа гэгчид хаа нэгтээ авч явсан тухай Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын  Хэвлэл мэдээллийн эмэгтэй ажилтнуудын холбооны хүний эрхийг хамгаалагч Нелли Адижа ярьжээ.
Ийм төрлийн аллага олон жилийн туршид зэвсэгт бүлэглэлүүдийн орогнол болсон зүүн мужуудад ихээр гардаг байна. Шулмын анг өөрийгөө өргөмжилсөн бажакази гэх оточ, хуурамч номлогчид дэвэргэнэ. Сонирхолтой нь, тэдний ихэнх нь эмэгтэйчүүд.
Ийм “зөнчид” хүмүүсийн гэнэн, итгэмтгий занг ашиглаж, тосгодод нэр нөлөөгөө тогтоохыг оролдож байна. Үүн дээр омог хоорондын зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл гал нэмнэ. Төр үүргээ биелүүлж чадахгүй байна. Тиймээс л янз бүрийн “шулмын ан” гарч байна гэж Суданы сэтгүүлч Мааз Алнугоми тайлбарлаж байна.

Ийм байдал Танзанид мөн үүсжээ. Тэнд 60-аас дээш насны эмэгтэйчүүдийг “агнадаг” байна. Он гарснаас хойш зургаан эмэгтэй хохирчээ. Хууль хүчнийхэнд гэмт этгээдүүдийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Учир нь  омгийн ахлагчид хэргийг хуран цугларсан олон үйлдсэн хэмээн тодорхой нэр заадаггүй аж.
Гамби улсад төрийн эрхэнд шинэ удирдлагууд гарч ирснээр “шулмын ан” бага зэрэг дарагдсан ч мэр сэр гарсаар байна. Арван жилийн өмнө Ерөнхийлөгч Яая Жаммегийн үед үхрийн сүүл, эврээр зэвсэглэсэн улаан хувцастай хүмүүс хэн бугайг ч баривчлах эрхтэй байжээ. Тэдэнд зэвсэглэсэн цэрэг, цагдаа нар тусална. “Amnesty International” байгууллагын мэдээллээр, “шулам” хэмээн сэжиглэж буй эмэгтэйчүүдэд мансууруулах бэлдмэл хүчээр уулгадаг бөгөөд үүний нөлөөнд тэд шулам гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна. Ийм “цэвэрлэгээний” үеэр олон мянган хүн хохирч, зарим нь амиа алджээ.
Альбиносын ан
Альбинос хүмүүс хараагдсан. Айлд ийм хүүхэд төрвөл зовлонтой учирлаа гэсэн үг. Танзани, Кени, Конгод альбинос хүмүүсийн эд, эрхтэн эрэлт ихтэй. Отчид эдгээрээр муу бүхнээс хамгаалах сахиус зэрэг хийдэг байна. Зарим эрхтэн олон мянган ам.долларт хүрдэг ба энэ нь Хар Африкт асар их мөнгө.
 

Урьд өмнө цайвар арьстнуудыг хөнөөсний төлөө шийтгэл хүртэх нь ховор байжээ. Альбиносуудыг ор сураггүй алга болсон гэж зарлана. Харин өдгөө хүн амины хэрэгт цаазын ял оноодог болсон тул ийм хүмүүсийг эрэмдэглэх болжээ.
Ийм гэмт хэрэг хийх сэдлийг өөрсдийгөө уламжлалт анагаагчид хэмээдэг отчид өгдөг. Тэдний харьцдаг “сүнс” мөнгө өгсөн хүн бүрт зөвлөгөө өгнө. Гол төлөв ямаа эсвэл дэгдээхийгээр тахил өргөнө. Нэмэр болохгүй бол хүүхэд эсвэл шулмаар тахил өргөдөг гэж Алнугоми тайлбарлаж байна.
Түүний хэлснээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эсвэл эх нь төрөхдөө нас барсан хүүхдүүд ийм балмад үйлийн хохирогч болох нь элбэг. Нутгийн иргэд ийм хүүхдүүд гай зовлон авчирдаг гэж итгэдэг. Тэдний амийг хөнөөснөөр буян хийж байна гэж үздэг аж. Хүүхэд жинхэнэ эцэг эх болох бурханд очсон гэх.
Ихэр хүүхдүүдийг мөн л амаргүй хувь заяа хүлээдэг байна. Нигерт гэхэд ихрүүд өсөхдөө өөр хоорондоо адилгүй болбол тэдний нэг нь удахгүй үхнэ гэж итгэдэг аж. Тиймээс энэ муу ёрыг хууран зайлуулахын тулд эцэг, эх нь хүүхдүүдээ ижил хувцаслаж, үсийг нь ижил засдаг байна. Нутгийн хүмүүс ихэр хүүхдүүд нэг сүнс, нэг хувь заяатай гэж итгэдэг. Харин Мадагаскарт ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйг удамд хараал авчирсан хэмээн үзэж, зарим тохиолдолд амийг нь хөнөөх нь ч бий. Эрт үед ийм хүүхдүүдийг хөнөөдөг байсан бол орчин цагт ихрүүдийг томыг нь амьд үлдэдэг болсон гэнэ. Нигерийн улс төр судлаач Виктор Асижегийн ярьснаар, тус улсад хар шидийг хуулиар хориглосон бөгөөд хууль зөрчвөл хорих ялтай. Ийм хэрэгт хүүхдүүдийг хүртэл буруутгах нь бий. Албан ёсны мэдээллээр, сүүлийн жилүүдэд 15 мянган хүнийг шулам, хар шидтэн хэмээн буруутгажээ. Ийм хэрэгт унасан хүүхдүүдийг эцэг, эх нь гэрээсээ хөөсон тохиолдлууд их гардаг байна.
 

Анголд өнчин хүүхдүүдийг “буг, чөтгөрт эзэмдүүлсэн” гэж сэжиглэдэг байна. Тэднийг зодож, гинжилж, асрамжийн газарт өгч эсвэл гудамжинд гаргадаг аж. Зарим айл илүү амнаас салахын тулд хүүхдүүдээ албаар “шулам” гэж зарлах нь ч бий.
Ийм хэрцгий балмад үйлдэлтэй нутгийн хүний эрхийг хамгаалагчид тэмцдэг. Нигерийн хүмүүнлэгийн ажилтан Лео Игве тус улсын Аква Ибом мужид хар шидийн хэрэгт буруутгагдсан хоёр өсвөр настныг аврах гэж байгаад өөрөө баривчлуулж, зодуулж байсан тухай ярьжээ. Тэр энэ бүх явдлыг мухар сүсгийн үр дагавар гэжээ. Түүний хэлснээр, Африкт тивийн хөгжлийн хоцрогдол нь эндхийн омгийн байгуулал, христийн шашинтай сүлэлдсэнтэй холбоотой гэнэ.
Шулмын ангаар баяжна
Эрх баригчид хүн амыг соён гэгээрүүлэх ажил чамгүй зохион байгуулж, зан үйлийн аллагатай тэмцэх цагдаагийн тусгай алба хүртэл байгуулжээ. Гэвч ихэнх тохиолдолд тус болох нь ховор. Учир нь ихэнх хууль сахиулагч өөрсдөө хар шидтэнээс айдаг бөгөөд мөнгөний төлөө гэмт хэргийн хажуугаар нүдээ аниад өнгөрөхөд бэлэн.
Шулмын ан дээр шийтгэл ногдуулдаг омгийн ахлагчид мөнгө хийдэг байна. Тиймээс ч шулмыг шүүх явдал байнга гарна. Өршөөл үзүүлэх нь бараг үгүй. Буруутан омгийн ахлагчид багагүй мөнгө төлөхөөс гадна сар орчим үнэгүй ажил хийх ёстой аж. Нутгийн отчид хараал хариулж, элдэв зан үйлээр мөн багагүй мөнгө хийж, цэцэглэнэ.
 

Тус тивийн хойд хэсэг дэх Арабын улс орнуудад ийм зүйл үгүй. Энэ бүгд Сахараас өмнөд зүгт буюу 40-өөд улс орныг нэгтгэсэн Хар Африкт л бий. Тивдээ хөгжлөөрөө дээгүүрт бичигдэх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хүртэл албан ёсны бүртгэлтэй шуламнууд байдаг аж. Харин бусад нь хуулийн дагуу 40 мянган ам.долларын торгууль төлөх эсвэл 10 жилээр хоригдох ялтай.
Шулмын ан зөвхөн Африкийн үзэгдэл бус. Их Британид гэхэд хар шидтэй гэх хүүхдүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэрэг өнгөрсөн жилд 80 гарчээ. Ийм хэрэг Конгогоос гаралтай гэр бүлүүдэд гарч байжээ. Хүүхдүүдийг тамлан зовоож, зоддог байна.
Европт хүүхдийг хамгаалах олон байгууллага байдаг бол Африкт нөхцөл байдал өөр. Үүнийг өөрчлөхийн тулд нийгэм болон эдийн засгийн асар их өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Харин хамгийн түгээмэл эм ховор байдаг тус тивийн хувьд энэ нь утопи шиг санагдана.
Эх сурвалж: РИА Новости
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?