Г.Баянмөнх: Фракцгүй АН-ын амин сүнс нь шударга байх явдал
Дархан-Уул аймгийн АН өнгөрсөн бямба гаригт хуралдаж шинээр дарга сонгожээ. Тус намын дарга Г.Баянмөнхтэй ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн АН-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би Ардчилсан намд 20 жил зүтгэж байна. Улс төрийн намын үйл
ажиллагаанд дүн тавьдаг хүмүүс бол ард түмэн байдаг. Аймгийн АН-ын
сүүлийн 10 жилийн бодлого шийдвэрт ард түмэн хангалтгүй гэсэн дүн
тавьсан. Манай аймгийн АН 2004 оны УИХ-ын сонгуульд гурван гишүүнтэй
байсан, 2008 онд нэг гишүүнтэй болсон.
Өнөөдөр Ардчилсан засгийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын
даргатай энэ үед нэг ч гишүүн алга. Орон нутгийн сонгуулийг аваад үзвэл
2004 онд найм, 2008 онд есөн гишүүнтэй, 2012 онд 11 гишүүнтэй ялагдсан.
Багийн даргын сонгуульд 2004 онд дөрөв, 2008 онд нэг багийн даргатай
байсан бол өнөөдөр нэг ч алга. Анхан шатны нэгж дээр нэг ч багийн
даргагүй байна гэдэг бол хөлгүй байна гэсэн үг. Ийм түвшинд байна.
Өнөөдөр Дархан-Уул аймгийн АН-д болж буй үйл явдал бол шинэчлэх үү,
ухрах уу гэсэн сонголтын зааг дээр оршин тогтнож байна.
Сүүлийн 10 жил ялагдаж явсан энэ намын даргыг өөрчлөх талаар сүүлийн
2-3 жил тэмцэл хийж байна. Үүний дүнд намын хороо хуралдаад шударга
сонгууль явуулъя гэсэн шаардлага тавьж өлсгөлөн хүртэл зарлаж улстөрийн
олон тэмцэл хийлээ. Тэгээд шударга сонгууль явуулах боломж олдсон ч 10
жил намыг авч явсан нөхөд хууль бус сонгууль хийсэн. Дархан-Уул аймгийн
АН-тай холбоотой Хяналтын ерөнхий хорооны хоёр тогтоол байдаг. Дүрмийн
бусаар сонгууль явуулсан учраас хүчингүй, мөн сонгууль явуулахдаа Дархан
сумын намын даргыг хууль бусаар ажлаас чөлөөлж дүрэм зөрчсөн байна
гэсэн тогтоол байдаг. Хяналтын ерөнхий хороо манай намын Үндсэн хуулийн
цэц бөгөөд шийдвэрийг нь намын дарга, жирийн гишүүд бүгд дагаж мөрдөх
журамтай. Дархан-Уул аймгийн АН өнгөрсөн бямба гаригт хурал хийх үеэр
намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгч би
нэр дэвшиж сонгогдсон.
-Сүүлийн 10 жилийн сонгуулийн үр дүн таагүй гарчээ. Юунаас болов?
-Нэгдүгээрт, намд дотоод ардчилал байх ёстой. Нээлттэй, ил тод, хуулийг
дээдэлдэг, шударга зэрэг ардчиллын үнэт зарчмууд Дархан-Уул аймгийн
АН-д байхгүй. 2007 оноос хойш дотоод сонгуулийг нэг ч удаа үнэнч
шударгаар хийж байгаагүй. Коммунист нам шиг хэн нэгийг томилдог, хэн
нэгнийг намаас хөөх байдлаар явж ирсэн учраас намын хагарал дээд цэгтээ
хүрсэн. Сонгууль болох гэж буй энэ үед намын эв нэгдлийг хичээх ёстой.
Фракцгүй гэж байгаа боловч тодорхой хэмжээнд фракц оршин тогтнож л
байгаа. Ер нь хэн нэгний үзэл бодлыг хүндэтгэхээс илүүтэй нам үндсэн
дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг шударга байх ёстой. Ардчиллын үнэт
зарчмуудыг дагаж олонхийн санал авч байгаа хүмүүсийг дэмжээд, чиний
миний хүн гэлтгүй хамтраад явах юм бол нам эрүүл саруул оршино.
Харамсалтай нь намын дарга З.Энхболд манай аймгийн АН-ын хувьд сонин
шийдвэрүүдийг гаргасан. 10 жил намаа ялагдуулсан, хоёр хуваасан, намын
гишүүдээ зодож нүдсэн хүмүүсийг дэд сайдад санал болгож байна. Бүх шатны
сонгуульд ялагдаж ИТХ-дээр салаавч гаргаж эрүүгийн хариуцлага хүлээсэн
нөхдүүдийг намын хорооны Эрх чөлөөний одонгоор шагнасан. АН-ын дүрмийг
дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга үг дуугүй биелүүлж байх ёстой байтал
дүрмийн бусаар сонгогдсон намын даргад үндсэн дүрмээ уландаа гишгэж
тодорхойлолт хийж өгсөн. Энэ фракцигүй нам гэж үү. Дархан-Уул аймгийн
иргэдтэй уулзсан уулзалт дээр З.Энхболдод энэ асуудлуудыг хэлсэн ч
хүлээж аваагүй. Бүгд МАН-д худалдагдсан мэтээр хүлээж авсан.
-Намын гишүүд МАН-д худалдагдсан гэдэг баримт нотолгоо байгаа хэрэг үү?
-Дотоод ардчилалгүй, дэвшүүлэх хүнээ дэвшүүлдэггүй, найз нөхөд, амин
хувиа хичээдэг. Шударгаар явъя гэвэл нэг үүр дээр очоод хэн олон санал
авсныг дэвшүүлэх ёстой. Гэтэл таалагдсан нэгнээ нэр дэвшүүлж байгаа
учраас ялагдаж байна.
2004 онд намд орж ирж 2007 оноос хойш нам толгойлж байгаа нөхдүүд
тухайн үеийн МАН-ын дарга нараас хууль бусаар газар авсан байдаг. 2007
онд олон улсын худалдааны төвийн 12000 метр квадрат газрыг 21.1 сая
төгрөгөөр дуудлага худалдаагаар аваад 2011 онд сунгуулахдаа 19050 метр
квадрат болгоод долоон мянган метр газрыг луйвардаад авчихсан байдаг.
Энэ нь улсад 16.1 сая төгрөгийн хохирол учруулсан. Хоёрдугаарт, 2010 онд
13 га газрыг Дархан хотын А зэрэглэлийн бүсээс аваад 2012 онд хууль
зөрчиж сунгуулсан байдаг. Үүнийг Дархан хотын газрын харилцаа хот
байгуулалтын газраас асуухад энэ бол тухайн жилийн газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд байгаагүй, хууль бус газар олголт байна
гэдэг.
Гурав дахь асуудал бол одоо Дархан-Уул аймаг дахь Шонхор фракцийн
тэргүүн, АН-ын дэд дарга Г.Гантулга гэж хүн 2012 оны орон нутгийн
сонгуулиас зургаа хоногийн өмнө хүүхдийн паркийн газраас 4000 метр
квадрат газрыг бас хууль бусаар авсан байдаг. Намаа ялагдуулж өгөөд
газар аваад байдаг юм биш байгаа гэсэн хардлага байгаа. Үүнийг нь
хэлэхээр хүн гүтгэлээ гээд байдаг юм. Энэ бол баримт нотолгоотой. Би
аймгийн Засаг даргын орлогчоор гурван жил ажилласан хүний хувьд газрыг
Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаагаар эсвэл нээлттэй сонгон
шалгаруулалтаар авдаг дүрэмтэй. Гэтэл тэд нар нээлттэй төсөл сонгон
шалгаруулсан юм байхгүй. Энэ бүхнийг хэлсний төлөө хэвлэл мэдээллийн
хэрэгслээр хүн гүтгэсэн зүйл ангиар над дээр хоёр удаа эрүүгийн хэрэг
үүсгэн шалгасан ч хэрэгсэхгүй болсон.
Г.Гантулга гэж хүн МАН-ын Мөнгөн сарнай шагналыг 2008 онд хүртсэн
байдаг. Дархан-Уул аймагт намын дарга З.Энхболд ажиллах үеэрээ МАН-д
үйлчлээд байгаа хүмүүсийг хөөж явуул гэсэн. Тэгэхээр би Шонхор фракцийн
тэргүүн Н.Гантулга, Мөнхдаш, Мягмардаш нарыг намаас хөөх ёстой гэсэн
байр суурьтай байгаа.
-Сонгуулийн жил, тэр тусмаа хэдхэн сарын хугацаанд намаа хэрхэн шинэчилж, ямар бодлогоор авч явах вэ?
-Намын дарга З.Энхболд фракцгүй нам гэж зарласан мөртлөө дандаа
фракцийн талд үйлчлээд байгаа. Дархан-Уул аймгийн АН-ын маргаантай
асуудлыг шийдэх хүртэл бүх шатны сонгуулийг хориглоно гэсэн Дотоод
сонгуулийн хорооны тогтоол байтал дээрээс хүчээр хууль бусаар Үндэсний
зөвлөлдөх хорооны сонгууль явуулсан. УИХ-ын дарга З.Энхболдын эдийн
засгийн зөвлөх Лхагвасүрэн тэргүүтэй Шонхор фракцийн дөрвөн хүнийг
сонгосон. Дархан-Уулын АН-ын гишүүд Дарханы нийгэм эдийн засгийн амьдрал
мэддэг, аймагтаа амьдардаг ийм хүмүүсийг сонгохыг хүсч байгаа. Дарханыг
өөрсдөө төлөөлөх ёстой гэж байна. Дарханы АН бол ерөөсөө угсаа
залгамжилсан хунтайж нар шиг л явж ирлээ. Мягмардаш, Мөнхдаш, Гантулга
нар тус бүр хоёр удаа намын дарга хийсэн. Тиймээс шинэчлэхээс өөр зам
алга.
-Дархан-Уулын АН-ын зорилго төлөвлөгөө юу байна?
Нам үндсэн дүрмээрээ явах ёстой. Миний хувьд эв нэгдлийг хангана. Ажлаа
аваад хоёр хонож байна. Сонгуулийн өмнөх хариуцлагатай цаг үед мөрийн
хөтөлбөр боловсруулахаас эхлээд намын гишүүдийг нэгдмэл байр суурьтай
болгох зэргээр хийх ажил их байна. Дарханы АН-д 6000 гаруй хүн
бүртгэлтэй байдаг. Манай аймагт Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд маш
олон ажил хийгдсэн. Орон нутгийн хөгжлийн санг аймаг бүр тавьж өгсөн.
100 гаруй тэрбум төгрөгөөр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Дархан бол үйлдвэрлэлийн хот. Тэгэхээр аймгийнхаа цаашдын хөгжлийг
үйлдвэржилт гэж харж байгаа. Төмөр, цемент, нэхий эдлэл, барилгын
материал гээд үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжин тэлэх бүрэн боломжтой. Дэд
бүтцийн 80 орчим хувь нь сул байгаа. Тиймээс АН-ын гол зорилго бол
Дархан-Уулыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад
аль нэг нам ялсан байсан ч хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөөр байх
төлөвлөгөөтэй байна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих