Танил дүр зураг буюу 7 сарын 1
Таван залуу амиа алдаж, 244 хүн хорих ялаар шийтгүүлж, 1000 гаруй залуусыг цагдан хорьсон 2008 оны 07 сарын 01-ний үйл явдал яг өчигдрийнх шиг эхэлсэн...
Амаржаад удаагүй эхийг гэрийн халад, углааштай нь зөөвөрлөж байгаа бичлэгээс үүдэлтэй иргэд бухимдаж, төв талбайд тайван зогсолт хийж, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэдний зорилго удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарыг дээрх үйлдэлд хариуцлага хүлээж, огцрохыг шаардав.
Хүн хоорондын зайгаа барьж, чимээгүй зогсох залуусыг улс төрийн намууд “сүүдэрлэх” оролдлого үе үе цухалзсан. Хэлэлцэж байгаа хуулийн төслөөс хаа нэг завсарлага авахаас өөрөөр үзэгдэхээ больсон сөрөг хүчин төв талбайд бүлгийн хурлаа хийх шахаж, алайлав. Бусдын эхлүүлсэн дээр танз эргэхдээ гаршсан сөрөг хүчнийхэн зогсоолыг жагсаал болгосон гэхэд ч хилсдэхгүй биз.
Удалгүй хашааны гаднах улс төрийн намуудын удирдлагууд үзэгдэж, нүцгэн эмэгтэйчүүд хүч нэмэв. Тэр бүү хэл, өлгийтэй хүүхдийг олноор “үйлдвэрлэж”, уриа лоозонгоор тоноглогдож эхэлсэн. Ийнхүү итгэл үнэмшлээрээ цугларсан залуусын тайван зогсолт улс төрийн хонжоо хайгчдын гавьяагаар жагсаал болж, тоноглогдож байх зуур Төрийн ордонд хариуцлага алдсан албан тушаалтнууд чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөс цааргалж, Ерөнхий сайдын өрөөнд ширүүхэн маргаан өрнөж байв.
Удтал чилээсний эцэст буюу 19.00 цагт УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд болон амаржсан эхээс уучлал хүсч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөхөө мэдэгдсэн юм. Ийнхүү жагсагчдын зорилго биелэв. Гэвч жагсаал тарсангүй. Харин ч бүр сэдэв нь өргөжиж, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Засгийн газрыг огцруулах гэхчлэн цөс нь хөөрсөн залуус орилолдоно.
Жагсаалын зорилго биелсэнийг мэдэгдсэн ч цөс нь хөөрсөн залуус огтхон ч тоосонгүй. Яг ийм дүр төрх 13 жилийн өмнө болж байв.
УИХ-ын сонгуулийн дараа саналын дүнг эсэргүүцсэн хэдэн нөхөр “Иргэд ядуу байгаа нь МАН-ын буруу. Шударга бус сонгууль боллоо” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын гадаа жагссан. Жагсаал өргөжиж, иргэдийн бухимдал хүч нэмэрлэж, жагсагчид төв талбайг зорьсон. Телевиз, радиогоор үзсэн залуус “түрлэг” нэмж, дундуур нь улс төрийн намууд цөс хөөргөх ажиллагааг гардан гүйцэтгэв. Жагсаалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд олон улстөрч гол дүрд тоглосон ч эцсийн мөчид хэн нь ч “хэрэг”-ийн газар байгаагүй бөгөөд хариуцлага хүлээгээгүй.
Харин цөс нь хөөрсөн, хөлчүүрхсэн залуусаар улс төрийн бамбай хийж, жагсаал үймээн болж 5 залуу амиа алдсан. Олон ч хүн эрүүл мэндээрээ хохирч, насанд хүрээгүй хөвгүүд олноороо саатуулагдсан аймшигт өдөр. Энэ хэргээс улбаатай нийт ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих ял, 8.9 хувьд нь баривчлах ял, 0.8 хувьд нь торгох ял, 8 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс "7 дугаар сарын 1-ний хэрэг"-т холбогдсон хүмүүст нилээн хатуу ял оноох зарчим баримталсан гэж дүгнэх нь бий. Гол нь ял шийтгүүлсэн иргэдийн хувьд ямар нэгэн улс төрийн намын харьяалалгүй тухайн өдөр үйл явдлыг телезороор хараад очсон. Жаахан хөлчүүрхсэн үедээ цөс нь хөөрч галдан шатаах ажиллагаанд оролцсон гэх байдлаар ял шийтгүүлсэн байна.
Ийнхүү иргэд ашиг хонжоо хайсан улстөрчдийн утсан хүүхэлдэй болж амь нас, эрүүл мэнд, амьдралаараа хохирсон гашуун түүх бий. Өчигдрийн үйл явдал ч ялгаагүй. Иргэдийн цугларалт дээр улай үзсэн хэрээ шиг улстөрчид уухайлан гүйж гарч ирж байх жишээтэй.
Хилийн чанадад хүний амь эрсдэж, хөхөө өвлийн хүйтэнд амаржсан эхийг авч гарч байгаа үйл явдлыг харсан АН үд болтол ам ангайгаагүй. Тийн атлаа тайван цуглааны үеэр талбай дээр гарч ирсэн нь танил дүр зураг байлаа.
Тайван цуглааныг тэр даруй тоноглож, иргэдийн тэмцлийн зорилго чиглэлийг ашиглан өөрсдийн ашиг хонжоогоо хайх нь ч өнөөх арга дадал. Оюутан, залуусын цөсийг хөөргөж, урдаа барихдаа гаршсан өнөөх өнгө төрх нь ч өөрчлөгдсөнгүй. Цуглааныг эхлүүлсэн залуус зорилгодоо хүрсэнийг хэлж, тарахыг шаардсан ч цөс нь хөөрсөн залуус хөдлөөгүй.
Өвлийн хүйтэн байсан тулдаа шөнө дунд жагсагчид тарж бутрав. Хэрэв тэр үеийнх шиг дулаан цаг байсан бол дахин гашуун түүх бичигдэж мэдэхээр өнгө төрх ажиглагдав.
Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төрийн ашиг хонжоо хайсан элээ энд тэндгүй эргэлдэнэ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих